Anu.mn
Түүний шинэ бүтээл олон сая хүний ​​амийг авардаг ч, энэ хүний ​​нэрийг хэн ч мэддэггүй

Түүний шинэ бүтээл олон сая хүний ​​амийг авардаг ч, энэ хүний ​​нэрийг хэн ч мэддэггүй

Mon May 29 2023
Түүний шинэ бүтээл олон сая хүний ​​амийг авардаг ч, энэ хүний ​​нэрийг хэн ч мэддэггүй

1934 оны 10-р сарын 19-нд, “Мисс Гобарт” зорчигч тээврийн онгоц далайд осолдож, Тасманиа болон эх газрын Австралийн хооронд орших Бассын хоолойд найман эрэгтэй, гурван эмэгтэй, нэг хүү живж амиа алджээ. Онгоцны хэлтэрхий нь хэзээ ч олдоогүй бөгөөд шалтгааныг нь олох ямар ч боломж тэр үед байгаагүй юм. Харин өөрөө ч мэдэлгүй, бусдад ч танигдалгүй нислэгийн ирээдүйг өөрчилж чадсан нэгэн хүний тухай BBC нийтэлжээ.

Онгоцонд явсан зорчигчдын нэг нь Сидней хотын Энфилд дэх шинэ сүм рүүгээ нисч явсан 33 настай Англиканы номлогч, лам Губер Уоррен байсан бөгөөд түүний, найман настай хүү Дэвиддээ өгсөн сүүлчийн бэлэг нь детектор радио байсан нь хүүгийн хувьд жинхэнэ эрдэнэ нь болж, хувь тавиланг нь шийдсэн гэдэг.

Дэвид, ер бусын авъяаслаг, уран илтгэх чадвартай,маш дур булаам сайхан залуу болон өсчээ. Түүнийг гүн шүтлэгтэй гэр бүл нь, евангелист номлогч болгохыг хүсч байв. Гэвч, аавынх нь сүүлчийн бэлэг хүүг шинжлэх ухаанд дурлуулж, энэ нь олон хүний ​​амийг аврах бүтээл болсон юм. Дэвид Уоррен 30 нас хүрээгүй байхдаа Сиднейн их сургуулийг төгсөж, Мельбурны их сургуулийн багшийн диплом, Лондонгийн Эзэн хааны коллежид химийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Түүний мэргэжил нь пуужингийн шинжлэх ухаан бөгөөд Австралийн Батлан ​​хамгаалах яамны нисэх онгоцны чиглэлээр мэргэшсэн салбар болох Нисэхийн судалгааны лабораторид (ADL) судлаачаар ажиллажээ.

1953 онд тэрээр, дэлхийн анхны арилжааны нисэх онгоц, шинэ тийрэлтэт онгоцны эриний агуу итгэл найдвар болсон Британийн de Havilland Comet онгоцны сүйрсэн нууцыг тайлах шинжээчдийн багийн гишүүн болсон. Тэдэнд, онгоцны хэлтэрхий, хог хаягдал, цогцоснуудаас өөр нотлох баримт байсангүй. Доктор Уоррен 50 гаруй жилийн дараа,- "Бид багийнхны бэлтгэл, нисгэгчийн алдаа, онгоцны сүүл хугарсан байж болох гэх мэт бусад олон зүйлсийн талаар ярилцахаас хэтрээгүй. Харин би өмнөх долоо хоногт Сиднейд болсон дайны дараах анхны үзэсгэлэн дээр үзсэн, Германы, дэлхийн хамгийн анхны халаасны бичигч, минифон гэдэг төхөөрөмжийн талаар бодож,хэрэв онгоц болгоны бүхээгт дэлбэрэлтийг тэсвэрлэх хангалттай бат бөх мини дуу хураагуур байсан бол сүйрлийн шалтгаан тодорхой байх байсан гэсэн бодол толгойд минь эргэлдэж байсан" гэж дурссан байдаг.

Хэсэг хугацааны дараа доктор Уоррен өөрийн санаагаа "Агаарын ослыг судлахад туслах төхөөрөмж" гэж нэрлэн нисэхийн салбарт илгээсэн бөгөөд харин нисгэгчдийн холбоо, -“Ийм бичигч нь хяналтын төхөөрөмж гэсэн үг. Үүнийг сонсвол Австралид ямар ч онгоц хөөрөхгүй","шууд ач холбогдолгүй", “шүүмжлэл дагуулна гэж эмээж байна” гэсэн татгалзсан хариу өгчээ.

Доктор Уоррен ялагдлаа хүлээн зөвшөөрөхөд бараг бэлэн байсан ч, тэрээр зөрүүд төдийгүй бас нонконформист,юунаас ч айдаггүй, сүргийг хүлээж, сүргийг дагана гэх ойлголтгүй байсан. Тиймдээ ч тэрээр, шүүмжлэгчдийн тохуурхал, үл итгэх байдлыг даван туулах цорын ганц арга бол итгэл үнэмшилтэй загвар бүтээх явдал гэж шийдсэнээр анхны "хар хайрцаг" буюу нислэгийн бичигч бүтээгджээ.

Хар хайрцаг

Уоррен, анх Royal Aviation Estabment болон зарим арилжааны багаж үйлдвэрлэгчдэд "ARL нислэгийн санах ой" төхөөрөмжөө бэлэглэж, Британийн Иргэний нисэхийн газар уг төхөөрөмжийг иргэний агаарын хөлгүүдэд заавал байршуулах ажлыг эхлүүлсэн. Middlesex-ийн S Davall and Sons фирм уг төхөөрөмжийг үйлдвэрлэх эрхийг авав.

Хэдийгээр уг төхөөрөмжийг хар хайрцаг гэж нэрлэх болсон ч,ослын дараа олж авахад хялбар болгох үүднээс анх улбар шар өнгөтэй хийсэн бөгөөд өнөөг хүртэл хэвээрээ байгаа юм. Анх 1958 онд Агаарын цэргийн хүчинд өгсөн ярилцлагын үед хар хайрцаг гэх нэршил гарч ирсэн гэж үздэг. 1960 онд Квинсландад болсон учир битүүлэг онгоцны ослын улмаас 29 хүн амь үрэгдсэний дараа Австрали улс хар хайрцгийг онгоцонд заавал байлгах болсон анхны улс болжээ. Уг шийдвэр нь шүүхийн мөрдөн байцаалтын үр дүн бөгөөд хуульчлагдах хүртэл нь дахин гурван жил зарцуулагдсан юм.

Өнөөдөр хар хайрцагнууд нь галд тэсвэртэй, давстай усанд тэсвэртэй, ган хайрцагтай, арилжааны нислэг бүрт заавал байх ёстой төхөөрөмж болсон. Онгоцны сүйрлийн үеийн мэдээлэл нь, хэчнээн олон алдаа дутагдлыг илрүүлж, арилгах боломж олгосныг тоолж баршгүй, мөн хичнээн олон хүн болзошгүй ослоос аврагдсаныг тооцох аргагүй билээ.

Дэвид Уоррен 1983 онд тэтгэвэрт гарах хүртлээ ADL-д ажиллаж, ахлах эрдэмтэн болсон. Тэрээр 2010 оны долдугаар сарын 19-нд 85 насандаа таалал төгссөн юм. 50 гаруй жилийн турш түүний хар хайрцгийг үл тоомсорлосон. Эцэст нь 1999 онд тэрээр Австралийн Эрчим хүчний хүрээлэнгийн медалиар шагнагдаж, улмаар 2002 онд нисэхийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Австралийн одонгоор шагнажээ.Дэвид Уоррен ямартай ч, 2008 онд Qantas компани, Airbus A380 онгоцоо түүний нэрээр нэрлэхийг амьд ахуйдаа харсан юм. Мөн доктор Уоррен, хар хайрцаг төхөөрөмжөөс нэг ч төгрөгний ашиг олж байгаагүй. Тэрээр, хошин шогийн мэдрэмжтэй, үргэлж "Би аз жаргалтай новш" гэдэг байсан бөгөөд энэ үг нь булшин дээр нь сийлээстэй байдаг байна.

Сүүлд нэмэгдсэн