АНУ-ын виз авахын тулд одоо өргөдөл гаргагчид, эх орондоо хавчлагад өртөхөөс айх шальгаангүй гэдгээ мэдэгдэх ёстой

АНУ-ын виз мэдүүлэгчид одоо, өөрсдийн эх орондоо хавчлагад өртөхөөс айх шалтгаангүй гэдгээ батлах шаардлагатай болжээ. Дональд Трампын засаг захиргаа, орогнол хүсэгч байж болзошгүй хүмүүсийн АНУ-д нэвтрэх боломжийг илүүтэй хязгаарлахыг зорьж байгаа талаар CNN мэдээлэв.
Энэ долоо хоногт бүх элчин сайдын яам, консулын газруудад илгээсэн дипломат цахилгаанд тусгагдсан шинэ журам нь, цагаачлалын бодлогыг өргөн хүрээнд шинэчлэн өөрчилж буйтай холбоотойгоор гарчээ.
Засаг захиргаа өмнө нь, оюутны виз мэдүүлэгчдийн шалгалтыг чангатгасан бөгөөд аюулгүй байдлын шинэ шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгах зорилгоор цагаачлалын хүсэлтүүдийн шийдвэрийг түр хугацаанд зогсоосон байна.
Энэхүү журам нь, цагаачлалын бус виз (жуулчны, оюутны, түр ажилтны виз гэх мэт) мэдүүлэгчдэд хамаарна. Нэгдүгээр сард АНУ 75 улсын иргэдэд цагаачлалын виз олголтыг түр зогсоосон юм.
“Консулын ажилтнууд аяллын зорилгоо буруу мэдүүлж, ялангуяа АНУ-д ирснийхээ дараа орогнол хүсэх зорилгоор виз ашиглахыг оролдож буй хүмүүсийн зүгээс цагаачлалын системийг урвуулан ашиглахаас сэргийлэх үүрэгтэй” гэж цахилгаанд дурджээ.
АНУ-ын Төрийн департаментын зааврын дагуу консулын ажилтнууд, цагаачлалын бус виз мэдүүлэгчдээс дараах, “Та өөрийн иргэншлийн улс эсвэл сүүлийн байнгын оршин суусан орондоо хүчирхийлэл, дарамтад өртөж байсан уу?” “Та өөрийн иргэншлийн улс эсвэл байнгын оршин суусан орондоо буцаж очвол хохирол амсах, хүчирхийлэлд өртөхөөс айж байна уу?” гэсэн хоёр асуултыг асуух ёстой болсон бөгөөд “Визний үйл явцыг үргэлжлүүлэхийн тулд, эдгээр хоёр асуултад амаар ‘үгүй’ гэж хариулах ёстой” гэж цахилгаанд онцолжээ.
Төрийн департаментын төлөөлөгчийн хэлснээр, “консулын ажилтнууд бол АНУ-ын үндэсний аюулгүй байдлын эхний хамгаалалтын шугам” бөгөөд тус байгууллага, “өргөдөл гаргагч бүр АНУ-ын хуульд нийцэж байгаа эсэхийг тогтоохын тулд боломжит бүх хэрэгсэл, нөөцийг ашигладаг”. Орогнол хүсэхийн тулд тухайн хүн АНУ-ын нутаг дэвсгэрт биечлэн байх ёстой бөгөөд улс төр, арьс өнгө, шашны хавчлагаас болж эх орноо орхисон байх шаардлагатай гэжээ.
Цагаачлалын бодлогын зөвлөх Камилла Маклер CNN-д өгсөн ярилцлагадаа, шинэ журам нь “хүмүүсийг маш хүнд нөхцөлд оруулж, өөрсдийн болон гэр бүлийнхнийхээ аюулгүй байдалд шууд нөлөөлөх шийдвэр гаргахад хүргэнэ.Энэ нь хүмүүсийг илүү аюултай зам, гарцыг хайхад түлхэж магадгүй. Тэд шаардлагатай бүхнийг хийх болно” гэсэн байна.








