Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

7/20/2026
Anu.mn
Яагаад Америк тивийг Колумбын нэрээр бус "Америк" гэж нэрлэсэн бэ?

Яагаад Америк тивийг Колумбын нэрээр бус "Америк" гэж нэрлэсэн бэ?

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Sun Jul 19 2026
Яагаад Америк тивийг Колумбын нэрээр бус "Америк" гэж нэрлэсэн бэ?

Испанийн хааны албанд зүтгэж байсан Генуя хотын далайчин Христофор Колумбын нэрээр бүхэл бүтэн улс болох Колумби нэрлэгдсэн байдаг. Мөн АНУ-д түүний нэрээр нэрлэгдсэн Колумбийн тойрог (District of Columbia) байдаг. Гэхдээ яагаад Колумбын нээсэн гэж үздэг тивийг түүний нэрээр нэрлээгүй юм бол?

Колумб үнэхээр Америкийг нээсэн үү?

1492 онд Христофор Колумб, Атлантын далайг гатлан шинэ газар хүрэхдээ өөрийгөө Энэтхэгт ирсэн гэж итгэж байжээ.

Гэвч зарим түүхчид, Колумбаас хэдэн зуун жилийн өмнө викингүүд Хойд Америкийн эрэгт хүрсэн байж болзошгүй гэж үздэг. Тэд XI зуунд өнөөгийн Канад болон Хойд Америкийн зарим хэсэгт хүрсэн гэх археологийн нотолгоо байдаг.

Америго Веспуччийн нэр хэрхэн мөнхөрсөн бэ?

Түүхчдийн хамгийн өргөн хүлээн зөвшөөрдөг тайлбараар, тивийн нэр Италийн Флоренц хотын судлаач Америго Веспуччигаас үүсэлтэй.

1507 оноос эхлэн Европын газрын зураг бүтээгчид шинээр нээгдсэн газар нутгийг "Америк" гэж тэмдэглэж эхэлжээ. Энэ үед Колумб аль хэдийн нас барсан байсан юм.

Веспуччи аяллын тэмдэглэл, судалгаануудаа Европ даяар түгээж, шинэ газар нутгийн талаар өргөн мэдээлэл өгсөн нь, түүнийг тухайн үеийн хамгийн танигдсан судлаачдын нэг болгожээ.

Хамгийн чухал нь тэрээр эдгээр газар нь Энэтхэгийн нэг хэсэг биш, харин цоо шинэ тив гэдгийг анхлан дэвшүүлсэн хүмүүсийн нэг байсан бөгөөд судалгаагаа голчлон Өмнөд Америкт төвлөрүүлж байжээ.

"Америк" гэх нэр хэрхэн бий болсон бэ?

Америго гэдэг нэрийг латин хэлээр Americus гэж бичдэг байв.

Германы нэрт газрын зураг бүтээгч Мартин Вальдземюллер Веспуччийн тэмдэглэлд тулгуурлан 1507 онд гаргасан дэлхийн газрын зураг дээр, шинэ тивийг анх удаа "America" хэмээн нэрлэжээ.

Тэрээр энэ нэрийг өөрийн "Cosmographiae Introductio" ("Космографийн удиртгал") бүтээлдээ ашигласан бөгөөд уг ном XVI зууны дунд үе хүртэл олон удаа хэвлэгдсэн байдаг.

Үүний дараа бусад алдартай газрын зураг бүтээгчид, тухайлбал Иоханн Шёнер (1511) болон Герард Меркатор (1538) мөн "Америк" гэсэн нэрийг ашиглаж эхэлснээр энэ нэр дэлхий даяар түгэн дэлгэрчээ.

Өөр нэг сонирхолтой онолоор бол, тивийн нэр Английн чинээлэг худалдаачин Ричард Америке-ээс гаралтай байж магадгүй гэж үздэг.

Тэрээр XV зууны төгсгөлд далайчин Жон Каботын Хойд Америкт хийсэн экспедицийг санхүүжүүлж байжээ.

Кабот Ньюфаундлендын эрэгт хүрсэн боловч аяллын газрын зураг зэрэг олон баримт өнөөдөр хадгалагдаагүй үлдсэн байна.

Зарим судлаач Ричард Америке өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн шинэ газар нутгийг өөрийн нэрээр нэрлэхийг хүссэн байж болох тухай таамаг дэвшүүлдэг. Гэхдээ энэ онолыг батлах хангалттай түүхэн баримт одоогоор байхгүй байгаа юм.

Түүхийн хамгийн сонирхолтой давхцал:

Колумб, Америго Веспуччи, Ричард Америке, Жон Кабот зэрэг хүмүүс бүгд нэг цаг үед амьдарч байсан.

Зарим таамгаар Веспуччи "Америго" гэх нэрээ эсвэл хочоо Ричард Америкетэй холбоотойгоор авсан байж магадгүй гэж үздэг ч, энэ нь батлагдсан баримт биш юм.

Түүхийн үүднээс авч үзвэл, тивийг хэрхэн нэрлэсэн нь гол биш, Их газарзүйн нээлтүүдийн бодит үр дагавар нь илүү чухал юм.

Европын далайн экспедицүүд дэлхий дахины газарзүйн мэдлэгийг тэлсэн ч, нөгөө талаар:

  • Колоничлолын дайн
  • Боолын худалдаа
  • Америкийн уугуул иргэдийн нутаг дэвсгэр алдагдах,
  • Олон ард түмэн устаж үгүй болох зэрэг хүнд үр дагавруудыг авчирсан билээ.

Иймээс Америк нээгдсэн түүх нь, зөвхөн агуу нээлтийн тухай биш, мөн дэлхийн түүхийг бүхэлд нь өөрчилсөн эерэг болон сөрөг үр дагаврын тухай түүх юм.

Сүүлд нэмэгдсэн