Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

7/16/2026
Anu.mn
АНУ-ын Тусгаар тогтнолын өдөртэй холбоотой сонирхолтой баримтууд

АНУ-ын Тусгаар тогтнолын өдөртэй холбоотой сонирхолтой баримтууд

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Thu Jul 16 2026
АНУ-ын Тусгаар тогтнолын өдөртэй холбоотой сонирхолтой баримтууд

АНУ, Их Британиас салж тусгаар тогтнолоо зарласны 250 жилийн ойн түүхэн өдрийг 2026 оны 07 сарын 04-нд улс орон даяар жагсаал, баярын парад, гэр бүлийн зугаалга, шарсан махны үдэшлэг, салют буудуулж тэмдэглэсэн юм.

Америкийн үндэсний үнэт зүйл, тусгаар тогтнолын бэлгэдэл энэхүү өдрийн талаар зарим баримтуудаас хүргэе.

Долдугаар сарын 4 бол АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр бөгөөд холбооны улсын албан ёсны баяр юм.

Энэ өдөр АНУ, Их Британиас салж тусгаар тогтнолоо зарласныг тэмдэглэдэг. Ихэнх америкчууд энэ баярыг энгийнээр "July Fourth" буюу "Долдугаар сарын 4" гэж нэрлэдэг.

1776 оны 7-р сарын 2-нд Тивийн Конгресс, тусгаар тогтнолын тухай шийдвэрийг баталжээ.

Харин Тусгаар тогтнолын тунхаглал 1776 оны 7-р сарын 4-нд батлагдсан бөгөөд энэ өдрийг АНУ-ын төрсөн өдөр гэж үздэг. Тухайн үед Америкийн 13 колонид ойролцоогоор 2.5 сая хүн амьдарч байжээ.

Тунхаглалд, Их Британийн хаан III Жорж дараах үндэслэлүүдийг дурдсан байдаг.

  • Британи их хэмжээний цэрэг колониудад байршуулсан;
  • Колониудын гадаад худалдааг хязгаарласан;
  • Оршин суугчдын зөвшөөрөлгүйгээр татвар ногдуулсан;
  • Орон нутгийн хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг зогсоосон.

Америкчуудын хамгийн том гомдол нь, татварт хамрагддаг атлаа төлөөлөлгүй байсан болон өөрсдийн асуудлаа өөрсдөө шийдэх эрхгүй байсанд оршиж байв. Энэ нь эцэстээ Английн эсрэг Тусгаар тогтнолын дайныг эхлүүлэх шалтгаан болсон юм.

Тунхаглалд:

"Тэд биднийг хамгаалахаас татгалзаж, бидний эсрэг дайн эхлүүлсэн. Тэд далайд биднийг дээрэмдэж, эрэг нутгийг маань сүйтгэн, хотуудыг маань шатааж, хүмүүсийн маань амийг хороосон." хэмээн дурдсан байдаг.

Өнөөдрийн АНУ, Их Британийн хувьд, өнгөрсөн түүх нь зөрчилтэй байсан ч, өнөөдөр АНУ, Их Британи хамгийн ойрын холбоотон, стратегийн түншүүдийн нэг болсон. Хоёр улс, улс төр, батлан хамгаалах болон эдийн засгийн олон салбарт нягт хамтран ажилладаг.

Сонирхолтой түүхэн давхцал

АНУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч Жон Адамс болон гурав дахь Ерөнхийлөгч Томас Жефферсон хоёулаа, 1826 оны 7-р сарын 4-нд, өөрөөр хэлбэл Тусгаар тогтнолын тунхаглалын 50 жилийн ойгоор нэг өдөр нас барсан нь, Америкийн түүхэн дэх хамгийн сонирхолтой давхцлуудын нэг гэж үздэг.

Тусгаар тогтнолын эхний 10-20 жилийн хугацаанд, энэ баярыг төдийлөн өргөн тэмдэглэдэггүй байжээ. Учир нь шинээр байгуулагдсан улс орон дотоод асуудлаа шийдвэрлэхэд төвлөрч байсан юм.

Харин өнөөдөр энэ өдөр, АНУ-ын хамгийн том үндэсний баяруудын нэг болсон бөгөөд хүмүүс, гэр бүл, найз нөхөдтэйгээ цуглан барбекю хийж, цэцэрлэгт хүрээлэнд пикник зохион байгуулан, хот, суурин газруудад парад болж, бейсболын тэмцээн үзэж, тоглон, хот-дог хамгийн хурдан идэх тэмцээнд оролцож, орой нь сүрлэг салют буудлага болдог байна.

Мөн нийслэл Вашингтон хот энэ үеэр жуулчдаар дүүрдэг бөгөөд АНУ-ын Үндэсний архивт хадгалагддаг эх хувь Тусгаар тогтнолын тунхаглал-ыг үзэхээр олноор зорин ирдэг юм.

Сүүлд нэмэгдсэн