Medicare, жин хасах эмийг даатгалд хамруулж эхэллээ

2026 оны 7-р сарын 1-нээс эхлэн, АНУ-ын Medicare даатгалд хамрагдагсад Foundayo, Zepbound, Wegovy зэрэг GLP-1 төрлийн жин хасах эмүүдийг эмчийн жороор сард 50 ам.доллараар авах боломжтой боллоо.
Энэхүү туршилтын хөтөлбөр 2027 оны 12-р сарын 31 хүртэл хэрэгжих бөгөөд өмнө нь зөвхөн таргалалт эмчлэх зорилгоор хэрэглэдэг эдгээр эмийг Medicare хөнгөлөлтөд оруулдаггүй байсан юм.
Хөтөлбөрт хамрагдахын тулд:
- Эмчийн урьдчилсан зөвшөөрөл авах,
- Биеийн жингийн индекс (BMI) болон эрүүл мэндийн тодорхой шалгуурыг хангах шаардлагатай.
Шалгуур нь нэлээд хатуу бөгөөд:
- BMI 35 ба түүнээс дээш, эсвэл
- BMI 30–35 бол зүрх, даралт эсвэл бөөрний архаг өвчтэй,
- BMI 27–30 бол чихрийн шижингийн өмнөх үе, зүрхний шигдээс, тархины харвалт зэрэг эрсдэлтэй байх ёстой.
Мөн 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүс энэ хөтөлбөрт хамрагдахгүй. Учир нь тэдний GLP-1 эмийг Medicare өмнөх журмын дагуу эртнээс хөнгөлдөг байна.
Шинжээчдийн тооцоогоор, 3.8 сая орчим Medicare-ийн даатгуулагч энэхүү шинэ хөтөлбөрт хамрагдах боломжтой аж. Төр, үйлдвэрлэгчидтэй тохиролцож сарын эмчилгээний үнийг 250 доллар болгон бууруулсан бөгөөд өвчтөн зөвхөн 50 долларын нэмэлт төлбөр төлөх юм.








