Хүүхдүүдээ сургуульд бэлтгэх зардлаа хэмнэх, хичээлийн хэрэгслийн татваргүй худалдаа аль мужуудад явагддаг вэ?

Шинэ хичээлийн жил эхлэхийн өмнө хүүхдийн хувцас, гутал, үүргэвч, хичээлийн хэрэгсэл, компьютер зэрэгт хэдэн зуун доллар зарцуулах нь түгээмэл. Үүнийг хөнгөвчлөх зорилгоор АНУ-ын зарим муж, жил бүр борлуулалтын татвараас чөлөөлөх өдрүүд (sales tax holiday) зохион байгуулдаг бөгөөд энэ үеэр сургуулийн хэрэгслийг татваргүй худалдан авах боломжтой болдог.
2026 онд ийм хөтөлбөр Алабама, Арканзас, Коннектикут, Флорида, Иллинойс, Айова, Мэрилэнд, Массачусетс, Миссисипи, Миссури, Нью-Мексико, Охайо, Оклахома, Өмнөд Каролина, Теннесси, Техас, Виржиниа, Баруун Виржиниа зэрэг 18 мужид хэрэгжинэ. Зарим мужид татварын хөнгөлөлт зөвхөн 2–3 хоног үргэлжлэх бол, Флоридад долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20 хүртэл бүтэн сарын турш үйлчилнэ.
Татварын хөнгөлөлтөд ихэвчлэн хувцас, гутал, үүргэвч, хичээлийн болон урлагийн хэрэгсэл, сурах бичиг, тооны машин, компьютер, таблет, компьютерийн дагалдах хэрэгсэл зэрэг бараа багтдаг. Гэхдээ муж бүр, барааны төрөл болон үнийн дээд хязгаарыг өөр өөрөөр тогтоодог тул худалдан авалт хийхээсээ өмнө тухайн мужийн албан ёсны татварын байгууллагын мэдээллийг шалгахыг зөвлөж байна.
Мөн Пенсильвани, Нью-Жерси, Миннесота, Вермонт зэрэг мужид хувцас, гутал зэрэг зарим бараа жилийн турш борлуулалтын татвараас чөлөөлөгддөг. Харин Аляска, Делавэр, Монтана, Нью-Хэмпшир, Орегон мужид мужийн борлуулалтын татвар байдаггүй учраас тусгай "татваргүй өдрүүд" зохион байгуулдаггүй байна.
Мөн олон мужид онлайнаар хийсэн худалдан авалт ч, энэхүү хөнгөлөлтөд хамрагддаг хэдий ч, захиалгаа заасан хугацаанд багтаан хийх шаардлагатай байдаг. Мэргэжилтнүүд зөвхөн хэрэгтэй зүйлсийн жагсаалтаа урьдчилан гаргаж, хөнгөлөлтийн өдрүүдэд худалдан авалт хийх нь гэр бүлийн төсөвт мэдэгдэхүйц хэмнэлт авчирна гэж зөвлөжээ.








