Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

5/1/2026
Anu.mn
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп-ын 1 сая долларын “алтан карт” одоогоор, ганц хүнд л олго ...

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп-ын 1 сая долларын “алтан карт” одоогоор, ганц хүнд л олгогджээ

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Fri May 01 2026
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп-ын 1 сая долларын “алтан карт” одоогоор, ганц хүнд л олгогджээ

Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан “алтан карт” нь, гадаадын иргэд 1 сая доллар төлөөд, АНУ-д хууль ёсоор амьдарч, ажиллах боломж олгодог виз юм. Одоогоор энэ визийг зөвхөн нэг хүнд олгосон гэж АНУ-ын Худалдааны яам (DOC)-ны тэргүүн Говард Латник дөрөвдүгээр сарын 23-нд мэдэгдсэн байна. Гэхдээ энэ нь түүний өмнөх мэдэгдлүүдтэй зөрж байгааг Associated Press онцолжээ.

Хөтөлбөрийг арванхоёрдугаар сард эхлүүлэх үед Латник, “Хэдхэн хоногийн дотор 1.3 тэрбум долларын алтан карт зарсан” гэж мэдэгдэж байсан. Тэр үед Трамп хажууд нь зогсож, алтлаг өнгөтэй визний баримтыг барин “Энэ бол үндсэндээ илүү сайжруулсан грин-карт” гэж хэлж байсан юм.

Харин 4-р сарын 23-нд болсон Конгрессын хорооны сонсгол дээр DOC-ын тэргүүнээс энэ зөрүүтэй мэдээллийн талаар асуухад тодорхой тайлбар өгөөгүй байна.

Трамп энэ санаагаа өнгөрсөн жилээс эхлүүлсэн бөгөөд анх 5 сая долларын үнэтэй байхаар төлөвлөж байжээ. Түүний хэлснээр уг хөтөлбөр нь, чадварлаг гадаад мэргэжилтнүүдийг татаж, холбооны төсөвт орлого нэмэх зорилготой. Энэ нь олон арван жил хэрэгжсэн EB-5 хөтөлбөрийг орлох ёстой бөгөөд уг хөтөлбөрөөр ойролцоогоор 1 сая долларыг дор хаяж 10 ажилтантай компанид хөрөнгө оруулсан инвесторт АНУ-ын виз олгодог байсан ажээ.

Одоогоор зөвхөн нэг хүн зөвшөөрөл авсан ч, “Зуу зуун хүсэлт гаргагч дараалалд байгаа бөгөөд тэдний өргөдлийг одоо шалгаж байна” гэж Латник сонсголын үеэр мэдэгдэж, хөтөлбөрийн явцад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Жилийн өмнө Засгийн газрын хуралдаан дээр тэрээр, “Алтан карт” 1 их наяд долларын орлого оруулж, “төсвийг тэнцвэржүүлэхэд” тусална гэж мэдэгдэж байсан юм. Гэвч АНУ-ын улсын өр 31.3 их наяд долларт хүрсэн бөгөөд энэ санхүүгийн жилийн төсвийн алдагдал 2 их наяд доллар байх төлөвтэй байна.

Худалдааны яамны дарга, өргөдөл гаргагч бүр үндсэн 1 сая доллароос гадна 15,000 долларын хураамж төлдөг бөгөөд энэ нь нэр дэвшигчдийг нарийвчлан шалгах боломж олгодог. Уг хөтөлбөр нь цаашдаа АНУ-ын иргэншил авах боломж нээж өгнө. Мөн компаниуд гадаад ажилтандаа зориулж 2 сая доллар төлж, жил бүр 1%-ийн хураамж төлөх боломжтой байдаг гэж тайлбарлажээ.

Хөтөлбөрийн албан ёсны вэбсайт “Америкад амьдралаа нээ” гэсэн уриатай бөгөөд Трампын хөрөг, гарын үсэг, цагаан толгойт бүргэд, Эрх чөлөөний хөшөө бүхий “алтан карт”-ын дүрсийг харуулсан байдаг. Мөн 5 сая долларын үнэтэй “платинум карт”-ын тухай дурдагддаг. Энэ нь АНУ-д 270 хүртэл хоног байх, гадаадад олсон орлогод татвар төлөхгүй байх боломж олгодог аж.

Хэдийгээр Трамп улс төрийн бодлогынхоо ихэнхийг хууль бус цагаачдыг албадан гаргахад чиглүүлсэн ч, тэрээр чадварлаг гадаад мэргэжилтнүүдийг татахыг дэмжиж ирсэн бөгөөд “алтан карт” хөтөлбөр үүнд хувь нэмэр оруулж магадгүй гэж үздэг. Орлогыг хэрхэн ашиглах талаар асуухад Латник: “Үүнийг засаг захиргаа шийднэ. Гэхдээ энэ нь АНУ-ын ашиг тусын төлөө зарцуулагдна” гэж хариулжээ.

Ийм төрлийн бодлого бусад олон улсад ч байдаг. Баян чинээлэг гадаадын иргэдэд зориулсан “алтан виз”-ийн төрөл бүрийн хувилбарыг Их Британи, Испани, Грек, Мальта, Австрали, Канад, Итали зэрэг орнууд санал болгодог байна.

Сүүлд нэмэгдсэн