Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

5/7/2026
Anu.mn
Трампын захиргаа, холбооны оюутны зээлийн хязгаарлалтыг шинэчлэн баталлаа

Трампын захиргаа, холбооны оюутны зээлийн хязгаарлалтыг шинэчлэн баталлаа

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Wed May 06 2026
Трампын захиргаа, холбооны оюутны зээлийн хязгаарлалтыг шинэчлэн баталлаа

Боловсролын яам 4-р сарын 30-нд, Ерөнхийлөгч Дональд Трампын 7-р сард гарын үсэг зурсан “Хуулийн төсөл”-д тусгагдсан оюутны зээлийн тогтолцооны шинэчлэлийг албан ёсоор баталлаа. Шинэ хязгаарлалтын талаар CNBC мэдээлжээ.

Энэ журам нь, магистр болон мэргэжлийн зэрэг олгох хөтөлбөрүүдэд оюутны зээлийн шинэ хязгаар тогтоож байгаа бөгөөд 2026 оны 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Магистрын оюутнууд жилд, дээд тал нь 20,500 ам.доллар, нийтдээ 100,000 ам.доллар хүртэл зээл авч болно. Харин анагаах ухаан, хууль зэрэг зарим мэргэжлийн хөтөлбөрийн оюутнууд жилд 50,000 ам.доллар, нийтдээ 200,000 ам.доллар хүртэл зээл авах боломжтой. Өмнө нь магистр болон мэргэжлийн хөтөлбөрүүдийн зээлийн жилийн дээд хэмжээ 20,500 доллар, нийт дээд хэмжээ 138,500 доллар байсан.

Мөн энэ журам нь, оюутнуудад сургалтын нийт зардлыг бүрэн хэмжээгээр зээлэх боломж олгодог байсан graduate PLUS зээлийн хөтөлбөрийг цуцалж байна.

“Энэхүү журам нь, оюутнуудыг хэт их өрөнд оруулахгүйгээр дээд боловсрол эзэмших боломжийг хадгалах, илүү тохиромжтой эргэн төлөлтийн сонголтуудыг санал болгох, боловсролын байгууллагуудыг зардлаа бууруулахад хүргэнэ” гэж Боловсролын яамны дэд дарга Николас Кент мэдэгдсэн байна.

Энэ өөрчлөлт нь голчлон ирээдүйн магистрын оюутнууд, мөн анагаах, хууль, шүдний эмчилгээ, мал эмнэлэг зэрэг мэргэжлийн хөтөлбөрт суралцах оюутнуудад хамаарах бөгөөд дараах 11 мэргэжлийн чиглэлд онцгой зохицуулалт хийсэн байна:

Эм зүй (Pharm. D.)

Шүдний эмчилгээ (D.D.S. эсвэл D.M.S.)

Мал эмнэлэг (D.V.M.)

Хиропрактик (D.C. эсвэл D.C.M.)

Эрх зүй (L.L.B. эсвэл J.D.)

Анагаах ухаан (M.D.)

Нүд судлал / оптометр (O.D.)

Остеопатик анагаах ухаан (D.O.)

Хөл судлал / подиатр (D.P.M., D.P. эсвэл Pod.D.)

Теологи (M.Div. эсвэл M.H.L.)

Клиник сэтгэл судлал (Psy.D. эсвэл Ph.D.)

Хууль 2025 оны 7-р сард батлагдсаны дараа энэхүү журам нь, хэлэлцүүлэг, зөвшилцлийн үе шатыг дамжсаар хэрэгжихээр болжээ.

Мөн Клиник сэтгэл судлал нь, анхны төсөлд байгаагүй ч дараа нь нэмэгдсэн байна.

Шинэ хязгаарлалт зээлдэгчдэд хэрхэн нөлөөлөх вэ

Одоогоор магистр болон мэргэжлийн хөтөлбөрт суралцаж байгаа, мөн graduate PLUS зээл авсан оюутнууд шинэ хязгаарлалтаас 3 жил хүртэл хугацаанд чөлөөлөгдөнө.

Шинэ журам нь, насан туршийн нийт зээлийн дээд хэмжээг 257,500 ам.доллараар тогтоож байгаа бөгөөд үүнд бакалаврын болон зарим graduate PLUS зээлүүд багтана. Харин тасралтгүй суралцаж байгаа, graduate PLUS авах эрхээ хадгалж буй зээлдэгчид энэ шинэ нийт хязгаарт 3 жил хүртэлх хугацаанд эсвэл диплом авах хүртлээ хамрагдахгүй.

2026 оны 7-р сарын 1-нээс хойш анх удаа зээл авах гэж буй оюутнууд, сургалтын хөтөлбөр, сургуулиа сонгохдоо эдгээр шинэ хязгаарлалтыг анхаарах хэрэгтэй. Магистрын түвшний санхүүгийн тусламж, тэтгэлэг байсаар байгаа ч, бакалаврын оюутнуудтай харьцуулахад ихэвчлэн бага хэмжээтэй байдаг гэж The College Investor-ийн үүсгэн байгуулагч, санхүүгийн шинжээч Роберт Фаррингтон хэлжээ.

Олон магистрын оюутан сургалтын төлбөрөө төлөхдөө, зээлд ихээхэн найдаж байдаг тул шинэ хязгаарлалт нь, зөвхөн холбооны зээлээр бүх зардлаа даахад хүндрэл учруулж болзошгүй байгаа юм. Орлогоос хамаарсан эргэн төлөлтийн төлөвлөгөө шинэ зээлдэгчдэд өмнөх хэлбэрээр үйлчлэхгүй ч, орлогод суурилсан шинэ төлөвлөгөө болон төрийн албанд ажиллагсдын зээлийг тэглэх (Public Service Loan Forgiveness) боломжууд нээлттэй хэвээр байгаа аж.

Гэсэн хэдий ч, холбооны зээл нь “хамгийн сайн сонголт хэвээр” байгаа гэж Фаррингтон онцолсон бөгөөд хэрэв зээлдэгч холбооны хязгаараас давж, хувийн зээл авах шаардлагатай бол, “хувийн зээл нь PSLF шиг өр тэглэх боломжгүй тул ерөнхийдөө илүү үнэтэй тусдаг” гэж Фаррингтон тайлбарласан байна.

Мөн холбооны зээлээс ялгаатай нь, хувийн зээл олгогчид зээлийн түүх эсвэл тодорхой орлогын түвшин шаарддаг бөгөөд энэ нь зарим хүмүүст зээл авахад хүндрэл учруулдаг. Түүнчлэн хувийн зээлүүд ихэвчлэн хувьсах хүүтэй байдаг бол холбооны оюутны зээлүүд тогтмол хүүтэй байдаг байна.

Сүүлд нэмэгдсэн