Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

5/14/2026
Anu.mn
Доналд Трампын засаг захиргаа, цагаачдыг хорих төвүүдтэй холбоотой хүчирхийлэл, зөрчлийн г ...

Доналд Трампын засаг захиргаа, цагаачдыг хорих төвүүдтэй холбоотой хүчирхийлэл, зөрчлийн гомдлыг хянадаг байгууллагыг хааж байна

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Thu May 14 2026
Доналд Трампын засаг захиргаа, цагаачдыг хорих төвүүдтэй холбоотой хүчирхийлэл, зөрчлийн гомдлыг хянадаг байгууллагыг хааж байна

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам, цагаачдыг хорих төвүүд дэх зөрчил, хүчирхийллийн гомдлыг шалгадаг хяналтын албыг хааж байгаа талаар HuffPost нийтэлжээ.

Албан бичигт дурдсанаар, Цагаачдыг хорих асуудал хариуцсан омбудсмены алба (OIDO) олон нийтэд зориулсан бүх хаяг, самбараа буулгаж, шалгалт хяналтаа зогсоож эхэлжээ.

Саатуулагдсан хүмүүсийн ар гэр болон өмгөөлөгчдөд хэрхэн гомдол гаргах талаар мэдээлэл өгдөг тус албаны цахим сайт 5-р сарын 4 гэхэд ажиллахаа больсон. Мөн байгууллагын чиг үүргийг тайлбарласан мэдээллийн хуудсууд ч устсан байдалтай байна.

Image

Уг албыг хааж буйгаа холбооны төсвийн санхүүжилтийн хуульд DHS-ийн энэ нэгжид хөрөнгө тусгагдаагүйтэй холбон тайлбарласан ч, хуулийн текстэд омбудсмены албыг хаах тухай шууд заалт байхгүй байгаа аж.

DHS мэдэгдэлдээ:

“Цагаачдыг хорих асуудал хариуцсан омбудсмены албыг DHS биш, Конгресс хаасан. Төлөөлөгчдийн танхим DHS-ийн санхүүжилтийн хуулийг эсэргүүцэлгүй баталж, өнгөрсөн долоо хоногт хүчин төгөлдөр болсон” гэжээ.

Омбудсмены албыг хааснаар, АНУ даяарх цагаачдын хорих төвүүдийн хяналт улам сулрах эрсдэлтэй болж байна. Энэ нь Donald Trump-ийн засаг захиргаа цагаачдыг хорих системийг эрчимтэй өргөжүүлэхийг зорьж буй үед болж байгаа юм.

CBS News-ийн мэдээлснээр, энэ оны эхээр цагаачдыг хорих төвүүдэд рекорд буюу 73 мянган хүн байсан бол сүүлийн үед ойролцоогоор 60 мянга болж буурчээ.

Өнгөрсөн онд U.S. Immigration and Customs Enforcement (ICE)-ийн төвүүдэд 30 гаруй хүн нас барсан нь 2004 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Энэ онд одоогоор 18 хүн хоригдож байхдаа нас барсан бөгөөд тохиолдлууд нэмэгдсээр байгаа аж.

Айзексон, OIDO-г хаах нь DHS-ийн хяналтын бүтцийг “задлах” өргөн хүрээний бодлогын нэг хэсэг юм. Түүний үзэж буйгаар, энэ нь цагаачдыг айдас, хүнд нөхцөлөөр дарамталж, орогнол хүсэх болон цагаачлалын хэргээсээ татгалзахад хүргэх зорилготой гэнэ. Тэрээр, “Хорих нөхцөлийг аль болох зовлонтой болгохыг хүсэж байвал омбудсмены албыг саад гэж үзээд устгахыг оролдоно. Энэ бол аль хэдийн асуудалтай болсон АНУ-ын цагаачлалын системд өгч буй дахин нэг цохилт. OIDO-г хаах нь хууль бус байж болзошгүй. Учир нь, тус байгууллагыг Конгрессын баталсан холбооны хуулиар байгуулсан бөгөөд зөвхөн Конгресс татан буулгах эрхтэй. Тус алба 2019 онд байгуулагдаж, 2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн.” гэжээ.

Мөн The Guardian-ийн мэдээлснээр, өнгөрсөн гуравдугаар сар гэхэд OIDO-д ердөө тавхан ажилтан үлдсэн байжээ. Харин өнгөрсөн оны эхэнд 100 гаруй ажилтантай байсан аж. Энэ хооронд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд цагаачдыг хорих төвүүдийн тоо хоёр дахин өссөн байна.

DHS-ийн төлөөлөгчид, хатуу нөхцөлд хорих нь хүмүүсийг “өөрсдөө албадан гарахаар шийдэх” буюу цагаачлалаас татгалзаад эх орондоо буцахад хүргэнэ гэж өмнө нь удаа дараа мэдэгдэж байжээ. Тухайлбал, DHS-ийн нэг төлөөлөгч өнгөрсөн гуравдугаар сард,

“Хоригдох эсвэл нутаг буцах нь, хүн бүрийн өөрийн сонголт” хэмээн мэдэгдсэн байна.

Сүүлд нэмэгдсэн