Хүннү нар бол Төв Азиас гаралтай нүүдэлчин дайчид байсан бөгөөд тэд МЭ IV-V зуунд Европыг довтолж, айлган сүрдүүлж, Баруун Ромын эзэнт гүрний мөхлийг түргэсгэсэн гэдгээрээ алдартай. Тэд морь унах чадварыг гарамгай эзэмшсэн, дайн тулалдаанд мэргэшсэн, байлдан дагуулагдсан ард түмэнд харгис хэрцгий ханддаг байсан зэргээр мөн алдартай юм.
Хүннү нар, тухайн үеийн Христэд итгэгчидийн дунд "Бурханы гамшиг" хэмээн алдаршсан гайхалтай цэргийн удирдагч Аттилагийн (МЭ 406-453) удирдлага дор өнөөгийн Орос, Унгар болон Европын бусад хэсэг Герман, Францыг хамарсан асар том эзэнт гүрнийг байгуулжээ. Аттилагийн арми маш хүчирхэг болсон тул Баруун болон Зүүн Ромын эзэнт гүрэн эдгээр дайчдыг Ромын газар нутагт довтолж, дээрэмдүүлэхгүйн тулд тогтмол алба гувчуур төлдөг байв. Гэвч Аттилагийн Хүннү гүрэн оршин удаан тогтносонгүй. Аттилаг нас барсны дараа эзэнт гүрэн түүний гурван хүүгийн хооронд хуваагдсан бөгөөд тэд өөр хоорондоо тулалдаж, эзэнт гүрний бүрэн бүтэн байдал, нэгдлийг хадгалж чадаагүй юм.
Өнөө үед "Хүннү буюу Hun" гэдэг нэр нь харгис хэрцгий, бүдүүлэг, хор хөнөөлтэй хүнтэй ижил утгаар дүрслэгддэг болсон бөгөөд энэ нэр томъёо нь харгис хэрцгий, харгислал, дайсагналын үйл ажиллагаанд оролцсон морьт дайчдын дүр төрхийг санагдуулдаг. Хүннү гүрний харгислал, дайны хөлд нэрвэгдсэн Ромын зохиолчдоос бий болсон энэхүү хэвшмэл ойлголт олон зууны турш Хүннү нарын зонхилох дүр төрх байв. Гэвч Хүннү нарын түүх эдгээр зураг болон дүрслэлээс хамаагүй илүү өөр юм.
Хүннүгийн Аттила хааны хөрөг (Image credit: mikroman6 via Getty Images)
Хүннүгийн гарал үүсэл
Хүннүчүүдийн гарал үүсэл нууцлагдмал байдаг. Дэлхийн түүхийн нэвтэрхий тольд өгүүлснээр, Ромын түүхч Tacitus бол Хүннүчүүдийн тухай анх дурдсан барууны зохиолчдын нэг юм. Түүний МЭ 1-р зууны сүүлчээр бичсэн бичмэлд, тэднийг Каспийн тэнгисийн ойролцоо буюу одоогийн Казахстаны нутаг дэвсгэрээс гаралтай гэж тодорхойлсон. Tacitus тэднийг "Хүнной" гэж нэрлэсэн боловч Хүннүчүүд өөрсдийгөө хэрхэн нэрлэдэг байсан нь тодорхойгүй, бичигдэж үлдээгүй байна. Tacitus Хүннүчүүдийг тухайн бүс нутгийн бусад овгуудаас нэг их ялгаж салгаж, ялангуяа эзэрхэг түрэмгий гэж ангилаагүй юм.
Хүннүчүүдийн тухай тодорхой бичсэн Ромын хамгийн алдартай зохиолч бол түүхч болон цэрэг Ammianus Marcellinus (МЭ 330-395 он) байсан боловч түүний тодорхойлсон нь хэт нэг талыг барьсан, үндэстний дээрэнгүй үзлээр дүүрэн байдаг. Аммианус Ромын хожмын түүхийн тухай МЭ 96-378 он хүртэлх үеийг хамарсан "Res Gestae" ("Хийсэн зүйлс") хэмээх бүтээлдээ Хүннүчүүдийг "зэрэгцэн, паралелаар оршихгүй зэрлэг үндэстэн" гэж тодорхойлж, тэдний гарал үүсэл, ирсэн газрыг "Азовын тэнгисийн цаана, Хөлдсөн далайн хил дээр" гэж тэмдэглэсэн байдаг. Аммианус аль далайг хэлж байгаа нь тодорхойгүй байгаа ч Азовын тэнгисийн зүүн хэсэг нь Понти-Каспийн тал нутаг – хавтгай бэлчээрийн экосистем буюу тал хээр -- орчин үеийн Украин болон Оросын өмнөд хэсэгт, урд хэсгээрээ Кавказын нуруутай хиллэдэг газар нутгийг нэрлэсэн болов уу гэж таамаглаж байна.
Аммианус Хүннү нарыг дүрслэхдээ тэднийг сорвитой царайтай, том биетэй нэгэн хэвшмэл "варварууд" гэж дүрсэлж, тэднийг бүдүүн гүүрний шонтой төстэй гэж үздэг байв. Нэгэн цагт Аммианус Хүннү нарыг бараг л амьтан шиг дүрсэлсэн байдаг: "Гэхдээ тэд хэдийгээр хүний дүртэй ч гэсэн амьдралын маш хатуу хэв маяг, жаягтай тул гал хэрэглэдэггүй, амтат хоол хүнс тэдэнд хэрэггүй. Харин тэд зэрлэг ургамлын үндэс идэж, мөн ямар ч амьтны хагас түүхий махыг гуя болон мориныхоо нурууны хооронд хийж явах ба идэхдээ бага зэрэг халаана" (Чикагогийн их сургуулийн орчуулга).
Гэвч Аммианус, Хүннү нарын морь унах ур чадварыг магтан сайшааж, эдгээр ур чадварыг эмээл дээр өнгөрүүлсэн амьдралтай нь холбон тайлбарлахдаа: "Тэр үндэстний хүн бүр өдөр шөнө ч хамаагүй морин дээрээсээ худалдаа хийж, зарж, идэж, ууж, морьныхоо нарийн хүзүүн дээр бөхийн гүн нойрондоо автдаг" гэжэ (Чикагогийн их сургуулиас орчуулсан).
Өнөөгийн ихэнх судлаачид Хүннү нарыг Азиас гаралтай гэж үздэг.
Illinois Urbana-Campaign их сургуулийн түүх, сонгодог, дундад зуун судлалын профессор Ральф Матисен, "Хүннү нарыг анх Монгол овог аймгаас гаралтай гэж үздэг" гэж Live Science-д ярьжээ. Такитусаас өмнөх Хүннү нарын талаарх хамгийн анхны мэдээлэл Хятад сурвалжаас гардаг. Тэрээр хятад сурвалжид, “Xiongnu гэгддэг хүмүүс ихэвчлэн Хүннү гэж тодорхойлогддог.” гэсэн байна.
Britannica-д бичсэн эх сурвалжаас харвал, Хүннү бол МЭӨ 5-р зууны эхэн үед Хятадын хойд нутгийг довтолж эхэлсэн зүүн хойд Азийн морьтон, нүүдэлчин ард түмнүүдийн жижиг холбоо байсан юм. Тэд дараагийн хэдэн зуун жилийн турш довтолгоогоо үргэлжлүүлэв. Эдгээр дайралт нь нэгдсэн Хятадын анхны эзэн хаан Цинь Ши Хуанийг хойд зүгийн түрэмгийлэгчдийг оруулахгүйн тулд Хятадын цагаан хэрэм барьж эхлэхэд хүргэсэн. Эхэндээ довтолгоонууд үе үе байсан бол МЭӨ 3-р зууны сүүлчээр Хүннү нар Хятадын соёл иргэншилд заналхийлж эхэлсэн асар том овогуудын холбоо, эзэнт гүрэнг байгуулжээ. Энэхүү холбоо, гүрэн нь өнөөгийн Монгол, Сибирийн ихэнх нутгийг хамарсан, баруун тийш Төв Азийн Памирын нуруу хүртэл үргэлжилсэн өргөн уудам эзэнт гүрнийг бий болгосон. Хятад, Хүннүгийн хооронд хэд хэдэн дайн дэгдэж, улмаар МЭӨ 51 онд Хүннүгийн эзэнт гүрэн Хятадад дагаар орсон зүүн бүлэг, Төв Ази руу хөөгдсөн баруун хэсэг гэсэн хоёр бүлэгт хуваагдсан.
"Хүннүгийн салсан хэсэг баруун зүгт нүүж явахдаа Аландар, Гепидүүд гэх мэт бусад ард түмнүүдийг өөртөө нэгтгэж, "орд" гэж нэрлэгддэг зүйлийг бий болгосон." гэж Матисен хэлэв. "Энэ бүлэг бол Хүннү нар төдийгүй тэдний цуглуулсан бүх ард түмэн юм."
2018 онд "Nature" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар, Хүннү нар генийн хувьд Зүүн Ази, Баруун Евразийн ард түмний холимог байсан болохыг тогтоожээ. Тодруулбал, Аттилагийн Хүннү нар Хүннү гүрний удам, мөн Зүүн Азийн янз бүрийн овог аймгуудын холимог гаралтай бөгөөд баруун зүгт нүүх явцдаа, мөн “Scythians” буюу скифчүүд зэрэг Баруун Евразийн ард түмнийг өөртөө нэгтгэсэн болохыг зохиогчдын дүгнэлт хүчтэй харуулж байна.
Хүннүгийн соёл, урлаг
Хүннүчүүдийн нийгэм соёлын талаар маш бага зүйл бичигдсэн байдаг. Аммианусын бичиж үлдээснээр, тэд нүүдэлчин мал аж ахуй эрхэлдэг байсан бөгөөд "Тэдний нутагт хэн ч талбай хагалдаггүй, анжисны бариулд хүрдэггүй байв. Тэд бүгд тогтсон орон гэргүй, хууль дүрэмгүй, суурин амьдарлын хэв маяггүй, мөн нэг газраас нөгөөрүү тэнүүчилж оргодол шиг тэргэнд амьдарч явах ба амьдарч буй тэргэнцэртээ эхнэрүүд нь хувцас нэхэн, хүүхэд төрүүлж, хүүхдүүдээ өсвөр насанд хүртэл нь өсгөдөг байв.” гэж бичиж байжээ. (Чикагогийн их сургуулийн орчуулсан орчуулга)
Гэвч зарим нь суурин амьдралын хэв маягыг баримталж, газар тариалан эрхэлдэг байсныг археологын баримт нотолж байна. Унгар улсаас олдсон 5-р зууны үеийн араг яс, шүдниий олдворын биохимийн шинжилгээнээс харахад, зарим Хүннү хүмүүсийн хооллолт нь голчлон сүү, мах, шар будаа байснаас суурин газар тариалангийн хоол хүнс, буудай, хүнсний ногоо, бага зэрэг мах хэрэглэдэг болон өөрчлөгджээ.
Хүннү гүрний мөнгөн зоос, 5-р зуун
Аммианусын Хүннү нарыг бүдүүлэг балмад гэж дүрсэлсэнтэй зөрчилдсөн нэгэн Ромын зохиолч 5-р зууны Византийн түүхч Прискус, Максимус хэмээх дипломатын хамт МЭ 448 онд Аттилагийн ордонд зочилж байжээ. Тэр Аттилагын ордныг “баян тансаг” гэж дүрсэлсэн байдаг ба ордон нь өнгөлсөн хавтангаар хийгдсэн бөгөөд модон хашаагаар хүрээлэгдсэн, илүүтэйгээр гадаад үзэмж, тансаг загварын үүднээс бүтээгдсэн болохоос хамгаалалтын цайз шиг биш байсан гэсэн байна.
"Прискус, Максимус хоёр Аттилагийн эхнэр Крекатай бэлэг солилцсон бөгөөд хатанг нь дүрслэхдээ зөөлөн буйдан дээр тухлан суудаг тансаг хатан гэжээ. "Хатны өрөөний шалан дээр алхахад зориулагдсан ноосон дэвсгэр хучигдсан байв. Олон тооны зарц нар түүнийг тойрон зогсч, шивэгчин нар түүний өмнө шалан дээр сууж, Scythian-ийн даашинзны дээгүүр гоёл чимэглэлийн зориулалттай өнгөт маалинган даавууг хатгажээ." гэж Прискус бичжээ.
Үдээс хойш нь Прискусыг Атиллагийн хүлээн авалтын танхимд авчирсан бөгөөд тэрээр, "Бидэнд болон зочдод зориулж мөнгөн таваг дээр тансаг хоол өгсөн боловч Аттила хаан модон цар дээр махнаас өөр юу ч идсэнгүй. Бусад бүх зүйлд тэрээр өөрийгөө даруухан харуулсан – түүний аяга нь модоор хийсэн, харин зочдод алт, мөнгөн аяганд үйлчилж байсан. Түүний хувцас нь ч маш энгийн бөгөөд цэвэрхэн байх ба ташаандаа зүүсэн сэлэм, Скиф гутлынх нь гогцоо, мориных нь хазаар бусад Скифчүүдийнх шиг алт, эрдэнийн чулуу, үнэтэй зүйлээр чимэглэгдсэнгүй." гэжээ. (Фордхам их сургуулийн орчуулгаас)
Хүннү нарын эзлэн түрэмгийлэл ба Аттилагийн сэргэн мандалт
Хүннү нар МЭ IV зууны сүүлчээр Европын түүхэнд гарч ирсэн юм. Хүннү нар Европ руу нүүж ирэхдээ удалгүй Хар тэнгисийн хойд хэсэг хүртэл зүүн зүгт суурьшиж байсан Готик үндэстний дорнод салбар болох Острогот(Ostrogoths)-уудтай тааралдав. Энэ хоёр үндэстэн илт сөргөлдөж, тулалдаан хийсэн боловч Остроготууд ялагдаж, амьд үлдсэн готик дайчдын олонх нь Хүннүгийн армид дагаар орсон байна. Хүннү нар үргэлжлүүлэн баруун зүгт нүүдэллэн явсаар одоогийн Румын (Ромчууд Дачиа гэж нэрлэдэг) улсад суурьшиж байсан Готик үндэстний баруун салбар болох Висигот(Visigoths)-уудтай нүүр тулжээ. Остроготууд ахан дүүсийнхээ нэгэн адил Висиготууд эсэргүүцэн тулалдсан ч Хүннүгийн чадварлаг дайчидтай тэнцэхгүй байв. Маш олон Висиготууд алагдаж, бусад нь баруун болон өмнөд зүгт Дунай мөрнийг гатлан баруун болон зүүн Ромын эзэнт гүрний нутаг дэвсгэрт дүрвэжээ.
Хүннүгийн ард түмний баруун зүгт чиглэсэн энэхүү хөдөлгөөн нь түүхчдийн "Их нүүдэл" гэж нэрлэсэн зүйлийг эхлүүлсэн бөгөөд энэ нь Германчуудын Ромын нутаг дэвсгэрт бөөнөөрөө нүүдэллэсэн явдал юм. Энэ нь ойролцоогоор МЭ 376-476 оны хооронд болсон. Их нүүдэл Европын түүхэнд томоохон нөлөө үзүүлж, чухал үүрэг гүйцэтгэсэн. Ромын армийг Германчлах, эцэст нь Баруун Ромын эзэнт гүрний задрал, дараагаар нь Европын дундад зууны үеийн хаант улсууд үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж Britannica-д бичжээ.
Висиготуудыг ялснаар Хүннү нар Дунай мөрний хойд хэсэгт буюу орчин үеийн Румын улсын нутаг дэвсгэрийг эзлэх боломжтой болсон. Дунай мөрөн нь Ромын эзэнт гүрний төв ба Зүүн Европ дахь хойд хэсгийг тэмдэглэж байсан тул Ромчуудын хувьд чухал ач холбогдолтой байв. Хүннү нар хойд болон зүүн хил дээр байгаа нь Ромчуудын айдсыг төрүүлж, сандралд оруулжээ. Энэ айдас нь ч биелэлээ олж, Хүннүгийн цэрэг арми МЭ 395-398 оны хооронд Ромын нутаг дэвсгэрт хэд хэдэн довтолгоо хийж, Зүүн Ромын Фраки буюу Thrace(одоогийн Болгар, Турк, Грекийн зарим хэсэг) болон Сири мужуудыг эзлэн авав. Хүннү нар эдгээр газар нутагт үлдсэнгүй, тонож дээрэмдсэнийхээ дараа тэд Дунай мөрний хойд зүгт буцжээ. Үүнээс хойш хэдэн жилийн дараа, МЭ 406 онд Хүннү гүрний удирдагч Улдин гэгч Фракид хоёр дахь удаагаа дайралт хийсэн гэж Дэлхийн түүхийн нэвтэрхий толь бичигт бичсэн байна.
Гэсэн хэдий ч, тэр үеийн олон Хүннү нар Ромын нутаг дэвсгэрт довтолсон ч эзлэх бодолгүй байсан бөгөөд Ромчуудтай хамтран ажиллах сонирхолтой байсан гэж Матисен хэлэв.
"Ойролцоогоор МЭ 380-420 он хүртэл 40 орчим жилийн турш Хүннүгийн цэргүүд Ромын армид хөлсний цэргүүдээр алба хааж байсан" гээд "Тэд ялагдашгүй дайчин гэдгээрээ аймшигтай нэр хүндтэй байсан." гэж Матисен ярьжээ.
Гэхдээ энэ таатай байдал, тохиролцоо удаан үргэлжлээгүй юм. Хүннү нар Ромын аймгуудыг довтолж, дээрэмдээгүйнхээ хариуд Ромчуудыг алтаар төлөхийг шаардаж, эрх мэдлээ чангалж эхэлснээр МЭ 420 оноос хойш томоохон сөргөлдөөн үүссэн. Харилцааны хоёр дахь том хагарал нь МЭ 434 онд, олон Хүннүгийн овгуудыг нэгтгэсэн нөлөө бүхий хаан Руа(мөн Ругила гэж нэрлэдэг) нас барснаар эхэлсэн. Түүнийг залгамжлагч хоёр зээ хүү нар болох Бледа болон ялангуяа Аттила, Ромын эзэнт гүрний үйлчлүүлэгч болж байсан өмнөх Хүннүгийн удирдагчдаас илүү амбицтай байсан. Хоёр зээ хүү Хүннүгийн удирдагчид болцгоосноос хойш хэдэн жилийн дараа Бледа нь учир битүүлгээр нас барж, Аттила цорын ганц удирдагч нь болов. Тэрээр Ромчуудаас илүү их татаас шаардаж, Баруун болон Зүүн Ромын эзэнт гүрний аль алинд нь өөрт ашигтай үедээ довтолж, ашиггүй бол ухрах гэх мэт илүү сөрөг тактикыг баримталж байжээ.
Энэ аргыг ашиглан Аттила зөвхөн өөрийн хүч, хувийн амбицаар томоохон эзэнт гүрнийг нэгтгэж, хадгалж байжээ. Тэрээр армидаа (зөвхөн Хүннү гэлтгүй Аланчууд, Готууд зэрэг бусад овгуудыг багтаасан) урам зориг өгсөн гайхалтай цэргийн удирдагч байсан бөгөөд Аттилагийн эрх мэдлийн оргил үед түүний эзэнт гүрэн Монголоос өнөөгийн Франц хүртэл үргэлжилж байсан гэж Дэлхийн түүхийн нэвтэрхий толь бичигт тэмдэглэжээ.
Хүннү болон бусад барбарик үндэстнүүдийн Ромын эзэнт гүрэн рүү хийж байсан замууд (Image credit: North Wind Picture Archives via Alamy Stock Photo)
Аттилагийн баруун зүгт хийсэн аян дайн
Хүннүгийн дайчид маш их амжилтанд хүрсэн нь нэг талаараа тэд морьтон харваачид байсан, мөн бусад нумуудыг бодвол тул илүү урт, тэгш бус нумарсан нийлмэл нум ашигладаг байсан ба энэ нь илүү хол зайнаас сум харваж, хуяг дуулга нэвтлэх чадалтай, илүү хүчтэй харваж чаддаг байсан гэж Лондонгийн Кингс коллежийн дундад зууны эхэн үеийн түүхийн илтгэгч, "Ромын эзэнт гүрний уналт: Ром ба варваруудын шинэ түүх" (Оксфордын их сургуулийн хэвлэл, 2007) номын зохиогч Петер Хитер хэлжээ.
Аттилагийн цэргүүдийн өөр нэг давуу тал нь хөдөлгөөнт байдал байв. Атиллагийн морьтой дайчид тулалдааны үеэр байрлалаа маш хурдан өөрчилж чаддаг байсан бөгөөд энэ тактикыг, дээр дурьдагдсан Ромын түүхч Аммианус, Хүннүгийн дайснуудыгаа сүйрүүлсэн хүчтэй нөлөөтэй тактик байсан гэж онцгойлж бичиж байжээ.
"Тэд шаантаг хэлбэртэй бөөнөөрөө тулалдаанд орж, тэдний тулалдааны дуу хоолой нь аймшигтай зэрлэг чимээ гаргадаг байв. Мөн тэд хөнгөн тоноглогдсон тул хурдан хөдөлж, санаанд оромгүй, гэнэтийн үйлдлээр зориудаар тархай бутархай бүлэг хэсгүүдэд хуваагдан довтолж, энд тэнд эмх замбараагүй болж, аймшигт хядлага, аллага үйлднэ. Мөн тэдний энэ хурдацтай хөдөлгөөнөөс шалтгаалж тэд хэзээ ч хана хэрмээр хүрээлэгдсэн эсвэл дайсныхаа хуаран руу довтолдгүй байсан. Энэ үүднээс харвал та тэднийг бүх дайчдын дундаас хамгийн аймшигтай нь гэж нэрлэх аргагүй. Учир нь тэд хурц иртэй ясан сумаар алсаас тулалдаж, дараа нь завсрын зайг хурдан давхиж туулан, амь насаа үл харгалзан сэлэм барин гар тулалдаанд ордог. Ингээд дайсан сэлэмний дайралтаас хамгаалж байх хооронд тэд өрсөлдөгчийнхөө дээгүүр гогцоонд сүлжсэн даавуун олс шидэж, тэднийг ороож, гар, хөлийг нь хүлж, морь унах эсвэл алхах хүчийг нь тэднээс авдаг." гэж Аммианус бичиж үлдээжээ. (Чикагогийн их сургуулийн орчуулга)
Аттила эдгээр морьт дайчдыг Ромын хилийн жижиг хамгаалалтуудыг дайрахаас илүүтэй Ромын томоохон армийг байлдан дагуулж чадахуйц маш үр дүнтэй цэргийн хүчин болгож чадсан юм.
"МЭ 450-451 оны хооронд Аттила Баруун Ромын эзэнт гүрэн рүү анхаарлаа чиглүүлж эхэлсэн бөгөөд учир нь Баруун Ромын эзэн хаан III-р Валентиниан(Valentinian)-ы эгч түүнийг урамшуулсантай холбоотой.
Баруун Ромын эзэн хааны эгч Хонориа(Honoria) будлиан тарьж, Ромын эзэнт гүрний гэр бүлээс цөлөгдөж, түүнийг үл тоомсорлодог Ромын консултай гэрлэхэд хүргэсэн тул Хонориа өшөө авахын тулд Аттила руу гэрлэх санал илгээв. Гэвч Валентиниан үүнийг олж мэдээд, ирээдүйн нэгдэлд цэг тавьж зогсоосон нь Атиллагийн уурыг хүргэсэн. Нэмж дурьдахад, Зүүн Ромын эзэнт гүрний шинэ эзэн хаан, генерал асан Марсиан(Marcian) Атиллагийн алтны алба гувчуур, төлбөрийг зогсоов. Энэ үед Зүүн Ромын эзэнт гүрэн Баруун Ромын эзэнт гүрнээс илүү хүчтэй, хавьгүй хүчирхэг армитай байв гэж Britannica-д бичжээ.
"Аттила тэнэг биш байсан. Тэр Зүүн Ромын армитай тулалдах нь хэцүү гэдгийг мэдэж байсан" гэж Матисен хэлэв. "Энэ хооронд Баруун Ромын эзэнт гүрэн дампуурч, арми нь үндсэндээ гадаадын хөлсний цэргүүдээс бүрдсэн сул дорой байв."
Эдгээрийг бодолцон Аттила, МЭ 451 онд Баруун Ромын эзэнт гүрэн рүү довтолсон гэж Матисен хэлэв. Аттилагийн дайралт эхлээд хурдан бөгөөд сүйрэлтэй байв. Тэрээр Ромын Галл(Gaul)-ийн муж (одоогийн Франц, Бельги, Германы зарим хэсэг) руу хурдтай давшиж, сүйрлийн мөрөө үлдээв. Тэрээр одоогийн Германы Вормс, Майнц, Кёльн хотууд болон одоогийн Францын Реймс, Амиенс зэрэг хэд хэдэн хотыг эзэлж, сүйтгэжээ. Гэвч удалгүй Аттила, Флавиус Аэтиус(Flavius Aetius) (МЭ 390-454) хэмээх маш чадварлаг Ромын жанжинтай тулалдсан юм.
Флавиус Аэтиус бол гайхалтай тактикч, чадварлаг дипломатч байсан бөгөөд тэрээр Ромын арми болон Висигот, Франц, Бургундын хаант улсуудын цэрэг, дайчидаас бүрдсэн эвсэл байгуулж, Атиллагийн хүчийг эсэргүүцэж чадсан юм. Энэ эвсэл МЭ 451 онд одоогийн Францын Орлеан хотоос гадна Каталауны тал нутгийн тулалдаанд Аттилагийн армитай тулалджээ.
"Энэ бол бүх цаг үеийн хамгийн том бухимдалуудын нэг болж Аэтиус болон түүний зэрлэг холбоотнууд Аттилаг ялсан." гэж Матисен хэлэв.
"Аттила ухарсан боловч дараа жил нь дахин довтолж, энэ удаад цэргээ Итали руу хөтөлж, хойгийг сүйрүүлэв. Галлид хийсэн шигээ Атиллагийн цэргүүд Ромын хэд хэдэн хотыг цөлмөж, хүн амыг нь хядаж, хөдөө нутгийг дээрэмдэж сүйрлийн зам татуулсан байна. Аттила Ром хотыг хүртэл эзлэн сүйтгэх гэсэн ч Пап лам I Лео тэргүүтэй төлөөлөгчид Хүннүгийн удирдагчтай хаалганы гадаа уулзсанаар хот аврагдсан юм. Түүхчид удирдагчдын хооронд юу ярьсныг мэдэхгүй ч хот болон түүний оршин суугчид хөндөгдөөгүй байв. Үүний дараагаар, одоог хүртэл тодорхойгүй байгаа шалтгааны улмаас Аттила эцэст нь цэрэг, улс төрийн тодорхой зорилгод хүрч чадалгүй Италийг орхин явсан гэж Дэлхийн түүхийн нэвтэрхий толь бичигт бичжээ. Зарим судлаачид Италид тахал гарсан эсвэл Аттила зүгээр л нөөцгүй болсон гэж үздэг. Ямар ч шалтгаантай байсан Аттила Дунай мөрний хойд хэсэгт байрлах бэхлэлт рүүгээ буцаж ирэв.
МЭ 453 онд Аттила шинэ залуу эхнэртэй болсон боловч хуримынхаа шөнө нас баржээ(Аттила олон эхнэртэй байсан.). Түүний үхлийн шалтгааны талаар эрдэмтэд удаан хугацааны турш маргаж байсан. Зарим хүмүүс түүнийг хоол, ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан гэж таамаглаж байгаа юм. "Тэр хуримынхаа үеэр хэт их баяр баясгаланд автсан бөгөөд их хэмжээний дарс уугаад ар нуруугаараа хэвтэх үед хамраас нь гарсан илүүдэл цус түүний хоолой руу урсаж, хахаж, үхэлд хүргэсэн." гэж эртний Готик бичээч Жорданес VI зуунд бичжээ (Calgary их сургуулийн орчуулга.)
Аттилагийн булшны байршил одоо болтол тодорхойгүй байна.
Аттилаг нас барсны дараа түүний хөвгүүд хоорондоо түнжин хагарч, эзэнт гүрнийг бутаргаж, Хүннү задарсан юм. Эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байсан Хүннүгийн янз бүрийн бүлгүүдийн хооронд иргэний дайн дэгдэж, эзэнт гүрэн V зуунд сүйрчээ. Хүннү гүрний мөхлийн тэмдэг нь МЭ 454 онд болсон Недаогийн тулалдаанд Гепидүүдийн хаан Ардарик тэргүүтэй герман овог аймгуудын эвсэл Хүннүгийн цэргийг бут ниргэсэн юм. Энэхүү тулалдаанд Аттилагийн хөвгүүдийн нэг Эллак амь үрэгдэж, Хүннү нар Европт төдийгүй эзэнт гүрэн даяараа цэрэг, улс төрийн хүчээ алдаж бүрэн бутарсан юм.
Эх сурвалж: livescience.com
Орчуулсан: Соёл-Эрдэм ДС-ийн Орчуулгын 4-р ангийн оюутнууд - Мандхай
Ган-эрдэнэ
Мөнхзул
Оюун-Эрдэнэ
Тэмүүжин