Эрдэмтэд АНУ, ОХУ-ын хооронд цөмийн дайн дэгдвэл дэлхийн хүн амын 63 хувь нь үхнэ гэсэн тооцоо гаргажээ
Sun Dec 17 2023
Nature Food сэтгүүлд нийтлэгдсэн Ратгерсийн их сургуулийн эрдэмтдийн судалгааны үр дүн АНУ, ОХУ-ын хооронд цөмийн мөргөлдөөн өрнөвөл, хохирогчдын тоо 5 тэрбум хүн буюу манай гарагийн хүн амын 63%-д хүрнэ гэсэн дүгнэлтэд хүрсэн гэж Украинская правда бичжээ.
Стокгольмын энх тайвны судалгааны хүрээлэн, хамгийн сүүлийн тайландаа, дэлхий дээр ойролцоогоор 12,705 цөмийн цэнэгт хошуу байдгаас Орост 5,977, АНУ-д 5,428 цөмийн цэнэгт хошуу байгаа нь дэлхийн нийт цөмийн зэвсгийн 90 хувийг эзэлж байна гэж дурджээ.
Эрдэмтэд, урд өмнө хийгдэж ирсэн судалгаануудын үндсэн дээр, цөмийн зэвсэг хэрэглэсний үр дүнд гарах их гал түймрийн улмаас 165 сая тонн хүртэлх хэмжээний утаа тортог дэлхийн агаар мандлыг бүрхнэ, хөө тортог дэлхий даяар тархаж, агаар мандлын дээд давхаргад хүрнэ, хөрс, усыг эргэшгүй бохирдуулна, түүгээр ч зогсохгүй дайны үргэлжлэх хугацаа ердөө 1 долоо хоног байна гэж тооцоолжээ.
Судлаачид, утаа тортогийн тархалтыг зургаан дайны хувилбараар тооцсон бөгөөд энэ нь Энэтхэг-Пакистаны болон АНУ-Оросын Их дайны хоорондох таван жижиг мөргөлдөөнийг, улс бүрийн цөмийн зэвсгийн хэмжээнд үндэслэн гаргасан өгөгдлүүдийг агаар мандал, далай, мөс, газрын гадаргуу, нүүрстөрөгчийн эргэлт болон бусад бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдсэн дэлхийн системийн симуляцид (CESM) оруулан тооцож, ийм хэмжээний хөө тортог ялгарах нь дэлхийн температурыг бууруулж, улмаар манай гаригт "цөмийн өвөл" болно гэдгийг тогтоожээ. Хамгийн аймшигтай нь, дэлхийн гадарга дээрх температур 16°С-аар буурч, өвс ургамал үхэж, улмаар дэлхий даяар өлсгөлөн нүүрлэнэ гэсэн байна.
Мөн, цөмийн дайны дараа озоны давхарга устаж газрын гадаргуу дээр хэт ягаан туяа үүссэнээр хүнсний хангамжид үзүүлэх нөлөөг судалж, дайны дараах улс орнуудын тариалалтаа сэргээх хугацаа болон ургац авалтын өгөөж, (эрдэнэ шиш, будаа, хаврын улаан буудай, шар буурцаг) малын бэлчээр, далайн загас агнуурт гарах сөрөг өөрчлөлтүүдийн урьдчилсан таамгийг гаргажээ.
Цөмийн хамгийн жижиг хувилбар буюу Энэтхэг, Пакистаны хоорондох орон нутгийн дайн жижиг ч гэсэн, дэлхийн дундаж илчлэгийн үйлдвэрлэлийг 7% -иар бууруулна. Хамгийн их хохиролтой дайны хувилбар болох АНУ, ОХУ-ын хооронд цөмийн зэвсгийн бүрэн хэмжээний мөргөлдөөн болсон тохиолдолд, дайны дараах 3-4 жилд дэлхийн дундаж илчлэгийн үйлдвэрлэл 90 орчим хувиар буурна гэсэн байна.
Газар тариалан, ургацын бууралтад, дунд өргөрөгийн орнууд, тэр дундаа томоохон экспортлогч орнууд хамгийн их өртөх бөгөөд энэ нь экспортыг хязгаарлаж, Африк, Ойрхи Дорнодын импортоос хамааралтай орнуудад ихээхэн хэмжээний бэрхшээл учруулна, эдгээр өөрчлөлт нь дэлхийн хүнсний зах зээлийг сүйрлийн уналтад хүргэнэ. Мөн манай гарагийн хүн амын 75 гаруй хувь нь хоёр жилийн дотор өлсгөлөнд нэрвэгдэн үхнэ гэсэн тооцоо гарчээ.
“Эдгээр аймшигт сүйрлээс сэргийлэх, зайлсхийх, аврагдах цорын ганц шийдэл нь, цөмийн зэвсгийг хориглох арга юм. 5 жилийн хугацаатай Цөмийн зэвсгийг хориглох тухай НҮБ-ын гэрээг 66 орон соёрхон баталсан боловч, цөмийн зэвсэгтэй есөн улсын аль нь ч батлаагүй байгаа нь харамсалтай” гэж судалгааны багийн эрдэмтэн Алан Робок ярьжээ.








