АНУ-д хүүхдүүдийн бараг тал нь, экологийн бодлого суларсны үр дүнд аюултай хэмжээний бохирдсон агаараар амьсгалж байна

АНУ-д хүүхдүүдийн бараг тал нь, агаарын бохирдлын аюултай түвшинд амьсгалж байгаа талаар Америкийн Уушги Судлалын Холбоо (ALA)-ны тайланд дурджээ. Мэргэжилтнүүд, Дональд Трампын үед экологийн дүрэм журмыг сулруулсан нь, нөхцөл байдлыг улам дордуулахаар байгааг анхааруулсан талаар The Guardian мэдээлжээ.
ALA-гийн агаарын чанарын тухай 27 дахь жилийн тайлан 4-р сарын 22-нд нийтлэгдсэн бөгөөд газрын түвшний озон (смог), мөн богино болон урт хугацаанд үүсдэг нарийн ширхэгт тоосонцрын (хөө тортог) бохирдлыг үнэлжээ. Тайланд 2022–2024 оны баталгаажсан өгөгдлийг ашигласан байна.
Тайланд дурдсанаар, АНУ-д 33.5 сая хүүхэд буюу 18-аас доош насныхны 46% нь агаарын бохирдлын дор хаяж нэг үзүүлэлтээр “хангалтгүй” үнэлгээ авсан бүс нутагт амьдарч байна.
Мөн 7 сая буюу нийт хүүхдийн 10% нь агаарын чанарын гурван үзүүлэлт бүгд хангагдаагүй бүсэд амьдардаг гэж тогтоогджээ.
ALA-гийн цэвэр агаарын бодлогын дэд ерөнхийлөгчийн орлогч Уилл Барреттын хэлснээр хүүхдийн уушги бүрэн хөгжөөгүй байдаг.
“Хүүхдүүд биеийн хэмжээндээ харьцуулахад илүү их агаар амьсгалдаг. Түүнчлэн тэд гадаа илүү идэвхтэй тоглодог учир гаднах агаарыг илүү ихээр амьсгалдаг. Бага насандаа агаарын бохирдолд өртөх нь ирээдүйд уушгины хөгжилд урт хугацааны сөрөг нөлөө үзүүлэх, астма үүсэх, амьсгалын замын өвчний эрсдэлийг нэмэгдүүлэх зэрэг асуудал дагуулдаг” гэж тэр хэлжээ.
Тайланд мөн арьс өнгө, үндэс угсааны цөөнхүүд агаарын бохирдолд харьцангуй их өртдөг болохыг харуулсан. Үүний улмаас тэд астма, чихрийн шижин, зүрхний өвчин зэрэг архаг өвчнөөр илүү их өвчилдөг байна.
АНУ-ын хүн амын 42.1%-ийг цөөнхүүд бүрдүүлдэг ч, агаарын бохирдлын дор хаяж нэг үзүүлэлтээр хангалтгүй үнэлгээтэй бүсийн оршин суугчдын 54.2%-ийг эзэлж байна. Мөн цөөнхийн төлөөлөгчид, цагаан арьстнуудаас 2.42 дахин илүүгээр, гурван үзүүлэлт бүгдээр хангагдаагүй бүсэд амьдарч байх магадлалтай байгаа аж.
Смог нь, АНУ-ын хүн амын эрүүл мэндэд хамгийн өргөн тархсан бохирдуулагч хэвээр байна. 2022–2024 онд нийт хүн амын 38% буюу ойролцоогоор 129.1 сая хүн, эрүүл мэндэд аюултай озоны түвшинд өртжээ. Энэ нь сүүлийн зургаан жилийн хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд өмнөх үеэс 3.9 сая хүнээр нэмэгдсэн байна.
Бохирдол нэмэгдэхэд хэт халалт, ган гачиг, ой хээрийн түймэр зэрэг хүчин зүйлс нөлөөлж байгаа бөгөөд эдгээр нь аюултай озонд өртөх хүмүүсийн тоог нэмэгдүүлдэг.
Хамгийн их өртсөн бүсүүдэд Калифорниос Техас хүртэлх баруун өмнөд мужууд, мөн Дундад Барууны ихэнх хэсэг багтжээ. Үүнд 2023 онд Канадад гарсан ой хээрийн түймрийн утаа тархсан, мөн 2023–2024 онд өндөр температур, озон үүсэхэд нөлөөлсөн цаг агаарын нөхцөлүүд нөлөөлсөн байна.Тайланд уур амьсгалын өөрчлөлт нь, өндөр температур, сул салхи зэрэг нөхцлөөр дамжин озоны бохирдлыг нэмэгдүүлж байгааг онцолжээ.
Мөн дата төвүүдийг агаарын бохирдлын өсөн нэмэгдэж буй эх үүсвэр гэж онцолсон байна. Сүүлийн жилүүдэд тэд, АНУ-ын нийт цахилгааны 4.4%-ийг хэрэглэж байгаа бөгөөд ирэх арван жилд энэ үзүүлэлт 12% хүрч өсөх магадлалтай байна.
Энэ нь ихэвчлэн метан, нүүрс зэрэг чулуужсан түлш давамгайлсан эрчим хүчний сүлжээнээс хамааралтай. Түүнчлэн олон дата төвүүд хорт хавдар үүсгэгч бодис ялгаруулдаг том дизель нөөц генераторууд ашигладаг. Дата төвүүдийн эрэлт өсөхийн хэрээр нүүрстөрөгчгүй, сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад анхаарах ёстой. Энэ нь эрчим хүчний системд ачаалал нэмэх биш, харин дэмжих ёстой гэж гэж үзэж байна. Мөн, Байгаль орчныг хамгаалах агентлагийн зүгээс экологийн бодлогыг сулруулж буйг онцолж, энэ нь агаарын чанарыг дордуулж байна гэж анхааруулсан байна.
Трампын засаг захиргаа байгаль орчин, уур амьсгалын дүрэм журмыг сулруулах чиглэлд дор хаяж 70 гаруй алхам хийсэн. Үүнд цахилгаан станцуудын мөнгөн ус болон бусад хорт бодисын ялгарлын шаардлагыг зөөлрүүлэх зэрэг оржээ. Мөн агаарын бохирдлын томоохон эх үүсвэрүүдэд тавих хязгаарлалтыг цуцлах, Байгаль орчны агентлагийн агаарын чанарын зөвлөх хороодыг тараах, нарийн ширхэгт тоосонцор болон озоныг бууруулснаар аврагдах хүний амийг мөнгөн дүнгээр үнэлэх практикийг зогсоох зэрэг арга хэмжээнүүд багтсан байна.








