АНУ, ОХУ-ын хооронд цөмийн дайн дэгдвэл юу болохыг эрдэмтэд тооцоолжээ.
Thu Aug 25 2022
АНУ болон ОХУ цөмийн мөргөлдөөнд хүрвэл хохирогчдын тоо 5 тэрбум хүн буюу дэлхийн хүн амын 63%-д хүрч болзошгүй гэсэн дүгнэлтийг Rutgers University-гийн эрдэмтэд Nature Food сэтгүүлд нийтэлсэн байна.
Стокгольмын Энх тайвны судалгааны хүрээлэнгийн хамгийн сүүлийн тайланд дурдьснаар, дэлхий дээр нийт 12,705 цөмийн цэнэгт хошуу байгаагаас Орост 5,977, АНУ-д 5,428 байгаа нь дэлхийн нийт цөмийн зэвсгийн 90%-ийг эзэлж байна.
Эрдэмтэд өмнөх судалгаандаа үндэслэн цөмийн зэвсэг хэрэглэсний улмаас их хэмжээний гал түймэр гарч дэлхийн агаар мандалд 165 сая тонн хүртэл утаа тортог цацагдана. Мөн дайны үргэлжлэх хугацаа нь 1 долоо хоног байна. Цөмийн дайн нь цөмийн зэвсэг хэрэглэж буй газрын ойролцоох хөрс, усыг хамгийн түрүүнд бохирдуулах ба утаа тортог, тоос дэлхий даяар тархаж, агаар мандлын дээд давхаргад хүрнэ. Тиймээс ийм дайны үр дүн нь дэлхийн хэмжээнийх байх болно гэсэн байна.
Судлаачид улс орон бүрийн цөмийн зэвсгийн хэмжээнд үндэслэн Энэтхэг-Пакистаны цэргийн хүчний хоорондох таван жижиг мөргөлдөөн, АНУ-ОХУ-ын томоохон дайн гэсэн зургаан дайны хувилбар дээр хөнөөлт тоос тоосонцор, тортог хэрхэн тархахыг тооцоолжээ. Энэ өгөгдлөө агаар мандал, далай, мөс, газрын гадаргуу, нүүрстөрөгчийн эргэлт болон бусад бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдсэн дэлхийн системийн симуляцид (CESM) оруулан судлахад, энэхүү асар их утаа тортог агаар мандалд гарснаар дэлхийн цаг агаарын температур буурч, улмаар манай гаригт "цөмийн өвөл" болох болно гэдгийг тогтоожээ.
Мөн дэлхийн гадаргуу дээрх температур 16 хэмээр буурч, үүнээс болж олонхи ургамал үхэж, улмаар дэлхий даяараа олныг хамарсан өлсгөлөнд нэрвэгднэ гэжээ. Судлаачид цөмийн дайны дараах улс орнуудын үр тарианы (эрдэнэ шиш, будаа, улаан буудай, буурцаг) ургацыг тооцоолсны үндсэн дээр энэ дүгнэлт гарсан байна.
Цаашилбал, "Озоны давхарга стратосфер халснаар устах ба ингэснээр гадарга дээр илүү их хэт ягаан туяа үүсэх бөгөөд энэ нь хүнсний хангамжид нөлөөлнө, мөн малын бэлчээр болон гол мөрөн, далай нуурын загас агнуурт сөрөг өөрчлөлт гарна” гэсэн таамаг гарчээ.
Цөмийн дайны жижиг хувилбар буюу Энэтхэг, Пакистаны хооронд цөмийн зэвсэг хэрэглэсэн дайн гарах тохиолдолд ч дэлхийн дундаж илчлэгийн үйлдвэрлэл 7 хувиар буурна гэсэн байна.
Хамгийн их туршилт хийж үзэж байгаа дайны хувилбар болох АНУ, ОХУ-ын хооронд цөмийн мөргөлдөөн болвол, байлдааны ажиллагаа явагдсанаас хойш 3-4 жилийн дараа дэлхийн дундаж илчлэгийн үйлдвэрлэл 90 орчим хувиар буурах болно. Эрдэмтдийн үзэж байгаагаар хүнсний үйлдвэрлэлийн ийм өөрчлөлт нь дэлхийн хүнсний зах зээлийг сүйрлийн уналтад хүргэнэ.
Дэлхий дахинд газар тариалангийн ургац 7% буурах нь, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 1961 онд ажиглалт хийж эхэлснээс хойших хамгийн том ургац алдалтын хэмжээг давж гарна.
Мөн ийм цөмийн дайны хувилбараар бол, манай гарагийн хүн амын 75 гаруй хувь нь хоёр жилийн дотор өлсгөлөнд нэрвэгдэж үхнэ. Мөн дайны дараа илчлэгийн алдагдлыг малын тэжээлийн үр тариаг хүний хүнсэнд ашиглах замаар нөхөх боломжтой эсэхийг судлахад, их хэмжээгээр ашиглах тохиолдолд нөхөх боломжгүй гэсэн дүгнэлт гарчээ.
“Цөмийн зэвсгийг хориглох нь үе үеийн, урт хугацааны цорын ганц шийдэл юм. 5 жилийн хугацаатай Цөмийн зэвсгийг хориглох тухай НҮБ-ын гэрээг 66 орон соёрхон баталсан ч цөмийн зэвсэгтэй 9 улсын нэг нь ч батлаагүй” гэж судалгааг зохиогчдын нэг Алан Робок хэлжээ.
Эх сурвалж: forumdaily.com








