Хүний амьдралын “барилгын чулуу”-г эхнээс нь бий болгох маргаантай төслийн ажил эхэлжээ. Өмнө нь ийм судалгааг "захиалгын хүүхэд" бий болно гэсэн болгоомжлолын улмаас хориотой гэж үзэж байсан талаар ВВС мэдээлэв.
Ийм судалгаа нь, урьдчилан таамаглах аргагүй хойчийн үр дагаварт хүргэж болзошгүй гэж үздэг хэдий ч, дэлхийн хамгийн том эрүүл мэндийн буяны байгууллага болох Wellcome Trust, уг төсөлд эхний ээлжинд 10 сая фунт стерлинг хуваарилсан бөгөөд уг төсөл нь хор хөнөөлөө давсан сайн зүйл гаргаж ирэх боломжтой гэж тус байгууллага мэдэгджээ. Энэ нь эдгэршгүй олон өвчнийг эмчлэх болон эмчилгээг хурдасгахад тус болно.
Төсөлд оролцож буй Кембриж дэх МЗХ-ны молекул биологийн лабораторийн доктор Жулиан Сале, “Энэ бол биологийн шинэлэх ухааны аварга том алхам бөгөөд тэнгэр мэт хязгааргүй талбар юм. Бид, нас ахих тусамөөрчлөлт явагддаг хүний организм, ахимаг насныхны амьдралын чанарыг сайжруулж, цөөн өвчнөөр өвдөх, эрүүл хөгшрөлтийг хангах эмчилгээний аргуудыг хайж байна. Бид элэг, зүрх, дархлааны систем зэрэг гэмтсэн эрхтнийг нөхөн сэргээх чадвартай өвчинд тэсвэртэй эсийг бий болгоход энэ аргыг ашиглахыг хүсч байна." гэж ярьжээ. Гэхдээ ийм судалгааг, шударга бус эрдэмтдэд, "сайжруулсан" эсвэл генийн өөрчлөлттэй хүмүүсийг бий болгох замыг нээж магадгүй гэж шүүмжлэгчид болгоомжилж байгаа юм.
GM-ийн кампанит ажлын захирал доктор Пэт Томас, "Бид, бүх эрдэмтэд сайн сайхны төлөө ажилладаг гэж боддог ч, шинжлэх ухааныг муу зүйлд, тэр дундаа дайны зориулалтад ашиглах асуудал байдаг нь тун харамсалтай. Мөн энэ технологийг, хувийн эмнэлгийн компаниуд мөнгө олоход ашиглахад санаа зовж байна. Хэрэв бид нийлэг эрхтэн, тэр байтугай хүмүүсийг бий болгож чадвал, тэдгээрийг хэн эзэмших вэ? Мөн эдгээр амьтдаас олж авсан мэдээллийг хэн эзэмших вэ? гэсэн олон асуудлууд гарч ирнэ" гэж бичжээ.
Эрдэмтэд, хүний геномын төсөл хэрэгжиж дууссаны 25 жилийн ойг тохиолдуулан, BBC News-д мэдээллээ хуваалцсан бөгөөд Wellcome Trust-аас ихээхэн санхүүжүүлсэн уг төслийн хүрээнд хүний ДНХ-ийн молекулуудын зургийг гаргажээ.
Бидний биеийн эс бүр (цусны улаан эсээс бусад) генетикийн чухал мэдээллийг хадгалдаг ДНХ-ийн молекулыг агуулдаг. ДНХ нь өөр өөр хослолоор давтагддаг A, G, C, T гэсэн дөрвөн жижиг элементээс бүрддэг. Гайхалтай нь тэдгээр нь биднийг хэн бэ гэдгийг тодорхойлдог бүх мэдээллийг агуулдаг.
Хүний геномын төсөл нь, эрдэмтдэд хүний бүх генийг бар код шиг унших боломжийг олгосон. Synthetic Human Genome Project гэх энэхүү шинэ төсөл нь, энэ салбарыг урагшлуулах асар том алхам бөгөөд энэ нь, эрдэмтэдэдзөвхөн ДНХ молекулуудыг уншихаас гадна тэдгээрийн зарим хэсгийг, цаашдаа магадгүй бүхэл бүтэн ДНХ-ийг бүтээх боломжийг олгох юм.
Эрдэмтдийн хийх ёстой хамгийн эхний ажил бол, хүний ДНХ-ийн илүү том хэсгүүдийг бүрэн синтетик хромосом болгох аргыг боловсруулах явдал бөгөөд дараа нь тэдгээрийг ДНХ болон генүүд, бидний бие дэх үйл явцыг хэрхэн зохицуулдагийг судлахад ашиглах болно.
Хүний генийн ихэнх хэсгийг тайлсан Wellcome Sanger хүрээлэнгийн захирал, профессор Мэттью Хурлес, “Энэ нь генийн үйл ажиллагааны доголдлоос үүдэлтэй өвчнийг илүү сайн ойлгож, эмчлэхэд тусална. ДНХ-г эхнээс нь бүтээх нь, энэ нь хэрхэн ажилладагийг шалгах, мөн шинэ таамаглалуудыг шалгах боломжийг бидэнд олгодог. Учир нь одоогоор бид зөвхөн амьд организмын ДНХ-д өөрчлөлт оруулах боломжтой байгаа” гэсэн байна.
Төслийн хүрээнд хийгдэх ажлууд, зөвхөн хуруун шил, лабораторийн саванд явагдна. Синтетик амьдралыг бий болгох оролдлого хийгдэхгүй. Энэхүү шинэ технологи нь, эрдэмтдэд хүний биологийн системийг урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хянах боломжийг олгоно.
Төслийн зорилго зөвхөн эрүүл мэндийн ашиг тусын төлөө байгаа хэдий ч, шударга бус эрдэмтэд энэ технологийг муу зүйлд ашиглахад нь юу ч саад болохгүй юм. Жишээлбэл, хүний хиймэл хромосом үүсгэх аргыг боловсруулсан Эдинбургийн их сургуулийн генетикч, профессор Билл Эрншоугийн биологийн зэвсэг бүтээх, "сайжруулсан" хүн бүтээх, эсвэл хүний ДНХ-тэй амьтдыг бүтээх аргуудыг нь жишээ болгон дурджээ. Тэрээр, "Бид зарим хязгаарлалтыг нэвтрүүлж болох ч, хэрэв хэн нэгэн шаардлагатай тоног төхөөрөмжид нэвтэрч, ямар нэгэн зүйлийг нэгтгэхийг хүсвэл бид үүнийг зогсоож чадахгүй. Аварга биет шидтэн лонхноосоо гарсантай зүйрлэж болно" гэсэн байна.
Энэ технологийг урвуулан ашиглах эрсдэлийг Wellcome сан мэдэж буй ч, төслийн санхүүжилтийг зөвшөөрсөн доктор Том Коллинз, “Энэ нь тийм ч амар шийдвэр байгаагүй, гэхдээ энэ технологи хэзээ нэгэн цагт хөгжинө гэдэг нь тодорхой байсан. Тиймээс, хэрэв бид үүнийг яг одоо эхлүүлбэл, аль болох хариуцлагатай хийж, ёс зүй, ёс суртахууны асуултуудыг өөрсдөөсөө шууд асууж чадна. Төслийг Кентийн их сургуулийн социологич, профессор Жой Жангийн удирддаг нийгмийн шинжлэх ухааны судалгааны тусдаа хөтөлбөр дагалдана. Бид, шинжээчид, нийгмийн судлаачид, ялангуяа олон нийтээс энэ технологийг хэрхэн хүлээн авах болон, энэ нь тэдэнд ямар ашигтай байж болох, хамгийн чухал нь, ямар асуудлууд тэдний санааг зовоож байгааг сонсохыг хүсч байна" гэж бичжээ.