"Би робот биш" гэсэн бичгийн дэргэд байрладаг, дотроо “зөв” тэмдэгтэй жижиг дөрвөлжин нь, таныг програм биш, харин хуруу, бодол санаа, сүнстэй, магадгүй аяга кофе тамшаалан суугаа амьд хүн, хор хөнөөлгүй, буух эзэн, буцах хаягтайг тань шалгаж оруулдаг баталгаа юм. Харин Робот яагаад уг тэмдгийг дарж чадахгүй байгааг IXBT тайлбарлав.
Энэ системийн цаана юу байгааг ойлгохын тулд, бид энэ систем хэрхэн ажилладаг талаар бага зэрэг ойлгох хэрэгтэй.
CAPTCHA хэрхэн ажилладаг вэ
"Би робот биш" гэсэн дөрвөлжин нь, зүгээр л нэг товчлуур биш бөгөөд үүний цаана зан үйлийн шинжилгээнд үндэслэсэн бүхэл бүтэн систем байдаг. Хүн сайтад зочилж, энэ дөрвөлжинг хэрэглэх шаардлагатай болох хүртэл, сайт түүнийг удаан хугацаанд ажиглаж байдаг. Энэ нь тандалт биш, харин системийн зан үйлийн хэв маягийг унших чадвартай үйлдэл юм.
Жишээлбэл, хүн хулганаа хөдөлгөхөд, түүний хөдөлгөөн роботуудынх шиг жигд биш байдаг. Роботууд ихэвчлэн өчүүхэн ч алдаагүйгээр хэт жигд хөдөлдөг. Тэд хүн шиг секундын турш түр зогсоод курсорын байрлалыг тохируулдаггүй. Гэхдээ хүний хөдөлгөөн огцом, шийдэмгий биш, заримдаа алдаж болно. Эдгээр ялгаанууд нь,систем нь хэнтэй харьцаж байгааг /хүн эсвэл машин/ ойлгоход тусалдаг.
CAPTCHA систем, эсвэл түүний илүү нарийвчлалтай reCAPTCHA v2 хувилбар нь, хулганын хөдөлгөөний хурд, дэлгэц дээрхийг гүйлгэх хурд, хөтчийг ашиглах хугацаа зэрэг олон хүчин зүйлд дүн шинжилгээ хийдэг. Хэрэв хэрэглэгч энгийн хүн шиг аашилж байвал, тэр зүгээр л чек дээр дараад өнгөрдөг. Гэсэн хэдий ч, хэрэв хэрэглэгч хиймэл оюун ухаан шиг хэт зөв байвал, есөн зураг үзүүлж түүнийг туршиж үздэг байна.
Хэрэв робот энэ пөрвөлжинг дарвал яах вэ?
Машин сургалтын алгоритмыг ашигладаг дэвшилтэт робот байна гэж бодъё. Тэр товчлуурыг харж, виртуал курсорыг хөдөлгөж, шалгах тэмдэг дээр дарна. Гэхдээ энэ нь ажиллахгүй. Учир нь, энэ дөрвөлжин дөх тэмдэгзүгээр л гох. Түлхүүрээс гадна яаж ойртсоныг чинь шалгадаг цоожтой хаалга шиг, бөгөөд энэ нь зөвхөн эцсийн мэдрэгч юм.
Амьд хүн үү, хиймэл оюун ухаан уу гэдгийг энэ систем аль эрт тодорхойлсон байгаа. Робот техникийн хувьд товчлуур дээр дарж болох боловч, харин дарах хүртэлх үйлдэл нь хүнийхтэй адилгүй бол түүнийг илрүүлэх л болно.
CAPTCHA-ийн хувьсал
Интернет бол үндсэндээ роботууд болон тэдгээрийн эсрэг хамгаалалтуудын хоорондох тулааны талбар юм. Хөгжүүлэгчид, хүний зан төлөвийг дуурайх гэж оролддог ухаалаг роботуудыг бүтээдэг бөгөөд харин Google (reCAPTCHA-ийн эзэмшигч), "Давж гарахыг хичээ!" гэсэн хариулт өгч, үүний үр дүнд вэбсайтын өмнө хүн эсвэл машин байгаа эсэхийг таних нарийн төвөгтэй аргууд гарч ирсээр байна.
reCAPTCHA-н хамгийн сүүлийн хувилбар болох reCAPTCHA v3 нь, ямар ч тэмдэглэгээ, дүрс оруулах шаардлагагүй. Хэрэглэгчийн зан төлөв, үйлдэлд дүн шинжилгээ хийж, тэдний үйл ажиллагааг 0-ээс 1 хүртэлх масштабаар үнэлдэг. Үнэлгээ 1-д ойртох тусам хэрэглэгч илүү хүн болж харагддаг. Гэтэл, роботууд хөгжихөө зогсоодоггүй бөгөөд үргэлжлүүлэн суралцсаар байна. Тэд хүний хөдөлгөөнийг дуурайж, тор зогсож, курсорын гар бичмэлийг хүртэл хуулж авч чаддаг болсон. Зарим хиймэл оюуны мэдрэлийн сүлжээ нь, маш ухаалаг болсон тул, өндөр нарийвчлалтайгаар captcha-ийн хуучин хувилбаруудыг давж гарч чаддаг байна.
reCAPTCHA зэрэг системүүдийг, спам, робот, хууралт, мэдээлэл хулгайлах зэргээс вэбсайтыг хамгаалахад ашигладаг. Энэ нь интернетийн хувьд маш чухал. Гэсэн хэдий ч роботууд, "Би робот биш" товчийг дарах чадваргүй байгаа нь хамгийн инээдтэй юм.
Хүмүүсийн хувьд ийм шалгалтыг давах нь ердийн зүйл болсон. Тэд текст уншиж байхдаа, хулганаа эсвэл нүдээ хэр хурдан хөдөлгөж байгаагаа анзаардаггүй. Машинуудын хувьд энэ нь, бидний үйлдлийг дуурайхын зэрэгцээ, хүний "эмх замбараагүй байдлын" логикийг хуулбарлах нарийн төвөгтэй даалгавар юм.
Роботууд илүү ухаалаг болж, captcha ч мөн адил хөгжиж байна. Хэзээ нэгэн цагт роботууд хүнээс ялгарахгүй биеэ авч явахад суралцаж,, тэднийг асуултгүй оруулах ч юм билүү? Харин шинэ үеийн интерфейс дэх, төгс жигд хөдөлгөөнтэй хүн сэжиг төрүүлж ч мэднэ.