Нью-Йоркийн 8 сая оршин суугчид нэг шөнийн дотор алга болвол нийслэлд юу тохиолдох вэ, хот хэр хугацаандшигүү ой болон хувирах вэ гэсэн сонирхолтой судалгааг эрдэмтэд хийснийг BB нийтэлжээ.
Нью-Йорк хотын хүн ам 8 сая орчим. Гэтэл гэнэт, их хотын үргэлжилсэн какофони болон машин, метро зогсч, бүх хүмүүс хаа нэг тийш алга болвол юу болох вэ?
Хүмүүсгүй эхний сард Нью-Йорк харанхуйд умбана
Мэргэжилтнүүд цахилгааны сүлжээнд үйлчилгээ үзүүлэхгүй учираас хэдхэн хоногийн дотор хот харанхуйд живэх болно. Гэрлийн бохирдол нэг шөнийн дотор алга болж, Сүүн зам хотын төвийг гэрэлтүүлэх болно. Түүгээр ч барахгүй барилгуудын эвдрэлийг судалдаг Загребын их сургуулийн архитектор Яна Хорватын хэлснээр,агааржуулагч, халаалтгүй бол барилга доторх температур алдагдаж, ханан дээр мөөгөнцөр үүснэ.
Удаан хугацаанд үйл ажиллагаа явуулах чадвартай ногоон эрчим хүчний төслүүд хүртэл эцэст нь бүр ажиллахаа болино. Энэ нь цахилгааны хомсдол биш, харин тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийдэг хүмүүс байхгүйтэй холбоотой.
Цахилгаангүй болсноор, өдөр бүр метроноос 42 сая орчим литр ус татдаг шахуургын станцууд ажиллахгүй болж, хонгилууд үерт автна. Энэ нь газар доорхи усан хонгилд шинэ амьтдын төрөл зүйлүүд үүсэхэд хүргэнэ.
Харвардын их сургуулийн ахлах ажилтан, ургамал судлаач Питер Дел Тредичигийн хэлснээр, Нью-Йорк хотын асар их арчилгаан доор байсан цэцэрлэгт хүрээлэнгүүд эмх замбараагүй, зэрлэгшинэ.
Хүмүүсгүй жил өнгөрөхөд, хотын олон барилга нуран унана. Хорватын хэлснээр, шилэн барилгууд хамгийн түрүүнд нурна. Ус чийг барилга руу орж, барилгуудыг ургамал эзэлж, орон сууцууд шумуул, шавьж, усны могой, мөөгөнцөр, зэгс зэрэгт нэн тохиромжтой чийглэг хүлэмж болж хувирна.
Засвар үйлчилгээ хийгдэхгүй болсноор, Нью-Йорк хотын асфальтан зам, зогсоолууд маш хурдан муудаж, хөлдөх-гэсэлтийн мөчлөгөөр хагарал үүсч, эхлээд хөвд гарч ирэх бөгөөд арван жилийн дараа анхны моднууд ургана.
Арван жилийн дотор Эрх чөлөөний хөшөө мөн л муудаж эхэлнэ. Түүний зэс бүрхүүл нь хагарч, далайн ус түүний доторхи ган араг бүтээцийг устгах болно. Ган хэдийгээр бөх материал боловч, чийгтэй харьцах үед зэврэлтэнд өртөмтгий байдаг. 50 жилийн дараа Нью-Йорк хот өвөрмөц экосистемтэй болно. Хүн төрөлхтөн алга болсноос хойш хэдэн арван жилийн дараа энэ дэлхий дээр урьд өмнө хэзээ ч байгаагүй цоо шинэ экосистем бий болно.
Хот ургамлын өвөрмөц экосистем болон хувирах тусам, улам олон шинэ төрлийн амьтад ажиглагдах бөгөөд үүнд буга, туулай, зэрлэг гахай, зэрлэг цацагт хяруул, мөн чоно, бобкат, хар баавгай, зэс толгой зэргийн шинэ төрлүүдорно. Цоохор шонхор, халзан бүргэд, улаан сүүлт шонхор, эвэрт шар шувууд барилга байшинд үүрлэж эхлэх бол зэрлэг муурнууд орон сууцны орхигдсон дээд давхарт тэнүүчилж, хулгана, шувуугаар хооллох болно.
100 жилийн дараа тэнгэр баганадсан барилгуудын төгсгөл ирнэ
Хэдийгээр футурист дүр төрхтэй ч, хотын хамгийн сүүлийн үеийн цамхагууд хамгийн түрүүнд унах болно. Гол нь эдгээр барилгууд төмөр бетон каркасаар бэхлэгдсэн байдаг ч цахилгаан тасарч, шилэн ханаар ус чийг нэвчих үед тэнгэр баганадсан барилгууд шууд утгаараа дотроосоо нурах болно.
Empire State Building болон Chrysler Building нь, залуу өрсөлдөгчдөөсөө илүү наслах магадлалтай. Тэд илүү их жингийн даацтай бүтээгдсэн. Гэсэн ч эцэстээ тэд ч бас нуран унана.
Тредичигийн хэлснээр, нэг зууны дараа Нью-Йорк хот ой мод болж, тэнгэр баганадсан барилгуудын оронд 30 метрийн өндөр модод сүглийх болно. Гэсэн хэдий ч, ой мод болон хувирсан Нью-Йоркийн зарим хэсэгт сүйрсэн хотын үлдэгдэл байсаар байх болно гэжээ.