June
19
2025
Anu.mn
Мэдээ
Ганц бие хүмүүс зөнөглөх өвчин болон Альцгеймерээр өвчлөх нь бага байдаг
Ганц бие хүмүүс зөнөглөх өвчин болон Альцгеймерээр өвчлөх нь бага байдаг
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Ганц бие хүмүүс зөнөглөх өвчин болон Альцгеймерээр өвчлөх нь бага байдаг
Photo: iStockphoto

Бэлэвсэн, салсан, гэрлээгүй хүмүүс гэр бүлтэй хүмүүстэй харьцуулахад оюуны хомсдол, сэтгэцийн асуудалд өртөх эрсдэл нь 50%-иар бага байдаг гэсэн шинэ судалгааныхаа үр дүнг SCMP мэдээлэв.

Аз жаргалтай гэрлэлт нь, эрүүл мэндийн олон ашиг тустай. Энэ нь хосуудад аюулгүй байдал, бие биедээ харьяалагдах мэдрэмжийг өгдөг. Мөн зовлон, жаргалаа хуваалцах хүнтэй байдаг. Гэтэл эдгээр илэрхий зүйлүүдийг, шинэ судалгаа асуултын тэмдэг тавьжээ.

Өмнө нь, аз жаргалтай гэрлэлт стрессийг арилгах хандлагатай байдаг. Цусны даралт ихсэх өвчнийг бууруулж, нойрны чанар, сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулдаг. Хань ижилтэй байх нь хүнийг илүү их гадаа гарах, илүү их дасгал хийх эсвэл илүү идэвхитэй байлгадаг. Мөн гэрлэлт нь эдийн засгийн үр өгөөжтэй байдаг тул хосууд санхүүгийн асуудал багатай байдаг. Ойр дотны харилцаа байхгүй байх нь, зүрх судасны өвчин, хорт хавдар, аутоиммун өвчин зэрэгтэй холбоотой болохыг харуулсан судалгаанууд хүртэл байдаг. Өөр нэг судалгаагаар гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс ганц бие хүмүүсээс дунджаар хоёр жилээр урт насалдаг болохыг баталсан бөгөөд гэр бүлтэй хүмүүс илүү сайн хооллодог, илүү их дасгал хийдэг, тамхи татах, архи уух нь бага байдаг гэдгийг олон арван судалгаа харуулдаг байна. Хонг Конг дахь Central Minds-ийн сэтгэл засалч Майкл Бекхэм, "Хөгшин настай гэр бүлийн хүмүүс, ганц бие хүмүүстэй харьцуулахад дементиа өвчнөөр өвчлөх магадлал бага байдаг гэсэн судалгаа байдаг." гэжээ.

Гэтэл, гэрлэлт болон тархины эрүүл мэнд хоёрын хоорондын уялдаа холбоог судалсан шинэ судалгааны үр дүн үнэхээр цочирдмоор гарчээ.

АНУ-ын Флорида мужийн их сургуульд хийсэн судалгаагаар, гэрлээгүй хүмүүс сэтгэц, оюуны хомсдол, тэр дундаа Альцгеймерийн өвчин, Льюи хэлбэрийн дементиа өвчнөөр өвчлөх магадлал нь бага байгааг харуулжээ.

Доктор Селин Каракосе, “Бид 18 жилийн турш 20,000 гаруй ахмад настнуудаас дээж авч, АНУ даяарх сэтгэцийн эмнэлгүүдэд жил бүр үнэлгээ хийж, гэрлээгүй өндөр настай хүмүүсийг гэр бүлтэй хүмүүстэй харьцуулснаар ганц бие хүмүүс сэтгэц, оюуны хомсдолд өртөх эрсдэл багатай байдаг болохыг бид олж мэдсэн. Бэлэвсэн, салсан, хэзээ ч гэрлээгүй хүмүүс гэр бүлтэй хүмүүсийнхээс 50% ба түүнээс бага оюуны хомсдолд өртөх эрсдэлтэй байдаг нь харагдсан. Мөн энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд, залуу болон ахмад настнуудын дунд ижил байв." гэж бичжээ.

Яагаад гэрлэлт Дементийн эрсдэлт хүчин зүйл болов?

Гэрлэсэн ахмад настнуудын нийгмийн харилцаа бага байж болох. Мөн тэд бие даасан байдал багатай, нэгийгээ асрах гэх мэт стресстэй нөхцөл байдалтай тулгардаг. Энэ нь сэтгэц, оюунд нь нөлөөлдөг байж болзошгүй.

Мөн сонирхолтой нь, гэрлэлт, хамтын амьдрал нь аз жаргалгүй байсан хүмүүс салааад илүү их аз жаргал, амьдралын сэтгэл ханамж авдаг гэсэн зарим нотолгоо байдаг.

Бэлэвсэн хүмүүсийн ойр дотны харилцаа нь, эхнэр, нөхрөө алдсанаас нь хойш сэргэх, нэмэгдэх тал ажиглагддаг бөгөөд энэ нь сэтгэц, оюуны асуудалтай болох эрсдэлээс хамгаалдаг байж болзошгүй гэсэн дүгнэлт гарчээ.

Хонг Конг дахь Mindnlife-д бүртгэлтэй клиник сэтгэл судлаач, доктор Куратулайн Заиди, “Хүн хоорондын харилцаа нь тархины эрүүл мэндэд чухал ач холбогдолтой бөгөөд бие махбодийн болон танин мэдэхүйн бие даасан байдлаа хадгалахад анхаарлаа хандуулах нь чухал байдаг. Таны хамтрагч таны хувьд хичнээн төгс байсан ч, тэд чиний бүх ертөнц биш" гэж ярьжээ. Тиймээс "би"-гээ хадгалах нь чухал ч, бие биенээ сонирхох, хамтрагчаа буруу зүйлд бус зөв зүйлд төвлөрүүлж, харилцан хүндэтгэл, талархлын соёлыг бий болгохын төлөө байх нь чухал юм.

Шинэ судалгаа, гэрлэлт хүний тархинд үргэлжид сайн нөлөөлдөг гэсэн санааг үгүйсгэж байгаа бөгөөд гэрлэсэн эсэх нь чухал биш, харин хүмүүс хоорондын харилцаа нь хэр их аз жаргалтай, эрүүл байгаа нь чухал гэдгийг харуулсан байна. Судлаачид, сэтгэцийн эдгээр аймшигт өвчнүүдийг үргэлжлүүлэн судалж байна. Тэд, “Бид энэ өвчинүүдийн талаар илүү ихийг мэдэх тусам, эдгээрээс зайлсхийх боломж нэмэгддэг” гэсэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.