June
20
2025
Anu.mn
Мэдээ
Домогт Бруклины гүүрний түүх
Домогт Бруклины гүүрний түүх
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Домогт Бруклины гүүрний түүх
Photo: depositphotos.com

Нью-Йоркийн хамгийн алдартай Бруклины гүүр 142 жилийн настай, ган татлагатай хамгийн урт энэхүү дүүжингүүр нь 19-р зууны сүүлчээр баригдаж, дэлхийн техникийн дэвшлийн гайхамшиг болсон юм. Өнөөдөр ч энэ гүүр,нео-готик хэв маягийн гоо үзэсгэлэнгээрээ гайхшруулдаг. Түүнчлэн олон сонирхолтой, заримдаа эмгэнэлтэйтүүхэн баримтууд Нью-Йоркийн энэхүү гол гүүртэй холбоотой байдаг байна.

Гүүрний угсралтын үеийн хүндрэлүүд

Бруклины гүүр нь, 1915 онд албан ёсоор Бруклин гэж нэрлэгдэх болсон бөгөөд өмнө нь, Нью-Йоркын, Бруклины, Истриверийн гүүр гэж өөр өөрөөр нэрлэгддэг байв. 1898 он хүртэл, Нью-Йорк (Манхэттэн арал), Бруклин хоёр нь тусдаа өөр хотууд байсан бөгөөд харин алдарт гүүр тэднийг ойртуулж, нэг метрополис болон нэгдэхэд тусалсан юм.

Тухайн үед дэлхийн хамгийн том, 1825 метр урт дүүжин гүүрийг барих ажил 13 жил үргэлжилсэн. Гүүрний төслийг өмнө нь Техас, Пенсильвани, Охайо мужуудад дүүжин гүүр барьж байсан Германы цагаач Жон Роблинг боловсруулсан. Гэвч ослын улмаас инженер хөлөө хүнд гэмтээснээс, шарх нь халдвар авч, тэр үед эдгэршгүй байсан татран өвчнөөр удалгүй нас баржээ. Гүүрний барилгын ажил 1870 оны 1-р сарын 3-нд эхэлсэн. Талийгаач архитекторын хүү Вашингтон Роблингд уг төслийг удирдаж, эцгийнхээ ажлыг үргэлжлүүлэхийг даатгасан. Гэвч түүнийг ч мөн атаархмааргүй хувь тавилан хүлээж байв. Ист-Риверийн усанд шумбах ажлын шаардлага нь, Роблингийг ажлын эхний саруудад агаарын даралтын огцом бууралтаас үүсдэг даралтын өвчнөөр өвчилүүлж, саажилттай болсон. Гэхдээ тэрээр барилгын удирдлагыг орхисонгүй, 11 жилийн турш эхнэр Эмилигээр дамжуулан инженерүүдэд зааварчилгаа өгдөг байв. Эмили Роблинг, нөхрөө аль болох үр дүнтэй ажиллахад нь туслахын тулд математик, инженерийн гүнзгийрүүлсэн сургалтанд хүртэл хамрагдсан байдаг. Гүүр барих нь аюултай бөгөөд маш хэцүү ажил юм. Бруклины гүүр барих явцад нийт 27 ажилчин нас баржээ. Мөн гүүрэнд 15.5 сая ам.доллар зарцуулсан нь тухайн үед маш их мөнгө байсан юм.

1883 оны 5-р сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн өдөр гүүрээр 150,300 хүн, 1,800 тээврийн хэрэгсэл, голдуу морин тэрэг гарчээ. Нээлтийн ёслолд АНУ-ын 21 дэх Ерөнхийлөгч Честер Артур оролцож, Нью-Йорк хотын дарга Франклин Эдсоны хамт гүүрээр алхсан байна. Тэднийг Бруклины гүүрний төгсгөлд Бруклины захирагч Сет Лоу угтан авчээ. Төслийн менежер Вашингтон Роблинг эрүүл мэндийн байдлаасаа болоод өөрийн бүтээлийн танилцуулгыг үзэж чадаагүй юм. Харин нээлтийн дараа удалгүй, Нью-Йоркт гүүр найдваргүй, нурах гэж байна гэсэн цуу яриа тарж эхэлсэн. Үүний уршигаар, үүнд итгэсэн олон хүмүүс, гүүр нээгдсэнээс хойш 6 хоногийн дараа буюу 5-р сарын 30-нд гүүрэн дээр асар их түгжрэл үүсгэн замбараагүй байдалд хүргэсэн. Гүүр нураагүй ч 12 хүн гишгэгдэж амиа алдсан байна.

Жилийн дараа буюу 1884 оны 5-р сарын 17-нд бизнесмэн П.Т.Барнум, гүүрээр 21 заан явуулж хүмүүсийн эргэлзээг тайлж гүүр найдвартай болохыг баталжээ. Ингэхдээ тэрээр өөрийн циркээ ч маш сайн сурталчилсанажээ.

Хэдийгээр Бруклины гүүр нурна гэж айх шаардлагагүй болсон ч, АНУ-д гүүрнүүд хэд хэдэн удаа нурсан ажээ. Хамгийн сүүлд 2007 онд Миннесота мужийн Миннеаполис хотын хурдны зам дээрх 1-35Вт-ын гүүр нурсантохиолдол гарч байсан. Энэ үйл явдал нь Бруклины гүүрний бат бөх эсэхэд эргэлзээ төрүүлсэн бөгөөд хэдэн жилийн өмнө хийсэн шалгалтын дүнд гүүрний нөхцөл байдал “хангалтгүй” гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ энэ нь гүүрний аюулгүй байдалд бүхэлд нь хамаарахгүй, зөвхөн зарим хэсгийг нь засах шаардлагатай гэснээр, 508 сая ам.доллар төсөвлөгдсөн сэргээн засварлах ажил 2010 онд эхэлж, 2014 он хүртэл үргэлжилсэн байна.

Алдарт гүүр ба террористууд

1994 онд Ливаны иргэн Рашид Баз, Чабад-Лубавич хөдөлгөөний ортодоксаль шашны еврейчүүд явж байсан микро автобус руу гал нээжээ. Али Хальберстам гэдэг 16 гастай 1 хүү нас барж, гурван хүн шархадсан. Рашид Базад 141 жилийн хорих ял оноож байв. Харин 2000 онд л түүний үйлдлийг террорист гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Манхэттэнээс гүүр рүү орох хаалгыг Ари Халберстамын дурсгалд зориулан нэрлэсэн байна.

2003 онд Аль-Каидагийн төлөвлөж байсан бас нэгэн террорист халдлагаас азаар урьдчилан сэргийлсэн бөгөөд ачааны машины жолооч Лиман Фарис, Аль-Каида бүлэглэлд туслахын завдсан хэргээр 20 жилийн хорих ял авчээ. Террористууд, Бруклины гүүрний ган татлагыг таслахаар төлөвлөж байжээ.

Гүүрний доорх хангамжийн бункер

2006 онд, Манхэттений зүүн талд байрлах Бруклины гүүрний доороос, ЗХУ-ын цөмийн довтолгооноос хамгаалах зориулалтаар баригдсан хүйтэн дайны үеийн бункер олдсон юм. Бункерт лаазалсан бүтээгдэхүүн, бусад хоол хүнс, зайлшгүй шаардлагатай зүйлс байсан байна.

Нью-Йорк хотын Транзит тээврийн ажилчдын холбоо 1980, 2005 онуудад томоохон ажил хаялт зохион байгуулах үед уг гүүр хоёр ч удаа үндэсний мэдээллийн гол цэг болж байсан. Тухайн үеийн хотын дарга нар (1980 онд Эдвард Кох, 2005 онд Майкл Блүүмберг), нийтийн тээвэр байхгүйгээс алхдаг Нью-Йоркийн ард иргэдтэйгээ эв нэгдэлтэй байхын төлөө, өглөө Хотын захиргаа руугаа ажилдаа гүүрээр алхдаг байжээ.

Гүүрээр үнэгүй виртуал аялал хийх

Бруклины гүүр нь, урлаг, зохиол, яруу найрагчид, кино найруулагчдад урам зориг өгдөг байв. 20-р зууны эхэн үеийн модернист яруу найрагч Харт Крейн түүнд зориулж шүлэг хүртэл бичиж байжээ. Түүний яруу найргийн түүвэр "Гүүр" нь одоо ч түүний хамгийн том амжилтад тооцогддог. Бруклины гүүрийг олон роман, богино өгүүллэгт дурьдсан бөгөөд олон киноны зураг авалт хийгдэж байв. Бруклины гүүрийг 1964 онд Үндэсний түүхэн дурсгалт газар гэж нэрлэсэн ч, түүнээс хавьгүй өмнө Нью-Йоркийн бэлгэ тэмдэг болсон байсан юм. 1980-аад оноос хойш гүүрийг шөнийн цагаар гэрэлтүүлдэг болсон. Шөнийн цагаар түүний гоёмсог нео-готик архитектур нь өдрийнхөөс тэс өөр харагддаг. Мөн, www.brooklynbridgetour.com сайтаас Бруклины гүүрээр 40 минутын видео аялал хийх үнэгүй програмыг татаж авах боломжтой. Виртуал аялал гүүрний Манхэттэн талаас эхэлдэг. Хамгийн сонирхолтой нь, энэ программыг гүүрийг барьсан инженер Вашингтон Роблингийн ач хүү Кристиан Роблинг бүтээсэн ажээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.