Wall Street Journal болон NBC телевизийн компани хамтран, тамхи, архи, элсэн чихэр, марихуаны алийг нь илүү их хор хөнөөлтэй гэж үздэг талаар мянга мянган америкчуудын санаа бодлыг нийтлэв.
Санал асуулгад оролцогчдын бараг тал хувь нь буюу 49% нь, тамхи эдгээр зүйлсээс хамгийн их хортой, 24% нь согтууруулах ундааг, 15% нь элсэн чихэр, ердөө 8% нь, марихуаныг эрүүл мэндэд аюултай гэж үздэг гэж хариулжээ.
Харин эмч нар өөр үзэл бодолтой байдаг. Йелийн их сургуулийн доктор Майкл Пантелон Epoch Times сонинд өгсөн ярилцлагадаа, эдгээрийг өөрөөр тодорхойлсон.
Тэрээр, "Юу нь илүү хортой вэ? гэсэн асуултын хариулт, тэдгээрийг хамт хэрэглэдэг эсэх болон тухайн зүйлийг хэрэглэдэг хэмжээ, тун, хэргэлсэн хугацаа гэсэн олон хүчин зүйлээс шалтгаална. Архи, согтууруулах ундааг эрүүл мэндэд хамгийн хортой, аюултай. Согтууруулах ундааны хордлого, ялангуяа хүмүүс богино хугацаанд их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэх нь бие, организмыг ноцтой үр дагаварт хүргэж, бүр үхэлд ч хүргэдэг. Мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж автомашины осол, хүчирхийлэл их гардаг. Урт хугацааны архины донтолт нь зөвхөн эрүүл мэнд төдийгүй хүний нийгмийн байдал, гэр бүлийн харилцааг сүйтгэдэг” гэж бичжээ.
Эмч нар янжуурыг хоёрдугаарт тавьсан бөгөөд никотины хэрэглээ нь, дотоод эрхтний ноцтой өвчинд хүргэж, тэр дундаа тамхидалт уушигны хорт хавдар хоёрын хоорондын холбоог үгүйсгэх аргагүй гэж үзжээ.
Доктор Пантелон, марихуаныг хүмүүст хамгийн их хор хөнөөлтэй зүйлийн гуравдугаарт оруулжээ. Ихэнх америкчууд үүнийг архи, тамхинаас бага аюултай гэж үздэг ч, эмч нар марихуаныг удаан хугацаагаар хэрэглэх нь ямар үр дагавартайг яг таг мэдэхгүй хэвээр байгаа бөгөөд энэ сэдвээр маш их судалгаа хийсээр байна. Түүнчлэн, өнөөдрийг хүртэл шинжээчид, машин жолоодоход эрсдэл үүсгэх марихуаны хэмжээн дээр санал нийлэхгүй байгаа юм. Мөн марихуаны хамгийн их аюул нь донтуулдагт байдаг. Сахарыг дөрөвдүгээрт оруулжээ. Чихэрлэг хүнс нь эрүүл мэндэд тустай биш, ямар ч ашиггүй, хэрэглээ нь эрт орой хэзээ нэгэн цагт эрүүл мэндийн асуудалд хүргэдэг (чихрийн шижин, таргалалт гэх мэт). Гэхдээ элсэн чихэрийг архи, тамхи, марихуанаас хамаагүй бага хор хөнөөлтэй гэж үзсэн байна.