April
2
2026
Anu.mn
Мэдээ
АНУ-ын хилийн чанад дахь нутаг дэвсгэрүүд, хүүхдэдээ Америкийн иргэншил авахыг хүсэгчдийн ...
АНУ-ын хилийн чанад дахь нутаг дэвсгэрүүд, хүүхдэдээ Америкийн иргэншил авахыг хүсэгчдийн “төрөх аялал”-ын бааз болжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-ын хилийн чанад дахь нутаг дэвсгэрүүд, хүүхдэдээ Америкийн иргэншил авахыг хүсэгчдийн “төрөх аялал”-ын бааз болжээ

Номхон далайд орших АНУ-д харьяалагддаг халуун орны арлууд, жирэмсэн хятад эмэгтэйчүүдийн зорин очдог газар болжээ. Хятадаас ирсэн эмэгтэйчүүд эдгээр амралтын бүсийг нэг ёсны төрөх төв болгон хувиргаж, тэнд өдөр бүр төрж буй хүүхдүүд автоматаар АНУ-ын иргэншил авч байна гэж New York Post бичжээ.

АНУ-ын нутаг дэвсгэр, Гуамаас зүүн хойд зүгт байрлах Хойд Марианы арлууд руу, 2009 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Барак Обама, Хятадын иргэдийг визгүй зорчих эрх олгосны дараа “төрөх аялал”-ын жуулчдын урсгалд өртсөн байна.

Өнөөдөр ойролцоогоор 1000 орчим компани, Хойд Марианы арлууд, АНУ-ын бусад хилийн чанад дахь нутаг дэвсгэрүүд, тэр ч байтугай эх газрын хэсэгт “төрөх аялал”-ын үйлчилгээ санал болгож байна. Тэдний мэдээлснээр, ийм үйлчилгээ ашигласан хятад эцэг эхийн 1.5 сая орчим хүүхэд АНУ-ын иргэн болж, Хятадад өсөж хүмүүжиж байгаа аж.

Гуравдугаар сарын 9-нд, Дональд Трампын танхимын гурван гишүүнд хандсан захидалдаа Бүгд найрамдах намын хууль тогтоогчид, Хятадаас ирж буй “төрөх аялал”-ын бодит цар хүрээний талаар мэдээлэл өгөхийг шаарджээ.

Immigration Accountability Project байгууллагын ерөнхийлөгч Крис Хмелински, “Эдгээр хүүхдүүдийн эцэг эх, Хятадын Коммунист намтай холбоотой эсэх нь асуудал дагуулж байна” гэж онцолсон бөгөөд “Их хэмжээний ашиг олдог энэ салбар байдгийг бүгд мэддэг ч, холбооны засгийн газраас ийм аргаар хэдэн хүн иргэншил авсныг мэдээлдэггүй” гэж нэмж хэлжээ. Мөн тэрээр, “Энэ нь зөвхөн санал өгөх асуудал биш, гинжин шилжилт хөдөлгөөний тухай юм. Ийм үйлчилгээ авч чадсан гэр бүлүүд ихэвчлэн АНУ-д амьдрах санхүүгийн боломжтой байдаг. Мөн чинээлэг хятад иргэд төрийн бүтэцтэй холбоотой байх нь элбэг” гэж тайлбарлажээ

“Гинжин шилжилт хөдөлгөөн” гэдэг нь АНУ-ын иргэн болон байнгын оршин суугчид хамаатан саднаа грин картаар дамжуулан хууль ёсоор оруулах үйл явц юм. Migration Policy Institute-ийн мэдээлснээр, 2024 онд шинэ грин карт авсан хүмүүсийн 77% нь энэ шугамаар авчээ.

Эдгээр хүүхдийн ихэнх нь энэ арван жилд сонгуулийн насанд хүрнэ. 21 нас хүрмэгцээ тэд эцэг эх, ах дүүстээ грин карт хүсэх эрхтэй болж, улмаар бусад гэр бүлийн гишүүдийг АНУ-д авчрах боломж нь бүрдэнэ.

Хууль тогтоогчид, Дотоод аюулгүй байдлын яамны хуучин тэргүүн Кристи Ноэм, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Дотоод хэргийн яамны тэргүүн Даг Бергум нарт илгээсэн захидалдаа, холбооны мэдээллийг нийтэд ил болгохыг шаардаж, төрөлтийн эрхээр иргэншил олгох бодлогыг “утгагүй” гэж нэрлээд, “дайсагнагч оронд өссөн ирээдүйн сонгогчид” бий болох эрсдэл үүсч байна гэжээ.

Харин Сайпан арал дээрх цорын ганц эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч доктор Жеффри Фрейш, ийм болгоомжлолыг “утгагүй” гэж үзэж байна.

Тэрбээр “Эмэгтэйчүүд яагаад ингэж байгааг асуухад тодорхой хариу өгөх нь ховор. Ихэнхдээ энэ нь статусын асуудал, хүүхдээ Америкийн их сургуульд сургах хүсэлтэй байдаг” гэж хэлсэн байна.

Мөн зарим нь, төрөөгүй хүүхдийнхээ амь насыг эрсдэлд оруулж байсан тухай дурджээ. Нэгэн тохиолдолд, хэт авианы шинжилгээгээр ургийн хөгжлийн гажиг илэрч, эмч эхийг өөр газар очихыг зөвлөсөн ч, хосууд Сайпанд төрөхөөр шийдсэн байна. Эцэст нь тэд эмнэлгийн нисэх онгоц дуудан, эх хүүхдийг Хятад руу буцаан авч явсан ч хүүхэд амьд үлдэх боломжгүй байжээ.

2009 онд Обама, Хятадын иргэдийг Хойд Марианы арлуудад 45 хоног визгүй зорчихыг зөвшөөрсөн нь, аялал жуулчлал эдийн засгийн 72%-ийг бүрдүүлдэг бүс нутгийг дэмжих зорилготой байв. Энэ нь ч үр дүнтэй байсан бөгөөд Фрейшийн хэлснээр, энэ нь орон нутгийн эдийн засаг болон эмнэлэгт ашигтай байсан, учир нь жирэмсэн эмэгтэйчүүд үйлчилгээний төлбөрийг бэлнээр бүрэн төлдөг гэжээ.

Хятадын компаниуд энэ боломжийг ашиглан үнэтэй үйлчилгээ санал болгодог. Жишээлбэл, Global Baby 8 компанийн багц үйлчилгээ 14 мянган доллараас эхэлж, 45 мянган долларын “дээд зэрэглэлийн” багцад, вилла, хувийн туслах, аялал, нярайн асаргаа зэрэг багтдаг байна.

Сайпан дахь Commonwealth Healthcare Corporation эмнэлэгт, төрөлт ойролцоогоор 10 мянган долларын үнэтэй бөгөөд бичиг баримт бүрдүүлэх үйлчилгээ нэмэлт төлбөртэй байдаг.

Сүүлийн жилүүдэд АНУ-ын эрх баригчид, ийм схемүүдтэй тэмцэх үйлдлээ эрчимжүүлснээр, 2019 онд Калифорнид төрөх аяллын бизнес эрхэлж байсан нэгэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хорих ял болон 1 сая гаруй долларын хөрөнгөө хураалгасан байна.

Өнгөрсөн онд Хятадын бизнесмэн Гоцзюнь Сюаньтай холбоотой хэрэгт, түүний гэрээс тээгч эхээр төрүүлсэн 26 хүүхэд илэрчээ.

Шүүмжлэгчид, америкт төрөхөд иргэншил олгодог бодлогыг хууль тойрсон арга гэж үзэж, үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж анхааруулж байна.

Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацааныхаа эхний өдөр ийм төрлийн иргэншлийг хязгаарлах зарлиг гаргасан ч, холбооны шүүхүүд үүнийг түдгэлзүүлжээ. Одоо уг асуудлыг АНУ-ын Дээд шүүх хэлэлцэхээр болсон бөгөөд шүүх хурал 4-р сарын 1-нд товлогдсон байна.

Сонирхуулахад, 2025 оны АНУ-ын анхны хүүхэд Сайпанд Шанхайгаас ирсэн 30 настай эмэгтэйгээс төрсөн Мелоди нэртэй охин байсан нь онцлог юм.

50 мянга орчим хүн амтай, 1986 онд АНУ-ын бүрэлдэхүүнд орсон энэ жижиг нутаг дэвсгэрт Хятадын хөрөнгө оруулалт болон авлигын асуудал удаан хугацаанд нөлөөлж ирсэн байдаг. Холбооны мөрдөх товчоо (FBI), уг арлын өмнөх амбан захирагч Ральф Торресыг Хятадын компаниудаас их хэмжээний мөнгө авсан хэрэгт шалгаж байсан бөгөөд 2022 онд түүнд импичмент зарласан ч, цагаатгагдсан боловч хэрэг одоо хүртэл хаагдаагүй байгаа юм.

Мөн 2015 онд Сайпанд үйл ажиллагаа явуулж байсан хятадын казино, мөнгө угаахтай тэмцэх системгүй байсан нь илэрч, 75 сая доллараар торгуулсан. Үүний дараа, баригдаж байсан өөр нэг казино албадан хөдөлмөр эрхэлсэн болон гэмт хэргийн ертөнцтэй холбоотой гэж сэжиглэгдэн зогсоогджээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2026 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.