
АНУ-ын уугуул иргэдийн эрхийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, бараг 150 жилийн өмнөх “Элк, Уилкинс”-ын хэрэг нь, хууль ёсны байнгын статустай бус цагаачдын америкт төрсөн хүүхдүүдэд иргэншил олгох эсэхтэй огт холбоогүй аж. Харин Трампын засаг захиргаа, өөр байр суурь баримталж байгаа талаар NBC News мэдээлжээ.
1880 оны 4-р сарын 5-нд Омаха хотын сонгуулийн ажилтан Чарльз Уилкинс, Жон Элкийг уугуул америк хүн учраас АНУ-ын иргэн биш гэж үзэн, сонгогчоор бүртгэхээс татгалзсан байна. Небраска мужийн виннебаго овогт харьяалагддаг гэж тооцогдож байсан Элк, өөрийгөө овгоосоо холбоогоо тасалж, АНУ-ын эрх мэдэлд сайн дураараа захирагдсан гэж мэдэгдэж, АНУ-д төрсөн учраас төрөлхийн иргэн гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Гэвч АНУ-ын Дээд шүүх 1884 онд түүний эсрэг шийдвэр гаргаж, АНУ-ын нутаг дэвсгэрт төрсөн уугуул америкчууд автоматаар иргэншил авах эрхгүй гэж тогтоосон байдаг.
Гэтэл Трампын засаг захиргаа энэ шийдвэрт тулгуурлан, америкт төрсөн хүүхдүүдэд олгодог иргэншлийг автоматаар зогсоох төлөвлөгөө гаргаж, АНУ-ын Үндсэн хуулийн 14-р нэмэлт өөрчлөлтийг өөрөөр тайлбарлахыг оролдсон санал гаргасныг Дээд шүүх хэлэлцэж байгаа юм.
Трамп, хоёр дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ эхний өдөр гарын үсэг зурсан зарлигт, америкт төрсөн хүүхдийн иргэншлийг зөвхөн эцэг эхийн аль нэг нь АНУ-ын иргэн эсвэл байнгын оршин суугч байгаа тохиолдолд олгохоор харин, хууль ёсны статустай бус цагаачдын хүүхдүүдэд автоматаар иргэншил олгохгүй байхаар тусгасан ажээ.
Гэвч доод шатны шүүхүүд, энэ зарлигийн хэрэгжилтийг түр зогсоосон байна.
Засгийн газрыг төлөөлж буй ерөнхий хуульч Жон Сауэр, шүүхэд гаргасан “Элк, Уилкинс”-н хэрэгт тулгуурласан баримт бичигтээ “АНУ-д төрсөн хүн бүр, ямар ч нөхцлөөс үл хамааран автоматаар иргэн болдог гэсэн ойлголтыг Дээд шүүх шууд няцаасан” гэж мэдэгджээ. Мөн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Эбигейл Жексон энэ хэргийг, “АНУ дахь иргэншлийн ойлголтыг анхны утгаар нь сэргээх боломж” гэж тодорхойлсон байна.
Шүүмжлэл ба эсэргүүцэл
Америкийн Иргэний Эрх Чөлөөний Холбоо (ACLU) Трампын засаг захиргааны тайлбарыг эрс эсэргүүцэж байна.
ACLU-ийн хуульч Коди Вофси:
“Энэ бол үргэлж АНУ-ын иргэн гэж тооцогдож ирсэн цагаачдын хүүхдүүдийг иргэншлээс хасах оролдлого. Уугуул иргэдтэй холбоотой асуудлыг энд хамааруулах нь утгагүй” гэжээ.
Мөн уугуул иргэдийн эрхийн мэргэжилтнүүд, энэ шийдвэрийг ашиглаж буй нь хууль эрх зүй болон ёс зүйн хувьд ноцтой эргэлзээтэй гэж үзэж байна.
Тэд, “Элк, Уилкинс”-ын хэрэг нь, зөвхөн овгуудын тусгай, хагас бие даасан эрх зүйн статустай холбоотой бөгөөд өөр нөхцөлд шууд хэрэглэх боломжгүй гэж үзэж байна.
Маргааны гол асуудал
Маргаан нь, 1868 онд батлагдсан 14-р нэмэлт өөрчлөлтийн “АНУ-д төрсөн болон иргэншил авсан бүх хүн тус улсын харьяалалд байвал АНУ-ын иргэн байна” гэсэн заалтыг хэрхэн тайлбарлах дээр төвлөрч байна.
Уламжлалт ойлголтоор, энэ заалт нь АНУ-д төрсөн бараг бүх хүнд иргэншил олгодог бөгөөд харин дипломат ажилтнуудын хүүхдүүд үүнд хамрагддаггүй байна.
Харин Трампын засаг захиргаа, “харьяалалд байх” гэсэн хэллэгийг өөрөөр тайлбарлаж, хууль бусаар орж ирсэн хүмүүс болон түр хугацааны визтэй хүмүүсийн хүүхдүүдийг үүнд хамаарахгүй гэж үзэж байна.
Уламжлалт байр суурийг дэмжигчид, 1898 оны “АНУ, Вонг Ким Арка-ын эсрэг” хэргийг иш татдаг. Энэ хэрэгт АНУ-д төрсөн, хятад гаралтай эцэг эхтэй хүн төрөлхийн иргэн гэж тогтоосон байдаг.
Энэхүү хоёр хэргийг хоёуланг нь шүүгч Хорас Грей бичсэн бөгөөд дараагийн шийдвэртээ Элкийн хэрэг зөвхөн уугуул овгийн гишүүдэд хамаатай байсан гэж тодруулжээ.
Мэргэжилтнүүд, одоогийн маргаан нь 100 гаруй жилийн өмнө нэгэнт няцаагдсан тайлбарыг дахин сэргээх оролдлого байж болзошгүй гэж үзэж байна.
ICE агентууд, өдөр тутмын баривчилгааны “норм”-той, мөн цагаачдыг хянах апп ашиглаж байснаа хүлээн зөвшөөрөв