March
25
2026
Anu.mn
Мэдээ
ICE агентууд, өдөр тутмын баривчилгааны “норм”-той, мөн цагаачдыг хянах апп ашиглаж байсна ...
ICE агентууд, өдөр тутмын баривчилгааны “норм”-той, мөн цагаачдыг хянах апп ашиглаж байснаа хүлээн зөвшөөрөв
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
ICE агентууд, өдөр тутмын баривчилгааны “норм”-той, мөн цагаачдыг хянах апп ашиглаж байснаа хүлээн зөвшөөрөв

АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE)-ны Орегон муж дахь агентууд, баривчлах зорилтот хүмүүс, бүс нутгийг тодорхойлох тусгай аппликейшн ашиглаж байсан бөгөөд өдөр бүр тодорхой тооны баривчилгаа хийх үүрэгтэй байсан нь ил болжээ. Энэ талаар The Guardian мэдээлжээ.

Эдгээр мэдээлэл нь холбооны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх явцад, агентууд тангараг өргөн мэдүүлэг өгөх үеэр ил болсон юм. Энэ нь тус байгууллагын олон нийтэд төдийлөн ил байдаггүй дотоод ажиллагааг харуулах ховор боломж болжээ.

Цагаачдын эрхийг хамгаалдаг Innovation Law Lab байгууллага, ICE-ийг ордергүй, хангалттай үндэслэлгүйгээр хүмүүсийг баривчилдаг гэж шүүхэд өгсөн байна. Хүний эрхийнхэн, ийм ажиллагаа нь арьс өнгөөр ялгаварлахад чиглүүлж (racial profiling), Үндсэн хууль зөрчихөд хүргэж байна гэж мэдэгджээ. Холбооны шүүгч нэхэмжлэгчдийн талд шийдвэр гаргаж, Орегон мужид ордергүй баривчилгааг ерөнхийд нь хориглосон байна.

ICE-ийн нэг агент (JB гэж тэмдэглэгдсэн), түүний багт өдөрт 8 хүн баривчлах аман заавар өгдөг байсан гэж мэдүүлжээ. Тус баг 9–12 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд “Black Rose” нэртэй ажиллагаанд оролцож байсан байна.

2025 оны намраас эхэлсэн уг ажиллагаагаар 1200 гаруй хүнийг баривчилсан бөгөөд тооцоогоор, өдөрт нийтдээ 50 орчим баривчилгаа Орегон даяар хийгдэж байжээ.

Агентууд мөн, “Elite” нэртэй апп ашиглаж байсан нь анхаарал татаж байна. Энэ нь Google Maps-тай төстэй бөгөөд тодорхой бүсэд “цагаачлалтай холбоотой” хүмүүс хэр их байгааг харуулдаг аж.

“Холбоотой” гэдэг нь, өмнө нь цагаачлалын байгууллагатай ямар нэгэн харилцаатай байсан хүн бүрийг хамруулж,бүр АНУ-ын иргэн болсон хүмүүс ч үүнд багтдаг байна.

Апп нь “илүү нягт” буюу баривчлах боломжтой хүмүүс ихтэй бүсийг тодорхойлоход ашиглагддаг байжээ. Гэхдээ агент JB, энэ мэдээлэл заримдаа буруу заадаг байсан байж болзошгүйг хүлээн зөвшөөрсөн байна.

2025 оны 10-р сарын 30-нд Вудберн хотод ICE-ийн баг, тариалангийн ажилчдыг тээвэрлэж явсан фургон машиныг зогсоож, цонхыг нь хагалан дотор байсан 7 хүнийг баривчилжээ.

Тэд зөвхөн, испани хэлээр ярьж байсан, олон хүнийг замаас нь авч явсан гэж агент мэдүүлсэн байна. Мөн нэг эмэгтэйн зургийг авч, Mobile Fortify нүүр таних апп-аар шалгасан ч үр дүн нь тодорхой биш байсан бөгөөд харинтухайн эмэгтэй, хүчинтэй визтэйгээр АНУ-д орж ирсэн байхад, баривчилгааны тайланд,хууль бусаар орсон” гэж буруу тэмдэглэсэн байжээ.

Холбооны шүүгч Мустафа Касубхай, ICE-ийн үйл ажиллагааг хурцаар шүүмжилж, Elite апп нь буруу мэдээлэл өгч, хууль ёсоор оршин суугчдыг хүртэл “бай” болгож болзошгүй гэж мэдэгдсэн байна.

Трампын засаг захиргаа өдөрт 3000 цагаач баривчлах зорилт тавьсан нь, агентуудад дарамт болж, хууль зөрчихөд хүргэж болзошгүйг шинжээчид анхааруулсаар байна. 

Мөн Elite аппликейшнийг өгөгдлийн шинжилгээний Palantir компани хөгжүүлсэн байж магадгүй гэж мэдээлсэн бөгөөд уг апп нь хүмүүсийн талаар мэдээлэл цуглуулж, “итгэлцлийн үнэлгээ” өгдөг, газрын зураг дээр “зорилтот хүмүүс”-ийг харуулдаг ажээ.

Innovation Law Lab-ийн төлөөлөгчид энэ системийг “цахим хяналтын сүлжээ” гэж нэрлэж, АНУ-ын Үндсэн хуулийн дөрөвдүгээр нэмэлт өөрчлөлтийг тойрч гарах оролдлого гэж үзэж байна.

Мөн ийм практик нь эмзэг бүлгийн хүмүүсийг айдаст автуулж, ялгаварлан гадуурхах нөхцөл бүрдүүлж байна гэж дүгнэжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2026 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.