
АНУ-ын Цагаан ордны хилийн асуудал хариуцсан зохицуулагч Том Хоман, Цагаачлал, гаалийн алба (ICE)-ны агентуудыг улс даяарх нисэх буудлуудад байршуулж, Тээврийн аюулгүй байдлын алба (TSA)-ны ажилтнуудад дэмжлэг үзүүлэхээр болсон тухай мэпэгпсэнийг NBC News мэдээлжээ.
Тэрбээр CNN-ийн “State of the Union” нэвтрүүлэгт оролцох үеэрээ, ICE болон TSA байгууллагуудын удирдлагуудтай хамтарсан ажиллагааны төлөвлөгөө боловсруулж байгаагаа хэлсэн бөгөөд тэрээр, эхний ээлжинд хамгийн их ачаалалтай томоохон нисэх буудлуудад энэ арга хэмжээг хэрэгжүүлнэ. ICE-ийн ажилтнууд хяналтын цэгүүдэд ажиллах боловч ачаа тээш шалгах ажиллагаанд оролцохгүй. “Туршлагатай ICE агентууд терминалын гарцуудыг хянаж, зорчигчид хяналтаас зайлсхийхээс сэргийлнэ. Ингэснээр TSA-ийн ажилтнууд шалгалтдаа төвлөрч, дараалал багасна” гэсэн байна.
Энэхүү мэдэгдэл нь, Дональд Трамп 3-р сарын 21-нд ICE-ийн ажилтнуудыг нисэх буудлуудад илгээж, урт дарааллыг бууруулна гэж анхааруулсны дараа гарчээ. Тэрбээр өөрийн Truth Social сүлжээнд “ICE энэ ажлыг урьд өмнөхөөс илүү сайн гүйцэтгэнэ!” хэмээн бичсэн байна.
Андре Диккенс 3-р сарын 22-ны мэдэгдэлдээ, Холбооны Дотоод аюулгүй байдлын мөрдөн шалгах алба (HSI) болон ICE-ийн албадын ажилтнуудыг 3-р сарын 23-ны өглөө Hartsfield-Jackson Atlanta International Airport-д байршуулна гэж хотын захиргаанд мэдэгдсэн.. “Энэ арга хэмжээ нь цагаачлалын шалгалт хийх зорилготой биш” хэмээн онцолсон байна.
Сүүлийн долоо хоногуудад TSA-ийн хяналтын цэгүүд дээрх дараалал нэмэгдсэн нь, хаврын аяллын улирал эхэлсэнтэй холбоотойгоос гадна Дотоод аюулгүй байдлын яам (DHS)-ны үйл ажиллагаа хэсэгчлэн зогссонтой холбоотой аж. 2-р сарын дунд үеэс үргэлжилж буй энэхүү шатдаунаас үүдэн TSA-ийн олон ажилтан цалингаа авч чадахгүй байгаа бөгөөд 400 гаруй ажилтан ажлаасаа гарсан байна. Мөн 3-р сарын 21-нд 3250 гаруй ажилтан буюу нийт ажилтнуудын 11.5 хувь нь ажилдаа ирээгүй гэж албаны эх сурвалж мэдээлжээ.
Шон Даффи урт дарааллын бурууг ардчилсан намд тохож, “Ардчилагчид урт дарааллыг улс төрийн дарамтын хэрэгсэл болгож байна” хэмээн мэдэгдсэн. Харин Сенатын цөөнхийн бүлгийн дарга Чак Шумер “Ажилчид болон зорчигчдыг улс төрийн тоглоомын барьцаа болгож болохгүй” хэмээн шүүмжилжээ. Мөн Сенатын олонхийн бүлгийн дарга Жон Тьюн ардчилагчдыг шатдауныг сунгаж байна гэж буруутгасан байна.
Сенаторуудын хоёр намын бүлэг, Дотоод аюулгүй байдлын яам (DHS)-ны үйл ажиллагааг сэргээх талаар хэлэлцэж байгаа ч санал зөрөлдсөн хэвээр байгаа юм. Ардчилагчид ICE-ийн ажилтнуудыг таних тэмдэг заавал зүүх, маск хэрэглэхийг хориглох шаардлага тавьж байгаа бол, бүгд найрамдахчууд биеийн камерын хэрэглээг өргөжүүлэх, мөн ICE-ийн үйл ажиллагааг сургууль, эмнэлэгт хязгаарлах санал дэвшүүлжээ.
Зарим сенаторууд ICE-ийн оролцоонд болгоомжтой хандаж байна. Рик Скотт, “ICE ажилтнууд TSA шиг үр дүнтэй ажиллаж чадахгүй, нисэх буудлын аюулгүй байдал буурч магадгүй” гэж мэдэгдсэн бол Ричард Блументаль, “ICE-ийн эмх замбараагүй ажиллагаа аюулгүй байдлын системийг саатуулна” хэмээн анхааруулжээ. Харин Лиза Мурковски энэ шийдвэрийг, хэлэлцээг урагшлуулахад тус болохгүй гэж үзсэн байна.
Ийнхүү ICE-ийн агентуудыг нисэх буудлуудад ажиллуулах шийдвэр нь, зорчигчдын урт дарааллыг бууруулах зорилготой боловч улс төрийн маргаан, аюулгүй байдлын эргэлзээ дагуулсан хэвээр байна.
ICE агентууд, өдөр тутмын баривчилгааны “норм”-той, мөн цагаачдыг хянах апп ашиглаж байснаа хүлээн зөвшөөрөв
Иран нисгэгчгүй онгоцоор Калифорни руу довтолж болзошгүй гэж Холбооны мөрдөх товчоо анхааруулжээ