March
30
2026
Anu.mn
Мэдээ
Удахгүй Трампын гарын үсэгтэй, АНУ-ын долларын дэвсгэрт гарна
Удахгүй Трампын гарын үсэгтэй, АНУ-ын долларын дэвсгэрт гарна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Удахгүй Трампын гарын үсэгтэй, АНУ-ын долларын дэвсгэрт гарна

АНУ-ын Сангийн яам 3-р сарын 26-нд мэдээлснээр, ойрын хугацаанд долларын дэвсгэртүүд дээр Дональд Трампын гарын үсгийг байрлуулах аж. Энэ нь ерөнхийлөгч өөрийн нэрийг мөнхжүүлэхэд чиглэсэн дараагийн алхам гэж CNN мэдээлжээ.

Энэ нь АНУ-ын түүхэнд анх удаа, албан тушаалаа гүйцэтгэж байгаа ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий үндэсний мөнгөн дэвсгэрт дээр гарч ирэх тохиолдол болох юм. Сангийн яамны тэргүүн Скотт Бессент, энэхүү шийдвэрийг АНУ байгуулагдсаны 250 жилийн ойтой холбон гаргасан. “Манай улсын болон Ерөнхийлөгч Дональд Ж. Трампын түүхэн ололт амжилтыг тэмдэглэх хамгийн тод илэрхийлэл бол түүний нэр бүхий долларын дэвсгэртийг гаргах явдал юм. Ийм валютыг 250 жилийн ойд зориулан гаргах нь зүй ёсны хэрэг,” хэмээн мэдэгдэлдээ дурджээ.

Мөн ойд зориулсан бусад зүйлс дээр ч, Трампын дүрсийг ашиглахаар төлөвлөж байна. Энэ сарын эхээр АНУ-ын Дүрслэх урлагийн комисс, ширээний ард нударгаа зангидсан байдалтай зогсож буй ерөнхийлөгчийн дүрстэй том хэмжээний дурсгалын алтан зоос гаргахыг зөвшөөрсөн байна.

Үүнээс гадна, тус комисс Трампын хөрөгтэй 1 долларын зоос гаргах төслийг хэлэлцэж байгаа аж. Гэвч эдгээр төлөвлөгөө нь хууль зүйн маргаан дагуулж байгаа бөгөөд АНУ-ын хуулиар амьд, тэр дундаа одоогийн ерөнхийлөгчийн дүрсийг валют дээр байрлуулахыг хориглодог. Ерөнхийлөгчийн дүрсийг зоос дээр зөвхөн тухайн хүн нас барснаас хойш дор хаяж хоёр жилийн дараа ашиглах боломжтой байдаг байна.

Гэхдээ, албан тушаалаа гүйцэтгэж байгаа ерөнхийлөгч өөрийн дүрсийг дурсгалын зоос дээр байрлуулахыг хууль хориглодоггүй. Үүний зэрэгцээ, Конгресс дахь Ардчилсан намын гишүүд амьд, тэр тусмаа одоогийн ерөнхийлөгчийн дүрсийг ямар ч төрлийн америк валют дээр ашиглахыг бүрэн хориглох хуулийн төсөл өргөн бариад байна.

Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд түүний засаг захиргаа, 47 дахь ерөнхийлөгчийн нэрийг төрийн янз бүрийн санаачилгад оруулахыг идэвхтэй нэвтрүүлж байна. Тухайлбал, жороор олгодог эмийн зориулалттай TrumpRx вэбсайт, мөн өндөр төлбөрөөр АНУ-д амьдрах, ажиллах эрх олгож, цаашлаад иргэншил авах боломж бүхий Trump Gold Card хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Мөн Трампын дүрсийг зарим үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн жилийн тасалбар дээр байрлуулж, АНУ-ын Энх тайвны хүрээлэнгийн барилгын бичиг, тэмдэглэгээнд түүний нэрийг нэмсэн байна.

Трампын оролцоотой бүрдсэн Кеннедигийн нэрэмжит Урлагийн төвийн удирдах зөвлөл ч, тус төвийн нэрэнд түүний нэрийг нэмсэн бөгөөд үүнээс үүдэн, олон уран бүтээлчид тэнд тоглохоос татгалзжээ. Ойрын хугацаанд уг төвийг хоёр жилийн хугацаатай хааж, их засвар хийхээр төлөвлөж байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2026 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.