Америкийн үйлдвэрлэлийн салбар хэдэн арван жил уналтад орсны дараа өсөх хандлагатай байгаа ч, ажиллах хүчний хомсдол гэсэн ноцтой асуудалтай тулгарч байна. NPR энэ асуудлыг шийдвэрлэх талаар судалж үзсэнбөгөөд Хөдөлмөрийн статистикийн товчооны мэдээлснээр, тус салбарт 500,000 орчим ажлын байр сул байгаа ч,америкчууд үйлдвэрт ажиллах дургүй байдгаас ажиллах хүчний хомсдолыг нөхөж чаддаггүй байна.
Боловсон хүчний дутагдал: Цар хүрээ, шалтгаан
Үйлдвэрлэлийн институт болон Делойт компаниас хийсэн судалгаагаар, судалгаанд хамрагдсан 200 компанийн 65% нь боловсон хүчнийг ажилд авах, тогтсортой ажиллууллах асуудал хамгийн чухал гэж үздэгээ илэрхийлжээ. Шинжээчдийн таамаглаж буйгаар 2033 он гэхэд 3.8 сая шинэ ажилчин шаардлагатай болж, 1.9 сая орчим орон тоо дутуу үлдэнэ. Ажилчдын дундаж нас өндөр, тэтгэвэрт гаралт зэрэг асуудал нь улам бүр нэмэгдсээр байна.
Байдены засаг захиргаа дэд бүтэц, хагас дамжуулагч, инфляцийг бууруулах хууль тогтоомжоор дамжуулан аж үйлдвэрийн хөгжилд 2 их наяд гаруй долларын хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь шинэ үйлдвэрүүдийг барихад түлхэц өгч, ажиллах хүчний эрэлтийг нэмэгдүүлсэн. Трампын тариф, АНУ-д үйлдвэрүүдийг нээхэд түлхэц өгч, ажиллах хүчний эрэлтийг улам нэмэгдүүлэх аж.
Америкчууд яагаад үйлдвэрлэлийн ажлын байрнаас зайлсхийдэг вэ?
Харвардын Засгийн газрын сургуулийн эдийн засагч Гордон Хансон, үйлдвэрлэлийн өнөөгийн өсөлтийг "ташуурын нөлөө" буюу олон арван жилийн зогсонги байдлын дараах огцом бөгөөд жигд бус сэргэлт гэж нэрлэж байна. Ажилчдын хомсдолын нэг гол шалтгаан нь, нарийн мэргэжлийн ур чадвар шаардлагатай болж буйтай холбоотой гэж тэр үзэж байна. Орчин үеийн үйлдвэрлэл нь туузан дамжуулагч дээр нэгэн хэвийн ажлын хэвшмэл ойлголтоос холдож, өнөөдөр үйлдвэрлэлийн ажлын дөнгөж 40% нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй шууд холбоотой байна. Үлдсэн хэсэг нь судалгаа, хөгжүүлэлт, инженерчлэл, дизайн, санхүү, маркетинг, борлуулалт зэрэг багтдаг байна.Нээлттэй ажлын байрны тал орчим хувь нь, дор хаяж бакалаврын зэрэгтэй байх шаардлагатай тул олон америкчууд ажиллах боломжгүй болдог. Гэхдээ боловсрол шаарддаггүй ажлын байранд (засварын техникч, машинист, ачигч, өргөгчийн жолооч гэх мэт) цөөн тооны ажилчид ажилладаг байна.
Үйлдвэрлэлийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Каролин Ли, "Хамгийн эрэлт хэрэгцээтэй ур чадвар нь нарийн төвөгтэй машин механизмд засвар үйлчилгээ хийх, засварлах явдал юм. Эдгээр ур чадваруудад нэг жил орчим сургах шаардлагатай байна. Мөн өөр нэг асуудал бол, үйлдвэрлэлийн талаарх ойлголт бөгөөд олонхи америкчууд, ялангуяа залуучууд, үйлдвэрүүдийг Чарльз Диккенсийн зохиолууд дээрхи шиг бохир, аюултай, бага цалинтай ажил гэж боддог. Харин, орчин үеийн үйлдвэрүүд нь робот техник, автоматжуулалт, нарийн удирдлагын системийг ашигладаг цэвэр, өндөр технологийн орон зай юм. Энэхүү хуучирсан ойлголтыг өөрчлөх нь, шинэ авьяастныг татах гол түлхүүр юм. Энэ салбарыг хүчтэй, ирээдүйтэй гэсэн ойлголтыг төрүүлэх нь илүү олон залуусыг үйлдвэрлэлийн мэргэжлийг сонгоход түлхэц болно.” гэж ярьсан байна.
Цалин: Шийдэл эсвэл шинэ асуудал
American Compass судалгааны төвийн ахлах эдийн засагч Орен Касс, цалин нэмэгдүүлэх сонгодог шийдлийг санал болгосон бөгөөд тэрээр, "Би боловсон хүчний хомсдолын талаар ярьж гомдоллодог ажил олгогчдыг огт өрөвддөггүй" гэж хошигноод, цагийн 10 доллараар ажиллах эрдэмтдийг хайж байгаа биотехнологийн компанийг иш татав. Хэрэв үйлдвэрлэгчид, цалинг хангалттай нэмвэл ажилчдыг татаж, шаардлагатай ур чадварт суралцах сэдэл төрүүлнэ” гэж үзэж байна.
Үйлдвэрлэлийн компаниуд, 2022 оны 4-р сард тахал өвчин, цомхотгол, эрт тэтгэвэрт гарах асуудал зэрэгт нэрвэгдсэнээр 1 саяд хүрч байсан нээлттэй ажлын байрны тоо буурсантай холбоотой цалингаа хэдийнэ нэмэгдүүлж эхлээд байна. Гэвч америкчуудын шаардаж буй өндөр цалин нь шинэ асуудал үүсгэж, дэлхийн зах зээл дээрх компаниудын өрсөлдөх чадварыг сулруулж болзошгүй юм. Өнгөрсөн хугацаанд олон үйлдвэрлэгчид,үйлдвэрүүдээ Хятад, Мексик зэрэг бага цалинтай улсууд руу нүүлгэсэн нь өндөр үнэлгээтэй хөдөлмөрийн улмаас болсон юм.
Касс, Трампын гаалийн татвар нь Америкийн үйлдвэрлэгчдийг хямд импортоос хамгаалснаар энэ асуудлыг тэгшитгэж чадна гэж үзэж байна. Гэхдээ шийдвэрлэх хүчин зүйл бол түүний бодлоор бүтээмж юм. "Хэрвээ Америк ажилчид, Хятад дахь ажилчдаас 20 дахин их бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол 20 дахин их цалин авч, компани өрсөлдөх чадвартай хэвээр байх болно" гэж тэр тайлбарлав. Асуудал нь Америкийн үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлт сүүлийн жилүүдэд удааширч, алдангигүйгээр цалин нэмэх боломжийг хязгаарлаж байгаа явдал юм.
Боловсрол ба дагалдан ажилчин: Асуудлыг шийдвэрлэх арга зам
Боловсон хүчний хомсдолыг арилгахын тулд, боловсон хүчний сургалтын тогтолцоог шинэчлэх шаардлагатай гэдэгтэй мэргэжилтнүүд санал нэг байна. Өнөөгийн үйлдвэрлэлийн ажил нь цахилгаан, механик, гидравлик, робот, программчлагдах удирдлагын технологийн талаархи мэдлэгийг шаарддаг. Өнөөдрийн үйлдвэрүүд 25 жилийн өмнөх шиг биш, хүмүүсийг эдгээр ур чадварт хурдан сургах хөтөлбөрүүд АНУ-д хангалтгүй байгаа аж.
Хөдөлмөр эрхэлж буй хүн амын 3.6% нь дагалдан сургах хөтөлбөрт хамрагддаг Герман эсвэл Швейцарьтай харьцуулахад, АНУ-д энэ үзүүлэлт дөнгөж 0.3% байна. Reshoring Initiative-ийг үүсгэн байгуулагч Харри Мозер, Америк дээд боловсролын ач холбогдлыг хэт онцолж, мэргэжлийн сургалтыг үл тоомсорлосон, залуучуудад өндөр үнэтэй их дээд сургуулийн дипломгүйгээр ажил дээрээ ур чадвар эзэмших боломжийг олгодог дагалдан сургалтын хөтөлбөрүүд нь шийдэл байж болох юм гэж үзэж байна..
Үүний тод жишээ бол Тоёота, 2010 онд Кентакки дахь үйлдвэртээ техникчдийг сургах зорилгоор бий болгосон Дэвшилтэт Үйлдвэрлэлийн Боловсролын Холбооны (FAME) хөтөлбөр юм. FAME нь коллежийн сургалтыг (долоо хоногт 2 өдөр) үйлдвэрлэлийн ажилтай (долоо хоногт 3 өдөр) хослуулан, оюутнуудыг 21 сарын дотор өндөр технологийн тоног төхөөрөмжийг засварлахад сургадаг. Хөтөлбөрийн төгсөгчид эрэлт хэрэгцээтэй ур чадвар эзэмшээд зогсохгүй оюутны зээлээс чөлөөлөгддөг. Брукингсийн хүрээлэнгийн судалгаагаар FAME-ийн оролцогчид сургуулиа төгсөөд таван жилийн дараа жилд ойролцоогоор 98,000 долларын цалин авдаг нь, ийм сургалтанд хамрагдаагүй үе тэнгийнхнийхээ цалингаас (52,700 доллар) бараг хоёр дахин их байдаг байна.
"Сургалтын хамгийн сайн загвар бол үйлдвэрлэгчид, коллеж, засгийн газар, сургалтын зөв сувгийг бий болгохын тулд хамтран ажиллах явдал юм" гэж Ли дүгнэв. 2019 онд Тоёота хөтөлбөрийг орон даяар өргөжүүлэхийн тулд FAME-ийн удирдлагыг Үйлдвэрлэлийн хүрээлэнд шилжүүлсэн юм.
2025 оны 4-р сарын сүүлээр Дональд Трамп, "ирээдүйн өндөр цалинтай ажил"-д 1 сая шинэ ажилчин бэлтгэхийн тулд дагалдан сургах хөтөлбөрийг өргөжүүлэх зорилготой захирамжид гарын үсэг зурсан. Тогтоолд тодорхой төлөвлөгөө боловсруулахыг заасан ч, амжилттай хэрэгжих нь санхүүжилт, хэрэгжилтээс шалтгаална. Боловсролд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх, үйлдвэрлэлийн ур чадварт сургахыг дэмжихгүй бол энэхүү зорилгод хүрэх асуудал боломжгүй байж магадгүй юм.