Энэхүү шинэ судалгаанаас харахад, өндөр сурагчид намхан үе тэнгийнхнээсээ, илүү өндөр сурлагын үзүүлэлттэй байв. Дунджаас өндөр байх нь, 3-8-р ангийн сурагчидын англи хэл, математикийн хичээлүүдийн оноо өндөр байхад нөлөөлдөг нь харагдсан гэж Psypost мэдээлэв.
Эрдэмтэд, өндөр хүмүүс яагаад насанд хүрсэн хойноо хамаагүй өндөр цалин авдагийг илүү сайн ойлгохын тулд судалгаа хийсэн бөгөөд эдгээр хүмүүс багадаа сайн сурч байсан нь насанд хүрсэн амьдралд нь нөлөөлдөг болон хөдөлмөрийн зах зээлдэх тэдний амжилтыг тайлбарлах магадлалтай гэж үзжээ.
Өндөр нуруу ба чадвар
Өмнө хийгдэж байсан судалгаанууд, биеийн өндөр ба сурлага хоёрын хоорондын уялдаа холбоог судалж байсан. Харин энэхүү судалгаа нь, хотын томоохон сургуулиудын томоохон мэдээллийн багцыг ашиглан энэ харилцааг илүү шууд судлах зорилготой байв.
Делавэрийн их сургуулийн Эми Эллен Шварцт болон Сент-Ансельм коллежийн эдийн засгийн дэд профессор Стефани Коффи нар, "Дэлхий даяар, өндөр нуруулаг эрэгтэй, эмэгтэй хүмүүс намхан эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй харьцуулахад илүү цалин авдагийг нийгмийн шинжлэх ухааныхан сайн мэддэг. Биднийг хамгийн их гайхшруулсан зүйл бол, ололт амжилт ба өсөлтийн хоорондох хүчтэй холбоо байсан" гэж бичжээ.
Судалгаагаар энэ үзэгдлийн хэд хэдэн боломжит тайлбарыг санал болгосон. Тэдний нэг нь өндөр хүмүүс өөртөө илүү итгэлтэй байдаг. Тэднийг бусад хүмүүс илүү эерэгээр хүлээж авдаг байж магадгүй. Мөн өөр нэг зүйл бол өндөр нуруу нь, чадвартай холбоотой. Өндөр хүмүүс танин мэдэхүйн чадварын шалгалтанд намхан хүмүүсээс өндөр оноо авах хандлагатай байдаг. Тиймээс хөдөлмөрийн зах зээл, өндөр нурууг бус харин чадварыг нь урамшуулдаг гэж үзэж байна.
2010-2017 оны хооронд Нью-Йорк хотын улсын сургуулиудад суралцаж байсан 500,000 шахам сурагчидын мэдээллийг багтаасан мэдээллийн багцын өгөгдөл болон сурагчдын өндрийн хэмжээ, математик, англи хэлний шалгалтын оноо, хүн ам зүйн шинж чанар болон бусад мэдээллийг судалсан бөгөөд өндрийн ялгаа нь тестийн онооны зөрүүтэй хэрхэн холбоотой болохыг судлахын тулд регрессийн загварыг ашигласан байна.
Үр дүн нь, нурууны өндөр болон сурлагын амжилт хоёрын хооронд уялдаа холбоо байгааг харуулсан. Өсөлтийн стандарт хазайлт нь, цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгддэг. "Бидний олж мэдсэн гол зүйл бол ангийнхнаасаа өндөр охид, хөвгүүд, математик, англи хэлдээ илүү сайн байна. Эффектийн хэмжээ нь, хамгийн өндөр болон хамгийн намхан хүүхдүүдийн амжилтад мэдэгдэхүйц ялгаа гаргахад хангалттай том юм " гэж Коффи дүгнэжээ.
"Бид мөн хичээлийн ирцийг судалж үзээд намхан хүүхдүүд сургуулиа таслах магадлал, өндөр хүүхдүүдээс илүү байгааг олж мэдсэн. Энэ нь эрүүл мэндтэй холбоотой гэж бид бодохгүй байна. Гэсэн хэдий ч өндөр гэх мэт нийгмийн давуу талуудтай харьцуулахад бага насны хүүхдийн давуу тал нь хэр их нөлөө үзүүлж болохыг мэдэхэд хэцүү байна гэж Коффи тэмдэглэв.