Трамп тавдугаар сарын 8-ны өдрийг Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын өдөр, арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг Дэлхийн нэгдүгээр дайны ялалтын өдөр болгон зарласан тухай Fox News мэдээлэв.
Тавдугаар сарын 1-нд Дональд Трамп, АНУ-д тавдугаар сарын 8-ны өдрийг Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын өдөр болгон зарлахаа мэдэгдэв. 1945 оноос хойш Европын ихэнх орнууд энэ өдрийг Европт Ялалтын өдөр (VE Day) болгон тэмдэглэж ирсэн байна.
Truth Social сэтгүүлд Трамп, "Манай олон холбоотнууд, найз нөхөд, энэ өдрийг эртнээс тэмдэглэж байгаа, Бид бусад улс орнуудаас илүү, ялалт байгуулахад их хувь нэмэр оруулсан. Тиймээс Америк тэдэнтэй нэгдэх ёстой” гэж мэдэгджээ.
1945 оны 5-р сарын 7-нд, Герман холбоотны хүчинд бууж өгөх гэрээнд гарын үсэг зурж, дараагийн өдөр нь байлдааны ажиллагааг зогсоохоор тохиролцож байв. АНУ Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөг хаяснаас долоо хоногийн дараа буюу наймдугаар сарын 14-нд цагаан туг мандуулж бууж өгсөн байсан ч, 9 сарын 2-нд Япон бууж өгөх баримт бичигт гарын үсэг зурснаар дэлхийн хоёрдугаар дайн албан ёсоор дууссан юм.
АНУ-д Дэлхийн 2-р дайнд тусгайлан зориулсан албан ёсны баяр байдаггүй ч, олон арван жилийн турш 5, 8, 9-р сард дурсгалын баярын ёслолууд зохион байгуулагдаж ирсэн ажээ.
Ерөнхийлөгч Харри Трумэн дайны төгсгөлд албан тушаалдаа байхдаа, 1946 оны 8-р сард 8-р сарын 14-ний өдрийг Японыг ялсан өдөр болгон зарлаж, "Би АНУ-ын ард түмэнд энэхүү Ялалтын өдрийг, золиослол нь ялалтыг боломжтой болгосон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үнэнч сэтгэлийг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэхийг уриалж байна, мөн зэвсэгт хүчин дэх манай баатруудын эр зоригоос урам зориг авсан шударга ёс, эрх чөлөө, энх тайван, олон улсын ойлголцлын төлөөх хүчин чармайлтыг үргэлжлүүлэх өдөр, залбиралын өдөр байх болно" гэж Трумэн хэлсэн үгэндээ уриалж байжээ.
Трамп мөн, арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг Дэлхийн нэгдүгээр дайны ялалтын өдөр болгон хүлээн зөвшөөрдөгөө мэдэгдээд, "Бид хоёр дайнд хоёуланд нь ялсан. Хүч чадал, эр зориг, цэргийн суут ухаанаар хэн ч бидэнд ойртсонгүй, харин бид тэмдэглэж ирээгүй. Энэ бүхэн нь, бидэнд үүнийг ойшоогоогүй, яаж хийхийг мэддэг удирдагч байгаагүйтэй холбоотой! Харин одоо бид ялалтаа дахин тэмдэглэж эхэлнэ!" гэж мэдэгджээ.