Зуу, зуун жилийн өмнөх үеийн адил, одоо ч хүмүүс шинэ шинэ зүйл зохион бүтээхээ зогсоохгүй байгаа билээ. Урд нь, одоогийнх шиг компьютер, гар утас гэж байгаагүй үед хүмүүс өөрсдөө технологи хөгжүүлэх шинэ арга замыг эрэлхийлдэг байсан бөгөөд зарим тохиолдолд эдгээр нь, тэнэг гэмээр эмгэнэлтэй дуусдаг байсан талаар Bigpicture нийтэлжээ.
Фред Дузенберг ба түүний хурдны хэрэгцээ
1900-аад оны эхээр, автомашиныг олноор үйлдвэрлэдэг Форд, Крайслер, Жен Эм гэсэн гуравхан компани байсан бөгөөд ямар ч америк хүн машин худалдаж авах боломжтой гэсэн уриан дор үйлдвэрлэдэг байв. Гэтэл Фред Дузенберг гэгч зохион бүтээгч, үүнээс илүүг хийх хүслээр, ах Августын хамт онгоцны хөдөлгүүр зохион бүтээсэн бөгөөд үүнийгээ илүү дэвшилтэт машин бүтээхэд ашиглахаар шийджээ. Жинхэнэ Model J нь 1928 онд бүтээгдсэн бөгөөд загвараасаа хамааран 8500-18500 доллараар зарагдсан. Харин Форд машин 850 орчим долларын үнэтэй байв. Фред хамгийн хурдан машин бүтээхийг хүсч, хөдөлгүүрээ байнга сайжруулж байсан бөгөөд 1932 онд, тэрээр өөрийн шинэ бүтээлийг жолоодож яваад өндөр хурдны улмаас осолджээ.
Үхэшгүй мөнх болохыг зорьсон Александр Богданов
Хуучин ЗСБНХУ-ын иргэн Александр Богданов 1928 онд ер бусын нөхцөлд нас баржээ. Тэрээр авъяаслаг эмч байсан ч, бусад салбаруудыг ихээхэн сонирхдог, хэд хэдэн шинжлэх ухааны зөгнөлт ном бичсэн байдаг. Тэдгээрийн нэг зохиолын үйл явдал Ангараг гариг дээр өрнөж, хүмүүс утопи нийгэмд оршин тогтнодог. Энэ гариг дээр хүмүүс мөнхийн амьдралын нууцыг эзэмшсэн гэж гардаг бөгөөд эмч зохиолч, өөрийн зохиосон үхэшгүй амьдралын төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд, оролдож үзэхээр шийджээ. Богданов цус сэлбэж солих ажилбарыг өөртөө хэрэглэж эхлэсэн. Тэрээр хөвгүүд, охидын цус түүнийг үхэшгүй мөнх болгоно гэж итгэж байв. Гэвч тэр доноруудынхаа эрүүл эсэхийг шалгаагүйгээс, сүүлчийн цус сэлбэлт нь түүнд үхэшгүй байдлыг биш, харин хумхаа өвчнийг өгснөөр, тэр нас баржээ.
Фрэнсис Эдгар Стэнли ба Стэнли Мотор
Фрэнсис Эдгар Стэнли 1849 онд Мэн мужид (АНУ) төрсөн, Фрилан Оскар Стэнли хэмээх ихэр ахтай байжээ. Авто машин, тээврийн гол хэрэгсэл болохоос өмнө хүмүүс морин тэрэг, унадаг дугуй хэрэглэдэг байх үед, дугуй унаж чаддаггүй эхнэртээ санаа зовсон Фрэнсис, уурын хөдөлгүүрийн талаар судалж, Stanley Motor Carriage буюу хожим нь Stanley Steamers гэж нэрлэгдэх болсон өөрсдийн автомашины компанийг 1902 онд байгуулжээ. Тэд, ууланд шинэ загварын автомашинуудаа туршиж, уралдах үедээ, Фрэнсис осолдож нас баржээ.
Жан-Франсуа Пилатре де Розье - хоёр дахь Икар
Жан-Франсуа Пилатр де Розье бол, ер бусын бүх зүйлийг дурлан сонирхогч Парисын профессор байв. Тэрээр, бохирдсон агаараас ажилчдыг хамгаалах маск бүтээсэн. Мөн Де Розье 31 настай байхдаа, ах дүү Монголфьер нарын хамт улс орноо тойрон нисч чадах том агаарын бөмбөлөг зохион бүтээжээ. Эхлээд тэд, хүмүүсийг агаарт хөөрүүлэхээс айж байснаас, хоёр дахь нислэгтээ хонь, азарган тахиа, нугас зэрэг амьтдыг нисгэж байв. Хоёр амжилттай оролдлого хийснийхээ дараа ах дүүс, агаарын бөмбөлөгөөр хүмүүсийг нисгэхээр шийдэж, Жан-Франсуа, Ромен хэмээх зураачийн хамт сайн дураараа нисэх болж,1785 оны 6-р сарын 15-нд Жан-Франсуа найзынхаа хамт ниссэн боловч осолджээ. Жан-Франсуа нас барж, Ромен амьд үлджээ.
Уильям Баллок шинэ бүтээлдээ гацсан
Компьютерийн өмнөх эрин үед, номыг тусгай машин дээр хэвлэдэг байв. Энэ нь маш төвөгтэй процесс байсан: эхлээд үсэг, тоо бүхий тусгай блокуудыг суулгаж, дараа нь цаасан дээр зөв харуулахын тулд тэдгээрийг тодорхой дарааллаар цохьдог байв. 1844 онд Ричард Хо эргэдэг прессийг зохион бүтээж, хавтгай дарагчийг цилиндрээр сольжээ. Энэ нь, ялангуяа сонин хэвлэлийн хэвлэлтийг илүү хурдасгасан. Харин Уильям Баллок, Хогийн шинэ бүтээлд бүрэн сэтгэл хангалуун бус байсан тул өөрийн гэсэн шинэ төрлийн хуудасны хоёр талд хэвлэх боломжтой хэвлэх машиныг бүтээжээ. 1867 оны 4-р сарын 12-нд Баллок хэвлэлийн дизайныг шалгаж байх үед, хөл нь механизмд гацжээ. Уг бэртлийн улмаас хөлөнд нь гангрена үүсч, зохион бүтээгч хагалгааны ширээн дээр нас баржээ.
Отто Лилиенталь зөвхөн нисэх чадвартай байхыг л хүссэн
Ах дүү Отто, Густав Лилиентал нар нисэхийг маш их хүсч байсан тул, аймшгийн киноны далавч шиг харагдах механизм зохион бүтээжээ. Тэд анхны нислэгээ ах дүү Райт нараас хамаагүй өмнө хийсэн. Отто, Густав нар асар том далавчтай дельтаплан зохион бүтээсэн бөгөөд 1891 он гэхэд Отто, 2000 орчим туршилтын нислэг хийсэн байсан бөгөөд тэдний энэхүү шинэ бүтээл АНУ-д алдаршиж байв. 1896 оны 8-р сарын 9-нд дельтаплан осолдож, Отто амь үрэгджээ.
Бага Томас Мидгли үйлийн үр ажилладаг гэдгийг баталсан
1921 онд Томас Мидгли өндөр боловсролтой физикч байсан бөгөөд хэд хэдэн нээлт хийжээ. Гэвч өнөөдөр энэ физикч хоёр нээлтийнхээ ачаар түүхэн дэх хамгийн муу зүйлийг зохион бүтээсэн гэдгээрээ алдартай. Эхнийх нь фреон, аэрозолийн лаазанд зориулсан хлорфтор нүүрстөрөгчийн түлш гэж нэрлэгддэг химийн бодис юм. Хэдийгээр фреоны хор хөнөөлийн талаар мэдээлдэггүй ч, тухайн бодис түүний биед орвол хүн том асуудалтай тулгардаг. Фреон нь үл үзэгдэх хий тул, хордлого хэт оройтох хүртэл мэдэгддэггүй. Үүнээс гадна фреон нь озоны давхаргыг устгадаг. Мидлигийн хоёр дахь бүтээл нь, бас нэлээд аюултай бөгөөд 1923 онд тэрээр, Женерал Моторсын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ машин явж байх үеийн хөдөлгүүрийн цохих чимээнээс ангижрах арга хайж байв. Тэр үед, этанол хэрэглэж байсан ч маш үнэтэй байсан. Мидгли тетраэтил хар тугалга, үйлдвэрлэлд этанолыг орлож чадна гэдгийг олж мэдсэн. Гэтэл тэр үед 1923 онд ч хүмүүс хар тугалга нь асуудалд хүргэдэг гэдгийг мэдэж байсан тул, Мидгли хэрэглэгчдийг төөрөгдүүлэхийн тулд шинэ бүтээлээ "этил" гэж нэрлэжээ. 1940 онд Томас Мидгли полиомиелит өвчнөөр өвчилсөн нь, өдөр бүр химийн хордлогод орж байсантай нь холбоотой гэж үздэг. Хэвтрийн байдал нь Томасыг, хөдлөхөд ньтуслах олсон системийг бүтээхэд хүргэв. Гэвч, нэг өдөр Мидгли уг төхөөрөмжийнхөө удирдлагаа алдаж, өөрийгөө боомилж гас баржээ.
Карел Сучек хүрхрээ дээгүүр торхтой явсан ч, цамхагт нас баржээ
Карел Сучек, Ниагара хүрхрээнээс торхтой унаж гаталсан нэгэн. Энэ солиорол 1984 онд болсон бөгөөд тэрээр уг төхөөрөмжийг өөрөө зохион бүтээж, түүхэнд нэрээ мөнхлөхөөр шийджээ. Гэвч Ниагара дээгүүр явах нь Соучект хангалтгүй байв. Тэрээр Хьюстон дахь өндөр цамхгаас өөрийгөө шидүүлэхээр шийдэн, дээрхитэй ижил загвараа ашиглахаар шийджээ. Соучекийг өөрийнх нь зохион бүтээсэн торхонд 55 метрийн өндрөөс шидсэн бөгөөд доорх усан санд буух ёстой байв. Гэвч торх хэт хурдан усан сангийн ирмэг дээр унаснаар Сучек газар дээрээ нас баржээ.
Ли Си илдэнд өртөж үхэв
Эрт дээр үед ч, улстөрчид янз бүрийн явуулга хийж, эсэргүүцсэн хүмүүсийг тамлан, эрүү шүүлт явуулдаг байв. Ли Си нь, МЭӨ 246 онд Цинь гүрний үед ерөнхий сайд байсан бөгөөд хууль боловсруулах ажил эрхэлдэг байжээ. Тэрээр, тухайн үед амьдралын янз бүрийн салбарт жишээ нь, зам дээр бүх сүйх тэрэг, тэрэгнүүд тэгш эрхтэй гэх мэтийн ижил нөхцөлийг бүрдүүлсэн хууль гаргаж байв. Мөн татвар бууруулсан нь түүнийг хүмүүсийн дунд нэр хүндтэй болгосон. Ли Си "Өвдөлт намдаах таван аргын тухай" хэмээх цааз, яргын бичиг гаргаж, гэмт хэрэгтнүүдийг эрүүдэн шүүх үеийн хүмүүсийн хамар, хөлийг нь тайрах, сэлмээр толгойг нь цавчих зэрэг аймшигт аргуудыг гаргасан байна. Гэвч тэрээр өрөө алдаа гаргаж, нэг хүнийг амиа хорлоход хүргэсний төлөөсөнд түүнийг өөрийнх нь зохиосон цаазын дагуу шүүж, толгойг нь илдээр цавчсан ажээ.
Макс Валер бол анхны пуужингийн эрдэмтэн
Макс Валер, пуужин болон дэлбэрэлтэд дуртай байсан бөгөөд өөрийнхөө аюулгүй байдлын талаар огт боддоггүй байв. 1920-иод онд галын аюулгүй байдлын дүрэм хараахан боловсруулагдаагүй байсан тул, бүх пуужингийн туршилт, үзүүлбэрүүд дурын байдлаар явагддаг байв. Макс галт тэрэг, аэродинамик чарга, уралдааны машин зэрэг жижиг тийрэлтэт хөдөлгүүрүүдийг бүтээхээр завгүй ажилладаг байв. Гэвч удалгүй тэр ийм жижиг бизнесээс залхаж, илүү том пуужин дээр ажиллаж эхлэв. Зохион бүтээгч, түлшийг хүчилтөрөгчтэй хольсон бөгөөд тэдгээрийг ямар хэмжээгээр хийх ёстойг мэдэхгүй байсан нь өндөр эрсдэлтэй хольц болжээ. Макс таван сарын турш туршилт хийж, янз бүрийн бодисуудын хоршил, хослолыг туршиж үздэг байсан бөгөөд 1930 оны 5-р сард тэрээр найзынхаа хамт керосин, ус, шингэн хүчилтөрөгчтэй туршилт хийж байх үед нь дэлбэрэлт болж, туршилт хийж байсан пуужингийн нэг хэсэг нь Максын цээжинд тусч, тэрээр газар дээрээ нас баржээ.