Зарим мужууд ICE-д баривчлагдсан гэр бүлүүдийн хүүхдүүдийг хамгаалахын тулд асран хамгааллын хуулиа өөрчилж байна

Цагаачлалын албаныхан олноор нь шалгалт, баривчилгаа хийж буй энэ үед зарим мужууд, хүүхдүүдийг гэр бүлүүдэд өргүүлэн асруулах системд оруулахгүй байх зорилготой хууль баталж байна. Харин, эцэг эхийг нь баривчилсан тохиолдолд, хүүхдийг түр асрах хамаатан садан эсвэл найз нөхөд байхгүй үед ийм арга хэмжээ авч байгаа талаар CNN мэдээлжээ.
Холбооны засгийн газар, цагаачлалын хяналтын ажиллагааны улмаас хэчнээн хүүхэд асрамжийн гэр бүлд шилжиж байгааг бүртгэдэггүй. Харин Орегон мужид, “Хоёрдугаар сарын байдлаар цагаачлалтай холбоотой баривчилгааны улмаас эцэг эхээсээ салсан хоёр хүүхдийг асрамжийн гэр бүлд өгсөн. 2025 оны намар хүртэл ийм зүйл огт тохиолдож байгаагүй” гэж тус мужийн Нийгмийн үйлчилгээний газрын төлөөлөгч Жейк Сандерленд мэдээлсэн байна.
Хоёрдугаар сарын дунд үеийн байдлаар, АНУ-ын Цагаачлал, гаалийн албаны (ICE) хорих байранд бараг 70,000 хүн байсан байна. Нэгдүгээр сард энэ тоо дээд амжилт тогтоон 73,000 хүрсэн нь өмнөх жилээс 84%-иар өссөн үзүүлэлт юм. ProPublica-ийн мэдээлснээр, Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс, 2025 оны наймдугаар сар хүртэл АНУ-ын иргэн 11,000 хүүхдийн эцэг эхийг баривчилжээ.
NOTUS хэвлэл хоёрдугаар сард мэдээлэхдээ, баривчлагдсан эсвэл албадан гаргасан эцэг эхийн дор хаяж 32 хүүхдийг долоон мужид асрамжийн гэр бүлд өгсөн байна.
Хүүхдийн эрхийг хамгаалдаг Children’s Rights байгууллагын гүйцэтгэх захирал Сэнди Сантана бодит тоо үүнээс хамаагүй өндөр гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Эцэг эхээсээ сална гэдэг хүүхдэд маш хүнд сэтгэлзүйн цохилт өгдөг бөгөөд эрүүл мэнд, сэтгэлзүйн олон асуудал, тухайлбал сэтгэл зүйн гэмтлийн дараах стрессийн эмгэг үүсгэж болзошгүй. Удаан хугацааны хүчтэй стресс нь, дархлааг бууруулж, халдварын давтамжийг нэмэгдүүлж, хөгжлийн саатал үүсгэх эрсдэлтэй байдаг бөгөөд KFF-ийн мэдээлснээр ийм “хорт стресс” нь, суралцах болон ой санамжтай холбоотой тархины хэсгүүдийг гэмтээх боломжтой байдаг.
Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд Мэриленд (Нью-Йорк), Колумбын тойрог болон Виржини мужууд цагаачлалтай холбоотой шалтгаанаар түр асран хамгаалагч томилох боломжийг олгохын тулд хуулиа өөрчилсөн. Харин өнгөрсөн жил Трамп дахин эрхэнд гарснаас хойш хяналт чангарснаар мужууд дахин хариу арга хэмжээ авч эхэлжээ.
Нью-Жерси мужид хууль тогтоогчид, одоогийн хуулийг өөрчлөх төслийг хэлэлцэж байна. Одоогийн хуульд эцэг эх нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах, эсвэл хүнд өвчтэй үед түр асран хамгаалагч томилох боломжтой байдаг бол шинэ төсөлд цагаачлалын хяналтын улмаас салалт үүсэхийг нэмэлт үндэслэл болгохоор тусгажээ.
Невада болон Калифорни мужууд өнгөрсөн жил, цагаачлалын арга хэмжээний улмаас салсан гэр бүлүүдийг хамгаалах хууль баталсан. Калифорнийн “Family Preparedness Plan Act” хууль нь эцэг эхчүүдэд, баривчлагдсан хугацаандаа асран хамгааллын эрхээ түр зогсоохын оронд бусадтай хуваалцах боломж олгодог. Суллагдсаны дараа тэд хүүхдүүдтэйгээ дахин нэгдэх үедээ эцэг эхийн эрхээ бүрэн сэргээдэг.
Лос-Анжелес дахь Alliance for Children’s Rights байгууллагын асран хамгааллын асуудал хариуцсан захирал Хуан Гусман, “Хүүхэд төрийн асрамжид орсны дараа эргэн нэгдэхэд хууль зүйн олон саад бэрхшээл гардаг. Хэрэв эцэг эх нь баривчлагдсан эсвэл албадан гаргагдсан бол, шүүхийн зайлшгүй ажиллагаанд оролцож чадахгүй тохиолдолд хүүхэдтэйгээ дахин нэгдэх магадлал буурдаг “гэж ярьжээ .
Судалгаагаар, АНУ-ын 5.6 сая хүүхэд хууль ёсны статусгүй эцэг эх эсвэл гэр бүлийн гишүүнтэй хамт амьдардаг. Үүнээс 2.6 сая хүүхэд нь, хоёр эцэг эх нь хоёулаа статусгүй байдаг байна.
Мөн зарим цагаачид, ICE тэдний мэдээлэлд хандаж болзошгүй гэж айсандаа төрийн маягт бөглөхөөс зайлсхийдэг байна. Трампын засаг захиргаа Medicare, Medicaid, Татварын алба, хүнсний тусламжийн хөтөлбөр, Орон сууц, хот байгуулалтын яам зэрэг байгууллагуудаас нууц мэдээлэл авах оролдлого хийсэн нь, урьд өмнө байгаагүй алхам юм.
Гонсалес-Перес болон Гусман нарын хэлснээр, олон цагаач эцэг эхчүүд өөрсдийн эрхийн талаар хангалттай мэддэггүй. Түр асран хамгаалагч томилж, гэр бүлийн төлөвлөгөө боловсруулах нь ийм нөхцөлд бэлдэх нэг арга бөгөөд “Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ салж магадгүй тухай ярилцах шаардлагатай болдог нь аймшигтай зүйл” гэж Гусман дүгнэжээ.








