January
14
2026
Anu.mn
Мэдээ
Залуужуулах эликсир ба урт наслалтын ген: Орчин үеийн шинжлэх ухаан, хөгшрөлттэй хэрхэн тэ ...
Залуужуулах эликсир ба урт наслалтын ген: Орчин үеийн шинжлэх ухаан, хөгшрөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Залуужуулах эликсир ба урт наслалтын ген: Орчин үеийн шинжлэх ухаан, хөгшрөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
Photo: Shutterstock

Орчин үеийн шинжлэх ухаан хөгшрөлтийг удаашруулах, хүний амьдралыг уртасгах чиглэлд бодит үр дүн гаргаж эхэлснийг BBC мэдээллээ. 19-р зууны эхэн үеэс хойш хүний дундаж наслалт хоёр дахин нэмэгдсэн бөгөөд анагаах ухаан, биотехнологийн хурдацтай хөгжлийн ачаар 2000 оноос хойш төрсөн хүмүүс 100 ба түүнээс дээш наслах боломжтой гэж олон эрдэмтэн үзэж байна.

Судлаачид юуны түрүүнд хөгшрөлтийн эсрэг эмийн хослол дээр анхаарч байна. Сүүлийн жилүүдэд АНУ болон Европт явуулсан туршилтуудаар хэд хэдэн эмийг оновчтой харьцаагаар хослуулснаар гаж нөлөөг багасгаж, амьдрах хугацааг 40–50 хувиар уртасгах боломжтойг тогтоожээ. Тухайлбал, АНУ-д хийсэн нэгэн судалгаанд оролцогчдын биологийн нас ДНХ-ийн маркераар хэмжихэд дунджаар 2.5 жилээр буурсан байна.

Мөн эрдэмтэд хөгширсөн, үйл ажиллагаагаа алдсан эсүүдийг устгах сенолитик эмчилгээ боловсруулж байна. Эдгээр хуучин эс нь бие махбодод хуримтлагдсанаар үрэвсэл, архаг өвчин, хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг гэж үздэг. Анхны клиник туршилтуудаар сенолитик эмчилгээний аюулгүй байдал, үр нөлөөг шалгаж эхэлжээ. Үүнээс гадна эсийн энергийн солилцоонд чухал үүрэгтэй eNAMPT уураг, NMN зэрэг бодисыг ашиглан хөгширсөн амьтдын идэвх, тэсвэр тэвчээрийг мэдэгдэхүйц сайжруулсан туршилтууд хийгдсэн байна. Зарим судалгаанд хөгшин хулгануудын насжилт 15–20 хувиар уртасчээ. Генетикийн түвшинд хөгшрөлтийг удаашруулах судалгаа ч мөн эрчимжиж байна. Эрдэмтэд теломерийн богиносох явцыг сааруулах, урт насжилттай холбоотой тодорхой генийг идэвхжүүлэх туршилтыг амжилттай хийсэн ч генийн нөлөө нийт насжилтын 10 орчим хувийг л тодорхойлдог гэж дүгнэж байна.

Судлаачдын онцолж буйгаар, шинжлэх ухааны зорилго нь үхэшгүй мөнх болгох бус, харин өндөр насанд хүрсэн ч эрүүл, идэвхтэй амьдрах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Хэдий ихэнх судалгаа туршилтын шатанд байгаа ч ойрын жилүүдэд хүний клиник туршилтууд олноор эхлэх төлөвтэй байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2026 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.