Anu.mn
Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ сонгуулийн сурталчилгааны ажлын үеэр буудуулж амь насаа ...

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ сонгуулийн сурталчилгааны ажлын үеэр буудуулж амь насаа алдлаа.

Fri Jul 08 2022
Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ сонгуулийн сурталчилгааны ажлын үеэр буудуулж амь насаа алдлаа.

НАРА, Япон (AP) - Үндэстнийхээ хамгийн хүчирхэг, нөлөө бүхий хүмүүсийн нэг Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ, Японы баруун хэсэгт сонгуулийн сурталчилгааны үеэр үг хэлж байхдаа буудуулж нас барлаа гэж NHK олон нийтийн телевиз мэдээлэв.

67 настай Абэг, Нарад үг хэлж эхэлснээс хойш хэдхэн минутын дараа араас нь бууджээ. Яаралтай эмчилгээ хийлгэхээр нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдсэн боловч амьсгалахгүй, зүрх нь зогссон байжээ. Түүнийг дараагаар нь эмнэлэгт нас барсан гэж NHK мэдээлэв.

Халдлагын үеэр цагдаа нар буутай этгээдийг баривчилсан ба халдлага үйлдэгч гар хийцийн галт зэвсэг ашиглаж Шинзо Абэд халдсан байна. Япон улс нь дэлхийн хамгийн аюулгүй улсуудын нэг бөгөөд галт зэвсгийн хяналтын хамгийн хатуу хуультай орон бөгөөд ийм хэрэг гарсан нь олон нийтийг цочирдуулж байна.

Ерөнхий сайд Фумио Кишида болон түүний Засгийн газрын сайд нар халдлагын дараа улс даяар сонгуулийн сурталчилгааны арга хэмжээнээсээ Токио руу яаран буцаж ирсэн бөгөөд энэ үйл явдлыг "харгис, бүдүүлэг" явдал боллоо гэжээ.

NHK сувгаар Абэгийн Нара хотын галт тэрэгний буудлын гадаа үг хэлж байгаа дүрс бичлэгийг цацсан байна. Тэр хар хөх өнгийн костюм өмсөж, нударгаа өргөж зогсож байх үед хоёр удаа буун дуу сонсогдов. Дараа нь Абэ гудамжинд унаж, хамгаалалтын албаныхан түүн рүү гүйж байгаа нь уг бичлэгт харагдаж байна. Бичлэгийн үргэлжлэлд тэрээр цээжээ барьж хэвтэх ба цамц нь цусанд будагдсан байсан.

Нара мужийн цагдаа нар 41 настай Тэцуя Ямагамиг хүн амины хэрэг үйлдэхийг завдсан хэрэгт сэжиглэн баривчилсан болохыг баталжээ. Сэжигтэн 2000-аад онд Далайн өөрийгөө хамгаалах хүчинд гурван жил алба хааж байсан гэж NHK мөн мэдээлэв.

Абэ 2020 онд албан тушаалаасаа огцрохоосоо өмнө Японыг хамгийн удаан хугацаанд удирдсан удирдагч байсан юм.

Эх сурвалж: apnews.com

Сүүлд нэмэгдсэн