Walmart худалдан авсан зүйлийг дроноор хүргэх үйлчилгээ нэвтрүүлж байна
Sun Dec 18 2022
Walmart хүргэлт, тээвэрлэлтийн бодлогодоо өөрчлөлт оруулж, олон сая үйлчлүүлэгчдэд ашигтай, 3.99 долларын хөлстэй хүргэлтийн үйлчилгээгээ зарласныг The Sun мэдээлэв.
Walmart нь дөрвөн шинэ хотод байрлах хэд хэдэн дэлгүүрт дрон хүргэлтийн үйлчилгээгээ хэргэжүүлж байгаа бөгөөд мөн Флорида мужийн Тампа, Орландогийн үйлчлүүлэгчид энэ үйлчилгээг авах болсон байна. Дрон хүргэлтийн үйлчилгээг Техас мужийн Даллас, Аризонагийн Финикс хотуудад нэвтрүүлж эхэлжээ. 3.99 долларын энэ үйлчилгээгээр, худалдан авсан зүйлээ, дэлгүүрээс нэг миль (1.6 км) зайд амьдардаг хүмүүс 30 минутын дотор хүлээн авах боломжтой. Үйлчлүүлэгчид, уг үйлчилгээг ашиглахын тулд Walmart-тай хамтран ажилладаг, Виржиниа мужид төвтэй DroneUp компанийн вэбсайтад хандан үйлчлүүлэх боломжтой эсэхээ шалгана. Дроноор хүргэлт өглөө 08:00-20:00 цаг хүртэл явагддаг. Захиалгад тодорхой хязгаарлалт байхгүй ч худалдан авалтын жин 10 фунт (4.5 кг) -аас хэтрэхгүй байна гэж мэдэгджээ.
Эдгээр төхөөрөмжүүдийг FAA стандартын дагуу, DroneUp нислэгийн инженерүүдийн баг удирддаг бөгөөд Дрон үйлчлүүлэгчийн гэрт ирэнгүүт кабелийн систем нь багцыг хашаанд зөөлөн буулгадаг.
Walmart энэ үйлчилгээг анх 2020 онд COVID-19-ийн шинжилгээний иж бүрдлийг хүмүүсийн гэрт хүргэх зорилгоор ашиглаж байсан туршлагатай.
Өнгөрсөн жил тус компани үүнийг Арканзас мужийн Фармингтон дахь дэлгүүрт анх удаа нэвтрүүлсэн байна. Одоо жилийн эцсээр Виржиниа, Юта мужид энэ үйлчилгээг санал болгохоор төлөвлөж байгаа бөгөөд нийтдээ энэ хөтөлбөрт 23 хотын 34 дэлгүүр хамрагдах юм байна.








