Anu.mn
Висконсин мужийн эмэгтэй, галзуу өвчнийг вакцингүйгээр давж гарсан дэлхийн цорын ганц эмэг ...

Висконсин мужийн эмэгтэй, галзуу өвчнийг вакцингүйгээр давж гарсан дэлхийн цорын ганц эмэгтэй юм

Fri May 24 2024
Висконсин мужийн эмэгтэй, галзуу өвчнийг вакцингүйгээр давж гарсан дэлхийн цорын ганц эмэгтэй юм

Висконсин мужийн нэгэн эмэгтэй, галзуу өвчнийг вакцингүйгээр давж гарсан дэлхийн анхны хүн болсноор түүхэнд бичигдсэн тухай Daily Mail мэдээллээ.

20 жилийн өмнө Жанна Гизе, сүмийн залбирлыг тасалдуулсан сарьсан багваахайг гаргах үедээ долоовор хуруугаа хазуулсан ажээ. Тэр үедээ цус гараагүй, хазуулсан шарх нь өчүүхэн байсан тул, ээж нь устөрөгчийн хэт исэл (антисептик) -ээр шархыг цэвэрлэж хэн нь ч, тоосонгүй өнгөрчээ. Гэвч хэдэн долоо хоногийн дараа тэр үеийн 15 настай охин орноосоо босож чадахгүй болж, бөөлжин, юмыг давхарлан харж хараа нь огцом мууджээ.

Аймшигтай онош ба гайхамшиг

Эмч нар, түүнд 99 хувийн нас баралттай галзуу өвчин туссаныг оношилж, вакцин хийлгэх ёстой 72 цагийн хугацаа өнгөрсөн тул хэдхэн хоног амьдрах үлдсэн гэж үзжээ. Гэсэн ч, түүний эмчлэгч эмч, вирусыг эмчлэхийн тулд урьд өмнө хэзээ ч хийж байгаагүй зүйлийг туршиж үзэхийг санал болгов. Халдварт өвчний чиглэлээр мэргэшсэн, хүүхдийн эмч, доктор Родни Виллоуби, “Би түүнийг үхэх нь зайлшгүй гэж бодсон. Тэр үеийн галзуу өвчний талаар миний бүх мэдлэг, 100% үхэлд хүргэдэг гэдгээс цаашгүй байсан” гэж дурссан байдаг.

Ингээд, эмч урьд өмнө нь огт туршигдаж байгаагүй зүйлийг санал болгосон бөгөөд охиноо аврахыг хүссэн эцэг эх нь ч зөвшөөрчээ. Гизийн дархлааны системд нь, галзуу өвчинтэй тэмцэх цаг гаргаж өгөхийн тулд хоёр долоо хоног комд оруулсан бөгөөд энэ нь гайхамшигтай ажиллаж вирус устжээ. Гэхдээ охин яг "шинэ төрсөн хүүхэд" шиг болж, бүх зүйлийг дахин сурах хэрэгтэй болжээ.

Гизе, "15 настайдаа би юу ч хийж чадахгүй, дөнгөж төрсөн хүүхэд шиг байсан. Сэргэх, босох зам маань маш урт бөгөөд зовлонтой байсан ч би бууж өгөөгүй. Энэ нь миний зөрүүд зантай холбоотой гэж боддог. 2004 онд өвдсөний дараа миний амьдрал бүрэн өөрчлөгдсөн. Хэдийгээр бүх тохиолдлуудад ижил эерэг үр дүнд хүргээгүй ч энэ арга, нэгэн цагт үхлийн аюултай гэж тооцогддог байсан өвчнийг вакцинжуулалтгүйгээр даван туулах боломж өгсөн нь гайхалтай юм. Би үүнд тусалсандаа баяртай байдаг" гэж ярьдаг. Тэрээр есөн долоо хоног эмнэлэгт хэвтэж, дараа нь амбулаторийн хяналтад хоёр жил эмчлүүлсэн. Дахин алхаж сурахад хоёр сар зарцуулсан. Тухайн үед Жанна галзуу өвчнийг вакцин хийлгэлгүй даван туулсан анхны хүн гэдгээрээ дэлхийн мэдээний шуугиан болж байв.

2014 онд Гизе, Скотт Фрассеттотой гэрлэж 3 хүүхэдтэй болжээ. Висконсин мужийн төв хэсэгт байрлах Фонд ду Лак хүүхдийн музейд ажилладаг байна.

Милуоки арга. Жил бүр 60,000 орчим америкчууд галзуугийн вирус тээгч амьтдад хазуулдаг. 72 цагийн дотор вакцин хийлгээгүй бол үүнийг цаазаар авах ялын адил авч үздэг. Галзуу өвчин тархинд тархаж, тархины эсийг устгадаг үрэвслийг үүсгэн ихэнхи тохиолдолд үхэлд хүргэдэг. Харин Гизегийн хувьд эмч нар, энэхүү харгис тойргийг эвдэх гэж оролдсон бөгөөд тархины үйл ажиллагааг дарангуйлж, үрэвсүүлэн үхэлд хүргэхээс сэргийлж түүнийг комд оруулсан ажээ. Одоо үүнийг, Милуоки арга гэж нэрлэн, хоёр өвчтөнийг аврахад ашигласан бөгөөд энэ аргын ачаар, 2011 онд галзуу өвчнөөр өвчилсөн золбин мууранд маажуулсан, найман настай Пресис Рейнольдсыг аварчээ.

Сүүлд нэмэгдсэн