Уурхайгаас олдсон 150 жилийн настай Levi's жинсэн өмд 87,400 доллараар зарагджээ
Sat Oct 15 2022
1880-аад оны Levi's жинсэн өмд Нью Мексикогийн нэгэн жижиг хотод дуудлага худалдаагаар 87,400 ам.доллараар зарагджээ. Энэ нь дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн эртний Levi's юм. Энэ талаар CNN хэвлэл дэлгэрэнгүй мэдээлжээ
Хаягдсан уурхайгаас олдсон жинсэн өмдний олдворыг, хуучны хувцасны чимэг, жинсэн өмдний зах зээлийн шинжээч 23 настай Кайл Хаутнер, Зип Стивенсон нар худалдан авчээ.
Стивенсон "Дуудлага худалдаа эхлэх хүртэл бид хамтдаа жинсэн өмд худалдаж авах төлөвлөгөөгүй байсан."
Жинс нь 87,400 ам.доллараар зарагдсан нь, хамгийн өндөр үнэ юм. Хоутнер 90%, Стивенсон үлдсэн 10% -ийг төлж авсан бөгөөд Стивенсон Калифорниа мужийн Лос Анжелес хотод жийнс засварын газар бараг гучин жил ажиллуулж байгаа ч, –“Үүн шиг өмдтэй таарч байгаагүй, хэзээ ч харж байгаагүй. Эдгээр жинсэн өмд нь маш ховор, ялангуяа ийм гайхалтай хадгалагдсан, өмсгөл хэмжээний хувьд ч тэр гайхмаар" гэж ярьсан байна.
Майкл Харрис гэгч, Америкийн баруун нутгаар таван жилийн турш, 50-иас доошгүй орхигдсон уурхайд хайлт хийхдээ ийм чанартай өмд хараагүй гэж 5 жилийн өмнө анх олох үедээ ярьсныг сонсож байсан. Цөөхөн хэдэн иймэрхүү төрлийн жийнс байдаг ч музейд хадгалагддаг, өмсөх аргагүй хэврэг байдаг. Гэтэл энэ хос нь "гайхалтай бөх, удаан эдэлгээтэй нь харагдаж байна. Энэ нь өмсөхөд ч тохиромжтой байна. Жинсэн өмдөн дээр бага зэрэг засварлаж бөхлөх шаардлагатай хэд хэдэн хэсгүүд байна гэвч энэ өмдүүд маш бат бөх жинхэнэ ”супер” жинсэн өмдүүд. Жонни Депп эсвэл Жейсон Момоа нарыг өмссөнөөр төсөөлөхөд амархан байна” гэж туйлын бахархалтай ярьжээ.
Дуудлага худалдаа, Ацтек хэмээх жижиг хотын захад байрлах Durango Vintage Festivus худалдааны төвд болсон байна. Дөрвөн өдөр үргэлжилсэн уг наадмыг хуучны хувцасны чимэг, жинсэн өмдний мэргэжилтэн Брит Итон хөтлөн явуулж байгаа бөгөөд тэрээр ийм зүйл хайдаг хүмүүсийн хандлагыг "донтолт" гэж нэрлэжээ. Тэрээр, -“Надад хөгжмийн уран бүтээлчидтэй өрсөлдөх чадвартай толгойлогч “хедлайнер” хэрэгтэй байсан бөгөөд эдгээр жинсэн өмдүүдийг гол өгөөш болно гэж бодсон мань зөв байсан. Энэ бизнесийг 25 жил хийхдээ, ийм хуучны “олдвор” жинсэн өмд дунджаар 100 орчим долларын үнэтэй байдгийг мэднэ. Тиймээс ийм үнэ цэнэтэй хос амьдралд ганц л удаа олдно. Уул нь би уг жинсэн өмдийг зарах бодолгүй байснаас ийм "асар их" үнээр тавьсан. Гэсэн ч маш ховор гэдгийг нь мэдсэн шинжээчид худалдаж авсан нь гайхах зүйл биш. Тендерт оролцогчид үнэ хаялцаж байгааг харах үнэхээр хөгжилтэй байсан" гэж ярьжээ.
Мөн Америкийн барууны бэлгэ тэмдэг болсон энэ жинсэн өмд тус улсын түүхэн дэх хар бараан үйл явдлын гэрч болж байна. Халаасных нь дотор талд "Цагаан хүмүүсийн хөдөлмөрөөр бүтээгдсэн цорын ганц төрөл" гэсэн бичиг бүхий шошго оёостой байгааг, 1882 онд Хятад ажилчдыг АНУ-д нэвтрүүлэхийг хориглосон мөн Хятадуудыг гадуурхах тухай хууль батлагдсаны дараа тус компани ийм уриа ашигладаг байсан гэж Левисийн хэвлэлийн төлөөлөгч тайлбарласныг Wall Street Journal иш татан бичжээ. WSJ, 1890-ээд оноос Левис энэ бодлого, уриа лоозонгоо орхисон гэж мэдээлсэн байна. Харин уг хуулийг 1943 онд албан ёсоор хүчингүй болгосон ажээ.
Стивенсон одоо жинсэн өмдөө яахаар төлөвлөж байгаа нь сонирхолтой юм. Тэрээр, -"Бид тэдгээрийг маш их сонирхож буй хувийн худалдан авагчдад зарахыг хүсч байна. Гэхдээ Смитсониан эсвэл Метрополитан гэх мэт музей худалдан авч, үзүүлэн болгохыг илүүд үзнэ гэж нэмж хэлжээ.
Жинсэн өмд одоогоор, Лос Анжелес дахь Stevenson's Denim Doctors-ийн ойролцоох сейфэнд хадгалагдаж байгаа бөгөөд урьдчилж цаг захиалан үзэх боломжтой байгаа аж.








