Anu.mn
Уур амьсгалын дулаарал ба түүний 20н тооцоолоогүй нөлөөлөл: Хэт халуун агаарын хэм нь тэнэ ...

Уур амьсгалын дулаарал ба түүний 20н тооцоолоогүй нөлөөлөл: Хэт халуун агаарын хэм нь тэнэглэх, тэмцэх хүсэл эрмэлзлийг өдөөдөг.

Tue Jun 07 2022
Уур амьсгалын дулаарал ба түүний 20н тооцоолоогүй нөлөөлөл: Хэт халуун агаарын хэм нь тэнэглэх, тэмцэх хүсэл эрмэлзлийг өдөөдөг.

Халуун агаарын хэмд хүмүүс түрэмгий болж, мөн бэлгийн дур хүсэл нь өндөр байж, илүү их ядардаг гэх таамаглал үнэн эсэх талаар мөн энэ сэдэвтэй холбоотой эрдэмтдийн бүх шинэ нээлт, дүгнэлтүүд, судалгааны үр дүнг цуглуулсан мэдээллийг Вести Израиль сэтгүүл нийтэлжээ.
Халуун хэм хүний бие организмд хэрхэн нөлөөлдөг талаар эмч нар эртнээс судалж, зарим үр дагаварынх нь талаар анхааруулж ирсэн байдаг. Гадаа, задгай газарт халуунд ажилладаг, агааржуулагчгүй битүү байр, сууцанд ажиллаж, амьдардаг хүмүүст энэхүү халуун хэмийн үйлчилэл нь бие эвгүйрхэх, хурдан ядарч сульдах, идэвхигүй болох, уцаартай бухимдуу байх, зүрх, бөөрний үйл ажиллагаанд нөлөөлөх зэргээр илэрдэг байна. Эдгээр шинж тэмдэгүүд нь халуун орчин хүний биед үзүүлж буй нэг үр дагавар болоод зогсохгүй, жил бүр дэлхийн дулаарлаас болж улам олон улс орон үүнд өртөж, маш их хүмүүс хамрагдаж байгаа ноцтой асуудал болоод байгаа юм.
Тиймээс, эрдэмтэд дараах зүйлсийг анхааруулж байна.
1. Их халуунд хүний тархины үйл ажиллагаа буурдаг. Харвардын их сургуулийн профессор Жо Аллен, их халуун үеийг тааруулан Бостоны их сургуулийн оюутнууд дээр, хоёр групп болгон хувааж туршилт явуулжээ. Эхний группын оюутнуудыг төвийн агааржуулалтын системтэй, хүнд таатай байхаар 22 хэмийн дулаантай өрөөнд, харин нөгөө хэсгийг нь агааржуулалтгүй 27 хэмийн дундаж дулаантай өрөөнд хэсэг хугацаанд байлгаж, өглөө бүр оюутнуудыг сэрмэгц, гар утсанд нь, мэдээлэл боловсруулах хурд, чадвар, төвлөрөлт, тогтоолтыг нь шалгах боломжтой даалгаврууд өгч ажиглалт, судалгаа хийжээ. Халуун агааржуулагчгүй өрөөнд байгаа оюутнуудын энгийн арифметик бодлого бодлого бодох чадвар 13%, нэг минутад хариулах зөв хариултын тоо 10%-аар буурч байсан байна.

2. Бид сэрүүн газарт амьдрахдаа илүү дээр байжээ.
Сэрүүн, хүйтэн газрын хүмүүсийн оюуны түвшин дундаж түвшнээс өндөр байдаг. Миссурийн их сургуулийн сэтгэл судлаач Жозеф Райан, 4-р, 8-р ба 12-р ангийн сурагчдын IQ –ийн түвшин тогтоох тестийн үр дүнд харьцуулсан шинжилгээ хийхэд, хичнээн халуун газарт амьдардаг байна төдийчинээ IQ нь доогуур байна гэсэн дүгнэлт гарчээ. Калифорнийн их сургуулийн судлаачид, 120 орныг хамруулсан судалгаа хийхэд мөн адил үр дүн гарч байжээ.

3. Хүүхдээ наранд удаан бүү байлга. Ядуу болно.
Беркли, Аризона, Стэнфордын их сургуулиудын гурван эрдэмтэний явуулсан, 1969-1977 оны хооронд төрсөн 12 сая америкчуудыг хамруулсан судалгаагаар, ой хүртлээ хэт халуун хэмд /32-оос дээш хэм/ өртөж байсан хүүхдүүд, насанд хүрэхдээ нийтлэг цалингийн дундажаас бага цалинтай хүн болж өсдөг, 32 хэмээс илүү өндөр халуунд өнгөрүүлсэн өдөр бүр нь 30 насанд нь жилийн орлогынх нь 0,1% хасагдахад хүргэдэг гэсэн гэнэтийн санаанд оромгүй дүгнэлт гарсан байна. Тэд, нялх хүүхдүүдийн мэдрэлийн систем бүрэн хөгжөөгүй байдаг учираас хэт халуунд маш мэдрэг байдаг гэдгийг онцгойлон тэмдэглэсэн байна.

4. Зун төрөх талаар.
Европын Нейропсихофармакалогийн Коллеж(European College of Neuropsychopharmacology)-ийн 2014 онд явуулсан судалгаагаар, зун төрсөн хүүхдүүд бусад үед төрсөн хүүхдүүдээс илүү сандруу, баярлах, гуниглах нь элбэг, баяр гуниг нь хурдан солигддог байдал ажиглагдсан бол, хавар төрсөн хүүхдүүд илүү өөдрөг, өвөл төрсөн нь илүү тайван, уур уцаар багатай, намар төрсөн хүүхдүүд сэтгэл гутралд өртдөггүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг.

5. Агааржуулагч хэр сайн ажиллагаатай байна төдий чинээ хүний ажиллах чадвар өндөр байдаг.
Берклийн их сургуулийн судлаачид, офисын агаарын хэм 22 хэм байхад хүмүүсийн ажиллах чадвар оргилдоо хүрсэн байдаг ба харин 24 хэмээс дээшлэхэд буурч эхлэн, 30 хэм хүрэхэд 9% -аар буурдаг гэсэн судалгааны үр дүнг танилцуулсан байна.

6. Халууны хэм өсөх тусам, тархины “хамгаалагчид” шатдаг. Беркли, Принстоны их сургуулийн гурван эрдэмтний, уур амьсгал ба хүн хоорондын уялдааг судалсан судалгааны 60 дүгнэлт, үр дүнг задлан шинжилсэн 2013 онд хийсэн мета судалгаагаар, ган гачиг нүүрлэсэн үед гэр бүлийн хүчирхийллийн түвшин эрс нэмэгддэг болох нь тогтоогджээ.

7. Сэтгэцийн өөрчлөлтөд хүргэдэг.
Америкийн сэтгэл судлалын нийгэмлэг, цаг агаарын эрс тэс үзэгдлүүд нь сэтгэлийн хямрал, түгшүүр үүсгэдэг гэж үздэг. 2012 оны 7-р сарын эхээр Онтарио (Канад) хотод агаарын температур 50 градус хүрч халсан нь Виндсорын бүсийн эмнэлгийн сэтгэцийн тасгийг бүрэн дүүргэхэд хүргэсэн байдаг.

8. Сэрүүнд эелдэг байдал ноёрхдог.
Их халуунд хүмүүсийн харилцаа таагүй болдог бөгөөд энэ талаар америк эрдэмтэд дараалсан судалгаанууд хийж, нэгийг нь жишээ болгон татсан байдаг. 2010 онд Москвад болсон хэт халууны үед томоохон худалдааны төвийн худалдагчидын харьцааг ажигласан судалгаа явуулахад уур уцаартай, эелдэг бус болж, бусдад санаа тавихгүй, мэдээлэл өгөхгүй, бага тусалж байсан байна.

9. Хайрын зун.
Зуны халуун нь бэлгийн дур хүслийг өдөөж, бэлгийн харьцаанд ороход таатай нөхцлийг бүрдүүлдэг. Бие махбодид Д аминдэмийн хэмжээ ихсэх тусам бэлгийн дур хүслийг бий болгодог тестостероны түвшинг нэмэгдүүлдэг болох нь нотлогдсон байдаг.

10. Сээтэгнэх улирал.
Нартай дулаахан өдрүүдэд сээтэгнэх нь баталгаатай амжилт дагуулдаг. Өмнөд Бриттанийн их сургуулийн профессор Николас Гоген залуусын үерхэлд цаг агаар хэрхэн нөлөөлдөг болохыг дараах судалгаагаар тогтоожээ. Тэрээр 20 настай царайлаг хүүг залуу охидод ойртож өөрийгөө танилцуулаад, утасны дугаарыг нь асууж авахуулахаар явуулж байв. Дулаан нартай, үүлэрхэг өдрүүдэд энэ туршилтаа дараалан явуулахад, эмэгтэйчүүд үүлэрхэг өдрүүдээс (13.9%) илүү, нарлаг өдрүүдэд (22.4%) утасны дугаараа өгөхөд бэлэн байдаг нь харагдсан байна.

11. Батерей хурдан элэгддэг.
Температурын 8 хэмийн өсөлт бүр нь, хар тугалганы батерейны ашиглалтын хугацааг хоёр дахин бууруулдаг. Жишээлбэл, 25 градусын температурт 10 жил ажиллах VRLA батерей нь 33 градусын халуунд байнга ажиллахад ердөө таван жил, 41 градуст гурван жил хүрэхгүй ажиллана. Машины аккумляторыг хүйтэн газар 59 сар, халуунд 47 сар ашиглах боломжтой байдаг байна.

12. Галд автсан дэлхий.
Одоогийн байдлаар дэлхийн хүн амын 30% нь жилд дор хаяж 20 хоног гамшгийн хэмжээний халуунд өртөж байгаа бөгөөд 2100 он гэхэд дэлхийн хүн амын 48% нь үүнийг мэдрэх болно. Гэвч энэ тооцоо нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж чадна гэсэн таамаглал дээр үндэслэсэн харьцангуй өөдрөг тооцоо юм. 1980-2014 оны хооронд дэлхийн 36 орны 164 хотод 783 удаа гамшигийн хэмжээний халалт бүртгэгдэж, олон арван мянган хүн амь үрэгджээ. Судлаачид, хүлэмжийн хийн ялгарал нэмэгдвэл дэлхийн хүн амын 74 хувь нь үхлийн аюултай халуунд өртөх болно гэж үзэж байна

13. Эрэгтэйчүүд халуунд илүү тэсвэргүй.
2000-2010 оны хооронд, 8081 америк хүн хэт халуунаас болж нас барсны 72% нь халууны шууд үйлчилэлд өртсөнөөс болсон байна. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь (69%) эрэгтэйчүүд байжээ.

14. Хэт халалт нь дараах бүлгүүдэд онцгой аюултай: 4-өөс доош насны хүүхэд, 65-аас дээш насныхан, илүүдэл жинтэй, чихрийн шижин, зүрхний өвчин зэрэг архаг өвчтэй хүмүүс, хэн ч тэдний асуудлыг анзаардаггүй учираас ядуу болон нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс.

15. Хотжилт нь халууныг өсгөдөг.
Хотын төв хэсэг нь ихэвчлэн хотын захаасаа илүү дулаан байдаг. АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагийн мэдээлснээр, хотын төв болон түүний захын хорооллуудын хоорондох температурын зөрүү 12 хэм хүртэл өндөр байдаг гэжээ. Энэ нь, ургамлыг үндсээр нь хуулж, газрыг асфальтаар хучиж, хана нь дулааныг шингээж хуримтлуулдаг чулуун барилга барьсан хүмүүсийн өөрсдийнх нь ​​бүтээсэн үр дүн, цаг уурын харьцангуй шинэ үзэгдэл юм.

16. Цаг уурын дүрвэгсэд.
2100 он гэхэд дэлхийн хүн амын тавны нэг нь (2 тэрбум хүн) дэлхийн дулаарлын нөлөөгөөр, ялангуяа далайн түвшин нэмэгдсэний улмаас гэр орноо орхих болно. Энэ онцгой судалгааг өнгөрсөн жил Корнеллийн их сургууль явуулж, энэхүү гунигтай дүгнэлтийг гаргажээ.

17. Израилаас гарахад хэцүү болно.
Хэт халуун нөхцөлд онгоцнууд аюулгүй хөөрч чадахаа больно. Сүүлийн үеийн хэт халалтын улмаас олон арван нислэгүүд цуцлагдаж, хойшлогддог болоод байна. Халуун агаар нь онгоц хөөрөхөд нөлөөлдөг. Далавч нь агаарын нягтаас хамааралтай онгоцыг хөөргөх зориулалттай байдаг бөгөөд агаарын хэм өндөр байх тусам нягтшил нь бага байдаг тул нисэх онгоц хөөрөх хурдаа нэмэгдүүлэхийн тулд илүү хол гүйлт хийх шаардлагатай болдог. Тиймээс, онгоцны жинг багасгах эсвэл халуун цаг агаар намжих хүртэл нислэгээ хойшлуулах гэсэн сонголтууд л үлдэж байгаа юм.

18. Зуны улиралд муур хүртэл хоолны дуршилгүй болдог. Муурнууд зуны саруудад сэрүүн улирлынхаас 15% бага хоол иддэг гэнэ.

19. Хиймлээр сэрүүцүүлэх нь өвчинд хүргэнэ.
Агааржуулж, сэрүүцүүлэх төхөөрөмж нь халуунд хэдий тустай ч, систем дэх чийгшил нь агаарт бактери, мөөгөнцөр үүсгэж, агаарын урсгалаараа хаа сайгүй тарааж байдаг. Тиймээс, астма харшилтай хүмүүст тун муугаар нөлөөлдөг.

20. Агааржуулагч төхөөрөмжгүй хэрхэн амьдрах вэ?
Шингэн ахиухан ууж, шууд нарны тусгалаас зайлсхийж, ид халуун үед биеийн хөдөлмөр хийхгүй байх, мөн мөстэй ваннад орохыг зөвлөдөг. Хөргөж сэрүүцүүлэх арьс, биеийн хэсэг их байх тусам биеийн температур хурдан буурдаг аж. Эрдэмтэд 2015 онд гарын алгаа хөргөх нь биеийн температур буурахыг хурдасгадаг болохыг тогтоожээ. Хацар, хөл, гарт хүйтэн зүйл түрхэх нь хамгийн үр дүнтэй байдаг.

Эх сурвалж:
www.forumdaily.com/en/top-20-neozhidannyx-posledstvij-pogody-zhara-provociruet-glupost-i-zhelanie-voevat/

Сүүлд нэмэгдсэн