USCIS ажлаа хөнгөвчлөхийн тулд хиймэл оюун ухаан ашиглаж байна
Mon Nov 27 2023
Хиймэл оюун ухаан (AI) бидний амьдралын бараг бүх салбарт нэвтэрч, маш сайн туслах, ажилд зайлшгүй шаардлагатай хэрэгсэл болоод байна. АНУ-ын Иргэншил, Цагаачлалын алба (USCIS) ч мөн энэхүү чиг хандлагын дагуу хиймэл оюун ухааныг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд Дотоодын аюулгүй байдлын яамны (DHS) вэбсайт, цагаачлалын бичиг баримт боловсруулах үйл явцад хиймэл оюун ухаан ашиглаж байгаа үйлчилгээнүүдээ танилцуулав.
Гэр бүлийн ногоон карт: I-485 Family Matching
I-485 Family Matching систем нь, өргөдөл гаргагчийн гэр бүлийн гишүүдийг I-485 маягтад тааруулахад тусалж байна. Хиймэл оюун ухаан энэ ажлыг хүнээс илүү хурдан бөгөөд илүү үр дүнтэй хийдэг. Мөн энэхүү систем нь гэр бүлийн гишүүдийн гаргасан I-485 өргөдлийг тодорхойлох, бүлэглэх, мөн боловсруулагдаж буй туслах маягтуудыг цуглуулахад тусалдаг (жишээ нь, I-765, I-131). Визний ангилал (гэр бүл эсвэл ажил) болон давуу эрх олгох огнооны талаархи мэдээллийг агуулахаас гадна виз олгох хүртэл хүлээгдэж буй хугацааг харуулдаг.
Статусын өөрчлөлт
I-539 Approval Prediction хэрэгсэл нь I-539 маягт, Цагаачлалын бус статусыг сунгах эсвэл өөрчлөх хүсэлтийг боловсруулах хугацааг урьдчилан таамаглах боломжтой.
Бүгдийг нэгтгэж, хэн нь хэн бэ гэдгийг тодорхойлдог
Identity Match Option (IMO) систем нь, USCIS-ийн үйлчлүүлэгчид буюу цагаачдыг таних мэдээллийн нэгдсэн сан юм. Цагаачлал нь, хураамжийн тэтгэмжийг батлах, уулзалт товлох, суурь шалгалт авах, нэмэлт мэдээлэл авах хүсэлт зэргээс бүрдэх, системийн хэсэг бүр өөрийн гэсэн хүн төвтэй өгөгдлийн шинж чанаруудыг (жишээ нь, SSN, A дугаар, нэр, төрсөн огноо, хаяг гэх мэт) бүртгэдэг нарийн төвөгтэй үйл явц бөгөөд хүн нэг шатнаас нөгөөд шилжих үед хэн гэдгийг нь тогтооход хүндрэл учирч байдаг. Үүнийг IMO шийдэж байгаа бөгөөд Цагаачлалын үйлчилгээний бүх үйлчлүүлэгчийн ID-уудын нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлснээр хүмүүсийн бичиг баримт цагаачлалын үйл явцын үе шат хооронд шилжих үед, тэдгээрийг хялбархан хайж олох боломжийг өгч байна.
Үүнтэй төстэй функцийг Person-Centric Identity Services (PCIS) гүйцэтгэдэг. PCIS өөр өөр агентлагуудад үйлчлүүлэгчийн намтар болон биометрийн мэдээллийг солилцох боломжийг олгодог учираас, тухайн хүний цагаачлалын түүх, статусыг бүхэлд нь харах боломж олгож байна.
A-Number Management загвар нь, намтар (нэр, төрсөн он, сар, өдөр, гадаадын иргэний дугаар, нийгмийн даатгалын дугаар, паспортын дугаар гэх мэт) болон биометрийн мэдээлэл (хурууны хээ, нүдний өнгө, үсний өнгө, өндөр, жин) бүхий өгөгдлийн багцуудыг агуулдаг.
PCIS нь, системд хүний мэдээллийг давхардуулахгүй буюу “клон” үүсгэхгүй байх үүрэгтэй. Мөн энэ программ, хүмүүсийн бичиг баримтыг маш найдвартайгаар ялгаж салгаж, тодорхойлдог бөгөөд PCIS-ийн тусламжтайгаар хайлтын төрөл бүрийн системээр, их цаг зарцуулахгүйгээр тухайн хүний цагаачлалын түүхийг бүрэн цуглуулах боломжтой байдаг байна.
Иргэншил авах хугацааг урьдчилан таамаглах
Predicted to Naturalize загвар нь, АНУ-д байнгын оршин сууж буй хүмүүсийн цагаачлалын түүхэнд дүн шинжилгээ хийж, иргэншил авах эрх нь хэзээ нээгдэж болохыг урьдчилан таамаглаж өгдөг.
Нотлох баримтыг баталгаажуулах
USCIS нь, цагаачдын өгсөн мэдээллийн үнэн зөв, найдвартай байдлыг шалгахын тулд хиймэл оюун ухааныг ашиглаж байна. Системүүдийн нэг нь, нотлох баримт авах хүсэлтийн дагуу олж авсан өгөгдлийн багц дээр үндэслэн загварчлал хийхээс гадна баримт бичгүүдийг сэдвүүдээр нь эмхэлж, бүх өгөгдөлүүд байгаа эсэхийг мөн зөрүү илэрсэн эсэхийг шалгадаг байна.
Мөн энэ салбарын хоёр дахь систем нь, орогнол хүссэн өргөдлүүдэд текстийн шинжилгээ хийж, орогнол хүссэн өргөдлийг уншиж, үнэн худалыг нь илрүүлэхийн тулд машины сургалтын болон мэдээллийн графикийн аргыг ашигладаг байна.
Ангилагч
USCIS ELIS нь, маягт боловсруулах нарийн төвөгтэй ажлуудыг гүйцэтгэхэд тусалдаг микро үйлчилгээнүүдээс бүрдсэн дотоод хэргийн удирдлагын систем юм. Машины сургалтын (ML) нотлох баримтын ангилагчийг ашиглахаас өмнө, нотлох баримтыг хянах ажилтнууд ногоон карт, төрсний гэрчилгээ гэх мэт тодорхой баримт бичгийг олохын тулд хэдэн арав, хэдэн зуун хуудсыг шүүж үзэх шаардлагатай болдог байв. Хүмүүсийн эдгээр ажлыг гүйцэтгэхэд зарцуулдаг цагийг багасгахын тулд ML технологийг ашиглаж байна.
2021 оны 9-р сарын 28-аас, 2022 оны 5-р сарын 20-ны хооронд сайжруулсан ML нь, ойролцоогоор 24 сая хуудас эргүүлэхийг хэмнэсэн бөгөөд энэ нь нэг хуудсыг эргүүлэх хугацааг 2 секундэд тооцвол ойролцоогоор 13,348 цаг хэмнэжээ. Энэ нь, 30 хоногт гаргадаг шийдвэрийн тоог бараг хоёр дахин буюу 30% -с 58% хүртэл нэмэгдүүлэх боломжтой болгосон байна.
FDNS-DS NexGen
2005 онд USCIS, залиланд сэжиглэгдсэн эсвэл нотлогдсон цагаачлалын өргөдөл, хүсэлтийг баталгаажуулах үйл явцыг бүртгэх, хянах, удирдах зориулалттай Залиланг илрүүлэх болон Үндэсний аюулгүй байдлын нууцлалын Мэдээллийн систем буюу Fraud Detection and National Security – Data System (FDNS-DS (FDNS-DS) -ийг боловсруулж, 2023 оны 6-р сард FDNS-DS NexGen-ээр сольсон бөгөөд энэхүү систем нь, нэг хүний мэдээлэл дээр ажиллах хугацааг хурдасгадаг байна.








