USCIS 2023 онд 10 сая хэргийг хянан шийдвэрлэсэн: АНУ-ын цагаачлалын статистик
Sun Feb 18 2024
АНУ-ын Иргэний харьяалал, цагаачлалын албаны (USCIS) ажиллагаанд ахиц дэвшил гарч, 2023 оны санхүүгийн жилд, хамгийн олон буюу 10 сая цагаачлалын хэргийг шийдвэрлэжээ.
2023 оны санхүүгийн жилд USCIS 10.9 сая өргөдөл хүлээн авч, хүлээгдэж байсан 10 сая гаруй хэргийг шийдвэрлэсэн нь агентлагийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. Үүний зэрэгцээ нийт хүлээгдэж буй өргөдлийн тоог 15 хувиар бууруулжээ.
Мөн, 2023 оны санхүүгийн жилд, АНУ-ын иргэншил авсан 878,500 гаруй шинэ иргэн, түүний дотор 12,000 цэргийн албан хаагчдад тангараг өргөсөн байна.
Санхүүгийн жилийн эцэс гэхэд иргэншил авах өргөдлийг хянан шийдвэрлэх дундаж хугацаа 10.5 сараас 6.1 сар болж буурчээ. Энэ нь USCIS-д АНУ-ын иргэншил хүсч буй ихэнх хүмүүсийн хүлээх хугацааг мэдэгдэхүйц бууруулах урт хугацааны зорилгодоо хүрэх боломжийг олгож байгаа юм.
USCIS нь үйлчилгээний чанарыг эрс сайжруулсан хэд хэдэн шинэ технологийн шийдлүүдийг хэрэгжүүлсэн:
Биометрик уулзалтыг онлайнаар товлох шинэ хэрэгслийн тусламжтайгаар хэрэглэгчид 2023 оны санхүүгийн жилд 33,000 удаа энэ боломжийг ашигласан.
Шинэ, хаягийн бүртгэл солих хэрэгслийг ашиглан, 2023 оны арванхоёрдугаар сар хүртэл 430,000 гаруй хаягийн өөрчлөлтийг онлайнаар хийлгэжээ. Энэхүү хэрэгсэл нь USCIS-ийн Холбоо барих төвд ирдэг утасны лавлагааны тоог 31% буюу жилд ойролцоогоор 1.5 сая лавлагаагаар бууруулах төлөвтэй байна.
2023 оны 8-р сараас 9-р сар хүртэл USCIS онлайн хүсэлтийн маягтыг ашиглан 16,000 гаруй оффисын цаг товлох хүсэлтийг хүлээн авсан бөгөөд 1-800 дугаар руу залгасан хүмүүст зориулсан шинэ идэвхтэй үйлчилгээ нь, үйлчлүүлэгчдэд урьдчилсан буцаан залгах баримжааг өгч, аваагүй дуудлагыг багасгаж байна.
2023 оны санхүүгийн жилд USCIS болон Төрийн департамент 192,000 гаруй цагаачлалын виз олгох замаар Америкийн ажил олгогчдын хэрэгцээг хангахад тусалсан. Энэ нь тахлын өмнөх үеийнхээс хамаагүй өндөр байна. Мөн АНУ-ын ажил олгогчид болон АНУ-ын харьяат бус иргэдэд дэмжлэг үзүүлж, өргөдөл гаргагчийн статусыг тохируулахын тулд Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн баримт бичгийн (EADs) хүчинтэй байх хугацааг таван жил хүртэл нэмэгдүүлсэн юм.
USCIS нь Олон улсын бизнес эрхлэгчдийн дүрэм, онцгой чадвартай хүмүүс, нэр хүндтэй профессор, судлаачдад зориулсан EB-1 цагаачлалын виз зэрэг олон цагаачлалын үйлчилгээний хүртээмжийг сайжруулсан. Иргэний харьяалал, цагаачлалын алба нь J-1-ийн хувьд, гадаадад оршин суусан байх хоёр жилийн шаардлагыг хассан.
USCIS нь, цагаачлалын бус статусаа тохируулах, сунгах хүсэлт гаргагчдад биометрийн хураамж болон урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагыг хассан. Тус алба нь харьяалалгүй хүмүүсийн Хүүхдийн байдлыг хамгаалах тухай хуулийг шинэчилсэн. Ингэснээр эцэг эхтэйгээ хамт байнгын оршин суух хүсэлт гаргах боломжтой болно.
Дэлхийн 2-р дайнаас хойшхи хамгийн их, хүмүүсийн нүүн шилжилттэй тулгарч байгаа энэ үед USCIS хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, эмзэг бүлгийн хүн амыг хамгаалж байна гэж тус агентлаг мэдэгдэв.
Тус алба 100,000 гаруй дүрвэгсэдтэй ярилцлага хийсэн нь өмнөх санхүүгийн жилийнхээс хоёр дахин их байна. Ярилцлагын үр дүнд 60,000 гаруй дүрвэгчийг хүлээн авч, нүүлгэн суурьшуулжээ. 2023 оны санхүүгийн жилийн эцсийн байдлаар USCIS 52,000 гаруй орогнол хүссэн хэргийг шийдвэрлэсэн байна. Мөн, цагаачдын эх орондоо буцахаас айж эмээж байгаа эсэхийг тогтоохын тулд 146,000 удаагийн шалгалт хийж, дээд амжилт тогтоожээ.
2023 оны санхүүгийн жилд USCIS нь Куба, Гаити, Никарагуа, Венесуэлчүүдэд (CHNVs) шинэ процессуудыг хэрэгжүүлэх замаар АНУ-д хувь хүмүүсийн боловсруулалтыг хялбаршуулсан. 2023 оны санхүүгийн жилийн эцэст CHNV процессын дагуу 238,000 орчим хүн АНУ-д нэвтэрсэн байна. Энэхүү үйлчилгээ нь Колумб, Эль Сальвадор, Гватемал, Гондурас зэрэг орны хүмүүсийн гэр бүлийг нэгтгэх шинэ үйл явцыг хэрэгжүүлж, Куба, Гаитигийн хүмүүст одоо байгаа үйл явцыг оновчтой болгох юм.
Украинд зориулсан U4U хөтөлбөрийг үргэлжлүүлэн дэмжсээр байна. 2023 оны санхүүгийн жилийн эцсийн байдлаар Украины 150,000 гаруй иргэн болон тэдний гэр бүлийн гишүүд U4U процессын дагуу АНУ-д нэвтэрчээ.
Мөн, USCIS зургаа дахь үйлчилгээний төв болох Хүмүүнлэгийн тусламжийн төв (HART) байгуулснаа зарлав. Энэ нь эмзэг бүлгийн иргэдийн тэтгэмж авах хүсэлтийг хянадаг. Шинэ ажилчдыг элсүүлэх, ажилд авах, сургах чиглэлээр томоохон ахиц дэвшил гаргаж, HART үйлчилгээний төвийг 2023 оны санхүүгийн жилд бараг 90%-иар нэмэгдүүлсэн ажээ.
Цаашид:
- 2024 оны санхүүгийн жилд тус агентлаг, боловсруулалтын хоцрогдолд хяналт тавьж, шийдвэрлэхийн зэрэгцээ энэхүү ахиц дэвшлийг үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэж мэдэгдэв.
- USCIS нь CBP One гар утасны аппликейшн эсвэл CHNV процессоор дамжуулан цаг товлосны дараа АНУ-д нэвтэрсэн хүмүүсийн зарим EAD өргөдлийг боловсруулах дундаж хугацааг 30 хоног байлгахын тулд ажиллана.
- Тус агентлаг мөн мэргэжлийн ажилчдад зориулсан H-1B хөтөлбөрийн үр ашиг, бүрэн бүтэн байдлыг шинэчлэх, сайжруулах шинэ дүрмийг санал болгов. USCIS нь иргэний харьяалал олгох үйл явцын хугацааг хадгалах, хөдөлмөр эрхлэх боломжтой бүх визийг ашиглах талаар ажиллана.
- USCIS нь үйлчилгээгээ сайжруулахын тулд шинэ онлайн мэдүүлгийн хэрэгслийг нэвтрүүлэх болно, үүнд байгууллагын бүртгэл үүсгэх, H-1B маягтын I-129 өргөдөл, цагаач бус ажилчдад зориулсан өргөдлийг онлайнаар гаргах, маягтыг PDF форматаар илгээх нэмэлт цахим сувгийг бий болгох болно.








