Удахгүй АНУ цагаа, зуны цагийн хуваарьт шилжүүлнэ
Tue Feb 21 2023
Гуравдугаар сарын 12-нд АНУ зуны цагийн хуваарьт шилжинэ. АНУ болон бусад олон оронд зуны цагийг Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш хэрэглэж иржээ.
1918 оны 3-р сарын 19-нд, АНУ-д "Өдрийн гэрлийг ашиглах АНУ-ын стандарт цагийн тухай” акт баталсан. Уг актаар 1918 оны 3-р сарын 31-нд, цагийн бүс, зуны цагийг (DST) тогтоосон ажээ. Дайн дууссаны дараа уг актыг цуцалсан ч, 1919 онд мужууд цагаа өөрчлөх эсэхээ бие даан шийдвэрлэж чаддаг байсан учраас зарим муж, хотууд үүнийг үргэлжлүүлэн ашигласаар байв. Харин Дэлхийн 2-р дайны үед ерөнхийлөгч Рузвельт уг актыг сэргээсэн байна.
2005 оноос цагийг өөрчлөх бодлого орчин үеийн дүр төрхтэй болж, 2007 оноос эхлэн DST 3-р сарын хоёр дахь ням гарагт эхэлж, 11-р сарын эхний ням гаригийн 02:00 цагт дуусдаг болжээ.
1908 онд, цагийг зун, өвлийн цаг руу шилжүүлж эхэлсэн анхны улс бол Их Британи байсан бөгөөд дараа нь Европын олон орнууд үүнд нэгдсэн байдаг. Харин 1918 онд, АНУ-д улирлын чанартай цаг шилжүүлэх ажил хэрэгжиж эхэлсэн. Цагийн өөрчлөлтийн гол зорилго нь эрчим хүчний хэмнэлт гэж үздэг байна.
Цагийн шилжилтийн үеэр анхаарах зүйлс:
-Америкийн судлаачид зуны цагийн хуваарьт шилжсэнээс хойшхи эхний өдрүүдэд ажлын байран дах ослын тоо 5%-иар нэмэгддэг болохыг тогтоожээ.
-Зуны цагт шилжсэний дараах үед цус харвах эрсдэл 8%-иар нэмэгддэгийг Финландын судлаачид тогтоосон байдаг.
-Цаг солигдсоны дараах эхний өдрүүдэд өөртөө итгэлгүй жолооч нар жолоо барихаас зайлсхийх хэрэгтэй. Америкийн судлаачид зуны цагт шилжсэний маргааш АНУ-д, ослын тоо 6%-иар нэмэгддэг болохыг тогтоосон байна.








