Uber-ийг одоо утсаар захиалах боломжтой болсноос гадна өсвөр насныхан бие даан таксигаар үйлчлүүлэх боломжтой боллоо
Thu May 18 2023
Uber, бүх насны хүмүүст таксины үйлчилгээгээ хүргэх үүднээс шинэ боломжуудыг нэвтрүүлж байна. Тус компани, анх удаагаа 18 нас хүрээгүй өсвөр насныхныг бие даан таксигаар үйлчлүүлэхийг зөвшөөрсөн талаар CNN мэдээллээ.
5-р сарын 17-нд зохион байгуулагддаг жил бүрийн арга хэмжээнийхээ үеэр Uber, 13-17 насны өсвөр насныхныг бие даан таксигаар үйчлүүлэх боломжийг олгож буйгаа зарласан бөгөөд өсвөр насныханд зориулсан бүртгэлийн шинэ функцийг танилцуулж, тэдний эцэг эх, асран хамгаалагчид уг апп-аар дамжуулан хүүхдүүдийнхээ хөдөлгөөнийг алсаас хянах боломжтой болсныг мэдэгдэв.
Энэхүү шинэ үйлчилгээ нь, 5-р сарын 22-нд АНУ-ын Нью-Йорк, Атланта, Даллас, Хьюстон зэрэг арав гаруй томоохон хотууд болонКанадад хэрэгжих бөгөөд ирэх долоо хоног болон ойрын саруудад илүү олон хотуудад нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Өмнө нь, 18 нас хүрээгүй хүмүүсийг насанд хүрсэн хүнгүйгээр Uber ашиглахыг хориглодог байсан юм.
Уг арга хэмжээний үеэр Uber-ийн гүйцэтгэх захирал Дара Хосровшахи, эцэг эхчүүдэд зориулан компанийн үйлчилгээний аюулгүй байдлын талаар онцгойлон тайлбарлаж, "Өсвөр насны хүүхдүүдэд үйлчлэх үйлчилгээг зөвхөн өндөр үнэлгээтэй, туршлагатай жолоочид зөвшөөрнө" гэж мэдэгдсэн байна.
Шинэ бүртгэлүүд нь, өсвөр насныхан таксинд суухын өмнө жолоочдоо хэлэх ёстой өвөрмөц ПИН кодтой, мөн програмын аудио бичлэг хийгдэж байдаг. Үйлчлүүлэх үеийг хянах функц нь, эцэг эхчүүдэд Uber програмаар дамжуулан хүүхдээ дагах боломжийг олгодог бөгөөд эцэг эхчүүд хүүхдээ зорчих үеэр жолоочтой шууд холбогдох, эсвэл Uber-ийн тусламж үйлчилгээтэй шууд холбогдох боломжтой.Uber өсвөр насныханд зориулсан үйлчилгээг боловсруулахдаа хүүхэд хамгаалллын "Safe Kids Worldwide" ашгийн бус байгууллагатай зөвлөлдсөн гэж мэдэгджээ.
Мөн Uber руу утсаар ярьж үйлчилгээ авах боломжтой боллоо
Uber нь, ухаалаг гар утсаараа захиалга өгч чаддаггүй өндөр настай Америкчуудад туслах зорилгоор, хүн бүр ашиглах боломжтой утасны дугаарыг орон даяар гаргаж байна.
5-р сарын 17-ноос эхлэн, АНУ-ын үйлчлүүлэгчид 1-833-USE-UBER (1-833-873-8237) дугаарт үнэ төлбөргүй залгаж, англи, испани хэлээр төлөөлөгчтэй ярилцан такси захиалах, эсвэл урьдчилсан захиалга өгөх боломжтой гэж Engadget мэдээлэв. Жолооч захиалга баталгаажсан мессеж хүлээн авснаар энэхүү үйлчилгээ явагдах бөгөөд мөн шинэлэг үйлчилгээ юм.
Uber өөрийн үндсэн програм болон Uber Eats-д хэд хэдэн шинэ боломжуудыг нэвтрүүлэхээр зорьж байна. Бүлгийн аялал, хүнсний бүтээгдэхүүний захиалга зэрэг олон шинэчлэлтүүд нь найз нөхөд, гэр бүлүүдийг дижиталаар холбоход чиглэгдэх юм.
Uber Eats, хүнсний дэлгүүрийн хамтарсан бүлгийн худалдан авалт, бэлэгт видео мессеж гэсэн өвөрмөц 2 шинэчлэлт хийжээ. Бүлэг худалдан авалт гэдэг нь, та хамт амьдардаг хүмүүсээ дундын сагсанд урих боломжтой гэсэн үг юм. Хүн бүр тодорхой бүтээгдэхүүн худалдан авах, байнгын захиалга үүсгэх, шаардлагатай зүйлээ нэмэхийн тулд бусад гишүүдэд сануулга илгээх шаардлагатай бол эцсийн хугацааг тогтоож болно.
Хайртай хүмүүстээ гэнэтийн бэлэг илгээхийн тулд Uber Eats-ийг ашигладаг хэн бүхэн дараагийн удаа сагсандаа бэлэг нэмэхдээ шинэчлэлтийн үр шимийг хүртэх боломжтой болов. Uber Eats дээрх бэлэг нь, илүү хувь хүнд чиглэсэн шинж чанартай болж, илгээмж явуулагч нь, видео мессеж бичиж, хавсаргах боломжтой болж байна.
Яг одоо,энэ функц зөвхөн бэлгийн картуудаар ашиглагдах боломжтой боловч Uber, удахгүй таны илгээсэн бүх зүйлд ашиглагдах боломжтой болно гэж мэдэгджээ.








