
АНУ-ын унаа дуудлагын үйлчилгээний томоохон компани Uber, эмэгтэй зорчигчид эмэгтэй жолооч сонгох, мөн эмэгтэй жолооч нар зөвхөн эмэгтэй зорчигчийн захиалга авах боломжтой шинэ “Women Preferences” функцийг улс даяар нэвтрүүллээ. Шинэ боломж нь хэрэглэгчдийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд өмнө нь хэд хэдэн хотод туршиж байсан системийг өргөжүүлсэн хэлбэр юм.
Энэхүү сонголтыг ашигласнаар эмэгтэй зорчигчид, аппликейшн дотор “эмэгтэй жолооч” гэсэн тохиргоог идэвхжүүлж, өөрсдийг нь эмэгтэй жолооч авах магадлалыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн аяллаа урьдчилан захиалахдаа ч эмэгтэй жолооч сонгож болно.
Харин эмэгтэй жолооч нар аппликейшний тохиргоонд зөвхөн эмэгтэй зорчигчийн захиалга авах боломжийг идэвхжүүлж болох бөгөөд хүссэн үедээ уг тохиргоог өөрчлөх боломжтой аж.
Uber-ийн мэдээлснээр, АНУ-д ажиллаж буй жолооч нарын ойролцоогоор тавны нэг нь эмэгтэй байдаг бөгөөд шинэ функц нь илүү олон эмэгтэйчүүдийг жолоочоор ажиллахад татна гэж найдаж байна.
Сүүлийн жилүүдэд унаа дуудлагын үйлчилгээтэй холбоотой бэлгийн дарамт, хүчирхийллийн талаар олон мянган гомдол гарсан тул аюулгүй байдлыг сайжруулах шаардлага нэмэгдсэн гэж тус компани тайлбарлажээ.
Гэвч шинэ бодлого зарим жолоочийн эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн байна. Калифорни мужийн хоёр жолооч Uber-ийн эсрэг хамтын нэхэмжлэл гаргаж, уг функц нь эрэгтэй жолооч нарт сөргөөр нөлөөлж, хүйсээр ялгаварлан гадуурхаж байна гэж үзэж буй бөгөөд энэ бодлого нь бизнесүүдийг хүйсээр ялгаварлахыг хориглодог Калифорнийн Unruh хуулийг зөрчиж байна гэж мэдэгдсэн байна. Харин Uber шинэ үйлчилгээ нь, ялгаварлал биш, харин хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилготой гэж мэдэгдэж, шүүхэд няцаалт гаргажээ.
Тус компани өнгөрсөн жил, Сан Франциско, Лос Анжелес, Детройт хотуудад энэ системийг туршиж эхэлсэн бөгөөд дараа нь АНУ-ын хэд хэдэн хотод өргөжүүлсэн байна.
Uber анх 2019 онд, эмэгтэйчүүдэд жолоо барих эрх олгосны дараа Саудын Арабт ижил төстэй функцийг нэвтрүүлж байсан бөгөөд одоо дэлхийн 40 гаруй оронд янз бүрийн хэлбэрээр ашиглагдаж байна. Үүнтэй төстэй боломжийг, өрсөлдөгч компани болох Lyft мөн өмнө нь нэвтрүүлсэн юм.
Зарим шинжээчид, уг функц аюулгүй байдлыг нэмэгдүүлэх эерэг талтай ч, шөнийн цагаар эмэгтэй жолоочийн тоо харьцангуй цөөн байдаг тул бодит байдал дээр хүлээлгийн хугацаа уртсах магадлалтай гэж үзэж байна.
Ийнхүү Uber, эмэгтэй зорчигчид болон жолооч нарт илүү аюулгүй орчин бүрдүүлэхийг зорьж байгаа хэдий ч, энэхүү шинэ үйлчилгээ нь хүйсийн ялгаварлалтай холбоотой хууль эрх зүйн маргааныг дагуулсаар байна.