Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

4/10/2026
Anu.mn
Трампын засаг захиргаа, орогнол олголтын хязгаарлалтыг хэсэгчлэн сулруулж байна

Трампын засаг захиргаа, орогнол олголтын хязгаарлалтыг хэсэгчлэн сулруулж байна

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Fri Apr 10 2026
Трампын засаг захиргаа, орогнол олголтын хязгаарлалтыг хэсэгчлэн сулруулж байна

Дотоодын аюулгүй байдлын яамны мэдээлснээр, Donald Trump-ын засаг захиргаа орогнол олголтыг эрс хязгаарлаж, хэдэн зуун мянган цагаачлалын өргөдлийн хэлэлцүүлгийг бараг зогсоогоод байсан арга хэмжээнүүдийг сулруулж эхэлжээ.

Трампын засаг захиргаа, 2025 онд Вашингтонд орогнол авсан Афганистаны иргэн, Үндэсний гвардын цэргүүд рүү халдсаны дараа АНУ-ын Иргэншил, Цагаачлалын алба (USCIS), орогнолын хэргүүдийн хэлэлцүүлгийг түр зогсоосон.

Энэхүү урьд өмнө гарч байгаагүй шийдвэрийг засаг захиргаа, үндэсний аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах шаардлагатай холбоотой гэж тайлбарласан бөгөөд цагаачлалын шүүхээс гадуур гаргасан бүх орогнолын өргөдлийг (өргөдөл гаргагчийн иргэншлээс үл хамааран) тодорхой хугацаагүйгээр зогсоосон юм.

Харин одоо, засаг захиргаа энэ төрлийн ихэнх хэргийг дахин хэлэлцэж эхлэхээр шийдсэн бөгөөд өмнө нь Трампын зарлигаар тогтоосон нэвтрэх хориг эсвэл хатуу хязгаарлалтад хамрагдсан улс орнуудын иргэдийн өргөдөлд энэ шийдвэр хамаарахгүй гэсэн чиглэлтэй, албан ёсоор зарлаагүй дотоод төлөвлөгөөний тухай нэрээ нууцалсан эх сурвалжууд мэдээлжээ.

Хоригт багтсан нийт 39 улсын иргэдэд орогнолын өргөдөл хэлэлцэхийг түр зогсоосон шийдвэр хэвээр байна. Эдгээр улсуудад, тухайлбал, Сенегал, Сомали, Нигери, Афганистан, Иран, Лаос, мөн Куба, Гаити, Венесуэл зэрэг орнууд оржээ.

Гуравдугаар сарын 29-нд Дотоодын аюулгүй байдлын яам,

“АНУ-ын Иргэншил, Цагаачлалын алба өндөр эрсдэлгүй гэж үзсэн, нарийн шалгалтад хамрагдсан өргөдөл гаргагчдын орогнолын хүсэлтийг дахин хэлэлцэж эхэлсэн. Ингэснээр үндэсний болон олон нийтийн аюулгүй байдлын хувьд илүү өндөр эрсдэлтэй хэргүүдийг илүү нарийн шалгахад нөөц бололцоог төвлөрүүлэх боломжтой. Гадаадын иргэдийг шалгах нарийвчилсан процесс өөрчлөгдөөгүй хэвээр үргэлжилж байна”” гэж мэдэгджээ.

Трампын засаг захиргаа мөн дээр дурдсан 39 улсын иргэдийн гаргасан бусад бүх хууль ёсны цагаачлалын ажлын зөвшөөрөл, грин карт, АНУ-ын иргэншил авах хүсэлтүүдийг түр зогсоосон хэвээр байна. Эдгээр арга хэмжээ нь, Вашингтонд болсон халдлагын дараа хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа юм.

Орогнол болон бусад цагаачлалын өргөдлийг түдгэлзүүлэх арга хэмжээ нь, Трампын хоёр дахь засаг захиргаанаас АНУ-ын хууль ёсны цагаачлалын тогтолцоог чангатгах зорилгоор авч хэрэгжүүлж буй олон арга хэмжээний зөвхөн нэг нь юм. Мөн эрх баригчид, орогнол хүсэгчдэд ажиллах зөвшөөрөл олголтыг хязгаарлах, Joe Biden-ы засаг захиргааны үед нэвтрүүлсэн дүрвэгсдийн хэргийг дахин шалгахыг оролдож байгаа бөгөөд эдгээр арга хэмжээг цагаачлалын залилангаас сэргийлэх, үндэсний аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах, мөн Байдены үед хэт сул болсон гэж үзэж буй шалгалтын процессыг чангатгах зорилготой гэж тайлбарлажээ.

Харин либерал цагаачлалын бодлогыг дэмжигчид, засаг захиргааны эдгээр шийдвэрийг дүрэм журмыг мөрддөг хууль ёсны цагаачдыг шийтгэж байна хэмээн буруутгаж байгаа юм.

Сүүлд нэмэгдсэн