Трампын засаг захиргаа Medicaid хөтөлбөрт хамрагдагсдад шинэ хатуу шаардлага тавина: Ямар тохиолдолд эрүүл мэндийн даатгалаа алдаж болох вэ?

2026 оны 6-р сарын 3-нд нийтлэгдсэн шинэ журам нь, муж улсуудад Medicaid хөтөлбөр цаашид хэрхэн хэрэгжихийг тодорхой тайлбарлажээ. Эдгээр шаардлага нь, бага орлоготой, ноцтой өвчтэй хүмүүст, эрүүл мэндийн даатгалаа хадгалахад ихээхэн хүндрэл учруулж болзошгүй байна.
Шинэ журам нь, 42 муж улс болон Вашингтон хотын тойрогт хамаарна. Энэ нь Бүгд Найрамдах намынхан болон Трампын засаг захиргааны боловсруулсан “Big Beautiful Bill” (Том, сайхан хууль)-ийн хэрэгжилтийг хангах зорилготой юм. Засгийн газар үүнийг Medicaid дахь үрэлгэн зардал, залилан болон зүй бус ашиглалтыг бууруулах арга хэмжээ гэж тайлбарлаж байна.
2027 оны 1-р сарын 1-нээс эхлэн Affordable Care Act (Obamacare)-ийн хүрээнд Medicaid-д хамрагдсан 19–64 насны бага орлоготой насанд хүрэгчидэд дараах шаардлага тавигдаж байна:
- Сард дор хаяж 80 цаг ажиллах,
- Эсвэл сайн дурын ажил хийх,
- Эсвэл хагас цагаар суралцах,
- Эсвэл мэргэжлийн сургалтад хамрагдах ёстой
Хэрэв эдгээрийг хийх боломжгүй бол, хүүхэд эсвэл хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүн асарч байгаа зэрэг чөлөөлөгдөх үндэслэлээ нотлох шаардлагатай.
Хамгийн маргаантай өөрчлөлтийн нэг нь, “эмзэг, сул эрүүл мэндтэй” (medically frail) хүмүүсийг тодорхойлсон явдал юм.
Өмнө нь, хорт хавдар, олон голомтот өвчлөл (MS), ХДХВ, вирусийн гепатит зэрэг хүнд өвчтэй байх нь,чөлөөлөгдөх үндэслэл болж болох байв. Харин шинэ журмаар зөвхөн өвчтэй байх нь хангалтгүй. Өвчтэй гэдгээ батлах, тэр өвчин нь сард 80 цаг ажиллах чадварыг нь бодитоор саатуулж байгааг давхар нотлох шаардлагатай.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд, усанд орох, хувцаслах, алхах, хооллох, ариун цэврийн өрөө ашиглах зэрэг өдөр тутмын үндсэн үйлдлүүдийг хийх чадваргүй бол л, “эмзэг сул эрүүл мэндтэй” гэж тооцогдоно.
Мөн, даатгалаа алдах эрсдэл нэмэгдэх бөгөөд өвчтөнүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд шинэ дүрмийг хүчтэй шүүмжилж байна. Тэдний үзэж байгаагаар хүмүүс одоо “хангалттай өвчтэй” гэдгээ батлах хэрэгтэй болж байгаа нь олон сая хүнийг даатгалаас хасах эрсдэлд хүргэнэ.
ХДХВ болон вирусийн гепатиттай иргэдийн эрхийг хамгаалагчид, энэхүү нэмэлт шалгуур нь хуульд анхнаасаа байгаагүй бөгөөд өвчтөнүүдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулна гэж мэдэгджээ.
Мөн хавдартай өвчтөнүүдийн төлөөлөгчид, “хавдар нь Medicaid-ийн бичиг цаасны ажиллагааг хүлээхгүй” хэмээн анхааруулсан байна.
Ийнхүү шалгалт улам чангарч байна:
Эхний жилд хүмүүс Medicaid-ийн сунгалтын маягтад өөрсдөө мэдүүлэг өгч чөлөөлөгдөх боломжтой. Харин дараагийн жилээс муж улсууд эмчилгээний төлбөрийн баримт болон бусад мэдээллээр шалгаж баталгаажуулах бөгөөд шаардлагатай бол нэмэлт бичиг баримт шаардана.
Муж улсууд зургаан сар тутамд шаардлагуудыг дахин шалгах үүрэгтэй болно.
Хэчнээн хүн даатгалаа алдаж болзошгүй вэ?
Шинжээчдийн тооцоолсноор:
АНУ-ын Конгрессын Төсвийн Алба (CBO) 2034 он гэхэд ойролцоогоор 5 сая хүн даатгалгүй болно гэж үзэж байна.
CMS-ийн тооцоогоор жил бүр 3.1–3.3 сая хүн Medicaid-д хамрагдах эрхээ алдаж болзошгүй.
Urban Institute-ийн тооцооллоор 2028 он гэхэд 4.9–10.1 сая хүн хамрагдалтаас гарч магадгүй.
Эдгээр хүмүүсийн ихэнх нь, ажил хийхээс татгалзсан бус, харин бичиг баримт бүрдүүлэх, шаардлага нотлох зэрэг захиргааны саад бэрхшээлээс болж хамрагдалтаа алдах эрсдэлтэй гэж судлаачид үзэж байна.
Муж улсуудад ч хүндрэлтэй байна. Шинэ системийг нэвтрүүлэхийн тулд, муж улсууд 2027 оны 1-р сар хүртэл богино хугацаанд мэдээллийн технологийн шинэ систем бий болгох шаардлагатай. Холбооны засгийн газар үүнд зориулж нэг удаагийн 200 сая ам.долларын санхүүжилт олгохоор төлөвлөжээ.
Иргэдэд өгч буй зөвлөгөө:
Хэрэв та Medicaid хөтөлбөрт хамрагддаг бол, өмгөөлөгчид дараах зөвлөгөөг өгч байна:
- Medicaid дахь холбоо барих мэдээллээ шинэчлэх;
- Даатгалдаа ямар үндэслэлээр хамрагдаж байгаагаа тодруулах;
- 2026 оны 7-р сарын 31-нээс өмнө шинэ журамд санал хүсэлтээ өгөх;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах байгууллагаас зөвлөгөө авах.
Эдгээр шинэ шаардлага нь, Medicaid хөтөлбөрийн төсвийг ойролцоогоор 900 тэрбум ам.доллараар танах томоохон бодлогын нэг хэсэг бөгөөд Трампын засаг захиргаа үүнийг эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх алхам гэж үзэж байна.








