Трампын засаг захиргаа 2.7 сая амьд хүнийг "нас барсан" гэж бүртгэхээр төлөвлөж байжээ

Трампын засаг захиргаа АНУ-ын 2.7 сая амьд хүнийг, түүний дотор АНУ-ын иргэд болон Green Card эзэмшигчдийг нас барсан гэж бүртгэх төлөвлөгөө боловсруулж байсан талаар The Washington Post мэдээллээ.
Энэхүү төлөвлөгөө хэрэгжсэн бол, тэднийг Нийгмийн хамгааллын газрын нас барсан хүмүүсийн мэдээллийн санд оруулж, банкны үйлчилгээ, цалин, төрийн тэтгэмж зэрэг санхүүгийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй болгосноор АНУ-ыг орхин явахад хүргэх зорилготой байжээ.
Нийгмийн хамгааллын газрын мэдээллийн технологийн хэлтэст 25 жил ажилласан Жеремайя Шофилд, уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхээс татгалзсан байна. Тэр жагсаалтаас санамсаргүйгээр шалгасан хүмүүс нь, бүгд амьд байсан бөгөөд тэдний дунд АНУ-ын иргэд, Green Card эзэмшигчид, ахмад настан, хүүхдүүд байсан гэж мэдэгджээ.
Шофилдын мэдээлснээр, DOGE (Засгийн газрын үр ашгийн газар)-ийн зарим ажилтан цагаачдын амьдралыг санхүүгийн хувьд хүндрүүлж, өөрсдөөр нь АНУ-аас явахад хүргэх зорилготой байсан аж.
Өмнө нь 6100 цагаачийг ийм мэдээллийн санд оруулж байсан ч, дараа нь зарим нь өөрсдийгөө амьд гэдгээ нотлон бүртгэлээ сэргээжээ.
Харин Нийгмийн хамгааллын газар, 2.7 сая хүнийг нас барсан гэж бүртгээгүй гэж мэдэгдсэн бөгөөд мэдээллийн үнэн зөв байдлыг хамгаалах хатуу журам мөрддөг гэсэн тайлбар өгчээ.
Шофилдын мэдэгдлийн дараа, Ардчилсан намын сенаторууд Элизабет Уоррен болон Ричард Блюменталь нар, уг асуудлаар албан ёсны тайлбар шаардаж, төрийн мэдээллийн санг цагаачлалын бодлогод хууль бусаар ашиглахыг оролдсон байж болзошгүй гэж үзэж байна.
Трампын засаг захиргаа харин, энэ оны эхнээс DOGE-ийн ажилтнууд Нийгмийн хамгааллын мэдээллийн санд хандах эрхгүй болсон гэж мэдэгджээ.








