
2026.02.02-нд, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2026 оны 7-р сарын 4-нөөс эхлэн Вашингтон хотод байрлах Жон Ф. Кеннедигийн нэрэмжит урлагийн төвийг хоёр жилийн хугацаанд хааж, томоохон шинэчлэл хийхээр төлөвлөж байгаагаа нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгдлээ. Уг шийдвэр нь төвийн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авсан тохиолдолд хэрэгжинэ гэж CBS News мэдээлэв.
Үндэсний соёлын бэлгэ тэмдэг болох,1971 онд нээгдсэн Кеннедигийн төв нь АНУ-ын үндэсний хэмжээний урлагийн тайз гэгддэг бөгөөд энэ төв д, Үндэсний симфони найрал хөгжим, Вашингтоны үндэсний дуурийн театр,Балет, орчин үеийн бүжиг, театрын томоохон бүтээлүүд тогтмол тоглогдож ирсэн түүхтэй.
Сүүлийн саруудад Ерөнхийлөгч Трамп ,тус төвийн удирдлагыг бүрэн шинэчилж, өөрийн ойрын холбоотнуудыг томилсон бөгөөд бүр цаашлаад төвийн нэрийг өөрийн нэрээр нэрлэх шийдвэр гаргасан нь урлагийн салбарынхны дунд хүчтэй эсэргүүцэл дагуулж байгаа юм.
Энэхүү шийдвэрийн дараа олон нэр хүндтэй уран бүтээлчид бойкот зарлаж, Кеннедигийн төвд тоглохоо зогсоож эхэлсэн байна. Тухайлбал, алдарт хөгжмийн зохиолч Филип Гласс шинэ симфонийнхоо нээлтийг цуцалж,Вашингтоны үндэсний дуурь тоглолтуудаа өөр байршилд шилжүүлж, дуучин Кристи Ли тус төвд хийхээр төлөвлөсөн концертоо бүрэн цуцалсан ажээ.
Харин Ерөнхийлөгч Трамп, уг төвийн барилгыг “эвдэрч, хуучирч муудсан” гэж тодорхойлоод, шинэчлэлийн дараа Кеннедигийн төвийг “дэлхийн хэмжээний урлагийн тайз” болгоно хэмээн амласан бөгөөд “Түр хугацааны хаалт” гэж зарласан байна.
Кеннедигийн төвийн одоогийн ерөнхийлөгч, Трампын ойрын холбоотон Рик Гренелл, энэхүү хааж буй асуудлыг “түр зуурын, зайлшгүй алхам”, хоёр жилийн дараа илүү орчин үеийн, өрсөлдөх чадвартай соёлын төв нээгдэнэ хэмээн мэдэгджээ.
Гэсэн хэдий ч сөрөг хүчнийхэн уг шийдвэрийг хурцаар шүүмжилж байна. Конгрессын гишүүн Жойс Битти, Кеннедигийн төв нь Конгрессоос санхүүждэг, нэр өөрчлөх, хаах зэрэг шийдвэрийг Конгрессын оролцоогүйгээр гаргасан нь хууль, институцийн зарчмыг үл тоосон үйлдэл гэж буруутгаж байгаагаа илэрхийлэв.
Одоогоор шинэчлэлийн нарийвчилсан төлөвлөгөө, төсөв, мөн хоёр жилийн хугацаанд урлагийн байгууллагууд хаана, хэрхэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх нь тодорхойгүй хэвээр байна. Энэ нь АНУ-ын соёл, урлагийн салбарт томоохон нөлөө үзүүлэх шийдвэр болно гэж ажиглагчид үзэж байна.
АНУ: Алдартай тарвага Панксатони Фил, өвөл дахин зургаан долоо хоног ургэлжилнэ хэмээн урьдчилан таамаглав
Эрдэмтэд 2100 он гэхэд цас арилж, зөвхөн ганц хот Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах боломжтой болно гэж мэдэгджээ