
Вашингтон. -АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 12-р сарын 15-нд фентанилийг “үй олноор хөнөөх зэвсэг” хэмээн албан ёсоор ангилсан гүйцэтгэх захирамжид гарын үсэг зурлаа. Тэрээр, фентанилийн хэтрүүлэн хэрэглээ АНУ-д олон арван мянган хүний аминд хүрч, үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна гэж мэдэгджээ.
Ерөнхийлөгч, “Фентанилийн хор уршиг нь уламжлалт зэвсгээс дутахгүй гэдгийг онцлон, “ямар ч бөмбөг энэ бодисын учруулж буй хохиролтой дүйцэхгүй” хэмээн мэдэгдсэн бөгөөд захирамжид фентанилийн хууль бус үйлдвэрлэл, тархалтыг дайны зэвсэгтэй адил түвшний аюул гэж тодорхойлжээ.
Шинэ ангиллын хүрээнд АНУ-ын засгийн газар фентанилтой тэмцэхдээ эрүүгийн хууль төдийгүй үндэсний аюулгүй байдлын эрх зүйн механизм ашиглах боломжтой болж байна. Үүнд мөрдөн шалгалт, санхүүгийн хориг арга хэмжээ, тагнуулын ажиллагаа, шаардлагатай нөхцөлд Батлан хамгаалах яамны нөөц ашиглах асуудал багтсан байна.
Гүйцэтгэх захирамжаар, Ерөнхий прокурорт фентанилийн хууль бус наймаанд оролцогчдыг нэн даруй мөрдөн шалгах, Төрийн департамент болон Сангийн яаманд холбогдох этгээдүүдийн санхүүгийн урсгалыг онцгой хяналтад авахыг даалгажээ. Мөн Дотоод аюулгүй байдлын яаманд фентанилийн хууль бус тээвэрлэлтийн сүлжээг илрүүлэх үүрэг өгсөн байна.
АНУ-ын эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр, 2024 онд фентанилийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас 80 мянгаас дээш хүн амь насаа алдсан байна. Үүний зэрэгцээ Трампын захиргаа өмнө нь, зарим хар тамхины картелийг гадаадын террорист байгууллага хэмээн зарласнаар Карибын тэнгист хууль бус тээвэрлэлттэй тэмцэх ажиллагааг эрчимжүүлсэн юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар фентанилийг террорист халдлагад ашиглах боломж онолын хувьд оршиж байгаа ч, практикт хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Тиймээс “үй олноор хөнөөх зэвсэг” гэсэн тодорхойлолт нь бодит халдлагын технологийг хүлээн зөвшөөрсөн хэрэг бус, харин хар тамхитай тэмцэхэд төрийн эрх мэдлийн хүрээг өргөжүүлэх хууль зүйн алхам гэж дүгнэж байна.
Массачусетсийн сүм, Христийн мэндэлсний өдөрт зориулан сүмийнхээ өмнө босгодог түүхэн билэгдлийн дүрсүүдээ, түүнийг албадан гаргасан гэсэн утгаар Есүсгүйгээр бүтээж, “ICE ирээд явсан” гэсэн зурагт хуудас тавьжээ
Трампын шинэ Үндэсний аюулгүй байдлын стратеги — “Америк нэгдүгээрт”, “Орос одоо дайсан биш”
АНУ-ын Татварын Алба (IRS), татварын улирал эхлэхээс өмнө анхаарууштай чухал өөрчлөлтийг зарлав
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын алба (DHS), хууль бус цагаачдад зориулан, эх орондоо буцах үнэгүй тасалбар болон 1000 долларын бэлэгтэй "баярын урамшуулал" аян эхлүүлэв