Anu.mn
Трамп чинээлэг либералуудыг айлгаж байна: Ардчилсан намын баячууд удахгүй болох АНУ-ын ерө ...

Трамп чинээлэг либералуудыг айлгаж байна: Ардчилсан намын баячууд удахгүй болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс эмээж бусад улсын иргэншлийг худалдаж авч байна.

Sun Sep 18 2022
Трамп чинээлэг либералуудыг айлгаж байна: Ардчилсан намын баячууд удахгүй болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс эмээж бусад улсын иргэншлийг худалдаж авч байна.

Дональд Трампыг засгийн эрхэнд эргэн ирж магадгүйд, мөн үр хөндөлтийн эрх мэтийн хуулиудын болзошгүй өөрчлөлтүүд болон улс орны ерөнхий байдалд санаа зовсон чинээлэг Ардчилсан намынхан хоёр дахь иргэншил худалдаж авах замаар араа бодсон Б төлөвлөгөө боловсруулахыг оролдож байна гэж DailyBeast мэдээлэв.

Олон жилийн турш чинээлэг Америкчуудад хоёр дахь иргэншил авахад нь тусалдаг цагаачлалын хуульч Дэвид Лесперанс, “Өмнө нь MAGA-ийн гүйцэтгэх саятнууд, Цахиурын хөндийн либертаричууд, мөнгөтэй крипто хөрөнгө оруулагчид зэрэг ихэвчлэн АНУ-ын татвараас зайлсхийхийг хүссэн баян залуус ханддаг байсан гэтэл сүүлийн саруудад улс орны улс төрийн ирээдүйгээс айж, зугтах төлөвлөгөөтэй байгаа чинээлэг либерал үйлчлүүлэгчдийн тоо гэнэт өсч байна. Би хоёр долоо хоног амраад, өнгөрсөн долоо хоногт ажилдаа эргэн ороход надад есөн шинэ хүсэлт ирсэн байсан. Ер нь бол долоо хоногт нэг юмуу хоёр хүсэлт ихэвчлэн ирдэг байсан." гэж ярьжээ.

Сүүлийн жилүүдэд "алтан виз" (хөрөнгө оруулалтын хөтөлбөрт оролцогчдод байнгын оршин суух эрх олгох) гэж нэрлэгддэг виз нь хэт баячуудын статусын бэлгэдэл болсон. Одоогоор 30 орчим улс орон хөрөнгө оруулалтаар иргэншил эсвэл оршин суух эрхийг санал болгож байгаа бөгөөд энэ нь хүмүүст ихээхэн хэмжээний мөнгө тухайн улсад зарцуулснаар тэр улсдаа ажиллаж, амьдрах боломжийг олгодог. - Хоёр дахь иргэншил нь хэдэн зуун мянгаас хэдэн сая доллар хүртэл үнэтэй байдаг. Удахгүй болох либерал "баялгийн татвар/wealth tax" эсвэл технологийн аваргуудын хувьд удахгүй IPO хийх гэж байгаа нь татварын асар том үйл явдалд хүргэх вий гэсэн болгоомжлолд автсан үйлчлүүлэгчид хэсэг хугацаанд нэлээд консерватив байсан. Харин одоо нөхцөл байдал эрс өөрчлөгдөж эхэлжээ.

Лесперанс хэлэхдээ, либерал үзэлтэй үйлчлүүлэгчдийн тоо энэ зун 9-10 дахин нэмэгдсэн нь Увальдын зэвсэгт халдлага, аллагаас эхлээд “Roe v. Wade”-тэй холбоотой хэргийг хянан шийдвэрлэх Дээд шүүхийн шийдвэр хүртэл бүх зүйл нөлөөлсөн. Эдгээр хэргүүд дээр, Лесперанстай үе үе хамтран ажилладаг татварын хуульч Мел Варшав энэ үйлчлүүлэгчийн өсөлтийг баталжээ. Мөн оршин суугч, иргэний харьяаллын Latitude фирмийн гүйцэтгэх захирал Эрик Майжор, 2021 оны 1-р сарын Капитолын бүслэлтээс хойш анх удаа Ардчилсан намын үйлчлүүлэгчдийн өсөлт ажиглагдлаа гэж мэдэгдэв.

Хөрөнгө оруулалтын замаар иргэншил авах схем нь АНУ-аас гарах бус АНУ руу орохыг оролдож байсан асуудлуудаас эхэлсэн. Канад улс 1980-аад онд анхны ийм хөтөлбөрийг нэвтрүүлж, эх орондоо чинээлэг, авъяаслаг хүмүүсийг татах гэж найдаж байв. Удалгүй АНУ, Их Британи, Австрали, Шинэ Зеланд араас нь оржээ. Эдгээр нь 2007 онд дэлхийн санхүүгийн хямралд орох хүртэл, Европын орнууд эдийн засгаа өсгөхийн тулд ижил төстэй схемүүдийг хэрэгжүүлж байсан юм.

Latitude компанийн Гүйцэтгэх захирал Майжор хэлэхдээ, түүний үйлчлүүлэгчдийн ихэнх нь Хонконгийн бизнесмэнүүд байсан бөгөөд тэд эхэн үедээ Хонгконг нь Хятад улсад эзлэгдэхээс эмээж байсан. Дараа нь Хятад улс дэлхийн эдийн засгийн хүчирхэг гүрэн болохын хэрээр улам олон чинээлэг үйлчлүүлэгчид түүний үйлчилгээг ашиглан гадаад руу нүүж эхлэсэн байдаг.

2008 оны “Арабын Хавар/Arab Spring” засгийн газрын эсрэг босогчидын хөдөлгөөнүүд нь Ойрхи Дорнодоос Европ эсвэл Хойд Америк руу нүүх хүсэлтэй саятнуудын сонирхлын давалгааг бий болгосон. Алтан виз хүлээн авагч гэсэн хэвшмэл ойлголт нь улс төрийн тогтворгүй эсвэл автократ улс орны хэт баячууд үүнийг хүлээн авагч байдаг гэсэн чиг хандлагыг илэрхийлсээр байна. Швейцарийн "Mirabello Consultancy" фирмийн гүйцэтгэх захирал Вито Маганино, алтан Rolls-Royce унасан Персийн булангийн нэгэн үйлчлүүлэгч байсан талаар, уулзалтынхаа үеэр төрсний гэрчилгээний эх хувийг авчрахаа мартсан тул түүнийг авчируулахаар хувийн онгоцоор гурван цагийн нислэг үйлдэж байсан гэж ярьжээ.

Гэвч өргөдөл гаргагч бүр тийм баян байдаггүй. Эрик Майжор нь үйлчлүүлэгчдийнхээ орлогын түвшингээс хамааран гурван өөр хөрөнгө оруулалтын сонголтыг санал болгодог. 2 сая ам.долларын хөрөнгөтэй үйлчлүүлэгчдийн хувьд хамгийн хялбар сонголт бол Карибын тэнгис бөгөөд дөрвөн ам бүлтэй гэр бүл 200,000 доллараас бага үнээр иргэншил авах боломжтой. Хэдэн арван саяар хэмжигдэх хөрөнгөтэй хүмүүсийн хувьд Мальта улс эхний сонголт болох бөгөөд энэ улсад хөрөнгө оруулагчдад 1 сая доллараар бүхэл бүтэн Европын холбооны улсуудад нэвтрэх боломж үүснэ гэсэн үг аж. Бүр илүү нэр хүндтэй зүйл хайж байгаа хэт чинээлэг үйлчлүүлэгчийн хувьд Австри улс байдаг бөгөөд энэ нь жилд цөөн тооны иргэншил авах хүмүүсийн хүсэлтийг, улсын эдийн засагт "чухал хувь нэмэр" оруулахуйц байхаар тооцож ихэвчлэн 3 сая доллараас илүү хөрөнгө оруулалтаар шийддэг газар юм.

Хэдийгээр их хэмжээний мөнгөтэй ч хоёр дахь иргэншил авах хүсэлтэй хүмүүсийн ихэнх нь шууд нүүдэггүй. Тэд зөвхөн Б төлөвлөгөөний хэмжээнд үүнийг хийж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

“Үйлчлүүлэгчдийн дийлэнх нь нөөц төлөвлөгөө болгож энэ үйлчилгээг авдаг. Энэ бол Б төлөвлөгөө. Баячууд сонголттой байхыг хүсдэг." гэж хөрөнгө оруулалтын шилжилт хөдөлгөөний зөвлөх Henley & Partners компанийн хувийн үйлчлүүлэгчдийн тэргүүн Доминик Волек хэлэв.

Мэдээжийн хэрэг гадаадын олон улс оронд татварын хэмжээ бага байдаг ч, эх орноосоо дүрвэх нь тийм ч хялбар хэрэг биш юм. АНУ бол гадаадад амьдарч буй иргэдээсээ татвар авдаг цөөхөн орны нэг бөгөөд Америкчууд татварын диваажингийн давуу талыг бүрэн эдлэхийн тулд иргэншлээсээ татгалзах ёстой болдог байна. Энэ нь улам олон хүмүүсийг өөр иргэншил авахад түлхэц болж байгаа юм.

Apex Capital Partners компанийн ерөнхийлөгч Арманд Таннус, “Сүүлийн хоёр жилийн хугацаанд надтай уулзаж ярилцаж байсан АНУ-ын таван үйлчлүүлэгч тутмын нэг нь ойрын 5-10 жилийн хугацаанд иргэншлээсээ татгалзахаар төлөвлөж байна” гэсэн байна.

Хоёр дахь иргэншил авах хүсэлтэй Америкчуудын тоо 2020 оноос нэмэгдэж эхэлсэн. Одоо Португальд төвтэй Global Citizen Solutions компанийн гүйцэтгэх захирал Патрисия Касабури, түүний үйлчлүүлэгчдийн ихэнх нь АНУ-аас ирж буй талаар ярьжээ.

Харин Доминик Волек, Лондонд төвтэй Henley & Partners компанийн АНУ-ын үйлчлүүлэгчдийн тоо 2020 онд 400 гаруй хувиар өссөн нь тус компанийн хамгийн том зах зээл болсон байна. Тэд одоогоор Майами, Нью-Йорк, Лос Анжелес хотод анхны оффисуудаа нээх шатандаа явж байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар, тахал өвчин энэ чиг хандлагын анхны хөдөлгөгч хүч байсан бөгөөд олон улс орон АНУ-ын жуулчдыг, тус улс вирусын эсрэг муу ажилласан гэж үзсэнээс улсдаа нэвтрэхийг хэсэг хугацаанд хориглож байсан. Мөн чинээлэг Америкчууд АНУ-ын паспортоо үүнд саад болж байна гэж үзэж эхэлсэн, үүний зэрэгцээ олон компаниуд зайнаас ажиллаж эхэлсэнтэй холбон тайлбарлажээ.

Мөн 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр энэ хандлага илүү ажиглагдсан. Байдены үеийн баялгийн татварын талаар санаа зовниж буй цөөн хэдэн консерватив үзэлтнүүд байсан боловч, Трампын сонгуулийн нэр хүндийг гутаах гэсэн оролдлогод хамгийн их бухимдсан нь либералууд байсан. Тэдний айдас 2021 оны 1-р сарын 6-ны өдөр Капитол дахь урьд өмнө хэзээ ч болж байгаагүй бүслэлтэд таван хүн амиа алдсаны дараа улам бүр нэмэгдсэн гэж шинжээчид үзэж байна.

“Дээд шүүх Roe v. Wade-ийн хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш АНУ-д гэр бүл зохиох талаар санаа зовж буй үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаа нь ажиглагдсан. Мөн сургуулиуд дээр үйлдэгдсэн галт зэвсгийн халдлагууд, аллагаас өөрсдийгөө аврах сургуулилтад хүүхдүүдээ оролцуулах, сургууль дээрхи аллагаас азаар амьд үлдэхэд хүрэх байдлыг хүсэхгүй байгаа хүмүүсийн хандалт өсч байна. Нэг, хоёр жилийн өмнө эдгээр хүмүүс над дээр ирээгүй. Гэхдээ одоо үерийн хаалга нээгдсэн мэт байна." гэж Варшав ярьсан байна.

Эдгээр үйлчлүүлэгчид бүгд уламжлалт либерал үзэлтнүүд биш юм. Зарим нь Трампын удирдлаган дор намынхаа чиг хандлагатай санал нийлдэггүй байсан Бүгд найрамдах намынхан гэж Лесперанс хэлж байв. Түүнд хандсан нэг хос бол Обама болон Бушийн засаг захиргааны үед ажиллаж байсан төрийн албан хаагчид бөгөөд Трамп саяхан Вашингтоноос "хүнд сурталтнуудыг" хөөнө хэмээн амласанд санаа зовж, хавчигдахад хүрч магадгүй гэж болгоомжилсон хүмүүс байсан гэж ярив.

Энэ бүхэн тус улсын хувьд юу вэ гэдэг нь бүрэн тодорхойгүй байна. Эдгээр фирмүүдийн үйлчлүүлэгчдийн цөөхөн нь АНУ-ыг орхисон бол ихэнх нь үүнийг аюулгүй байдлын баталгаа гэж үзэн худалдан авсан ч үргэлжлүүлэн АНУ-д амьдарсаар байна. Энэ хандлага нь ардчилсан институци улам суларч, иргэд эх орондоо итгэх итгэлээ алдаж байгааг харуулж байна гэж зарим зөвлөхүүд үзэж байгаа юм. .

Коннектикут эсвэл Калифорниас ирсэн эсэхээс үл хамааран хандаж буй хүмүүст сандрал түгшүүр ажиглагдаж байна. Тэд буудуулах вий гэж айгаад сандарч байна уу, эсвэл Африк гаралтай Америк тул тэдэнд ямар нэг зүйл тохиолдох вий гэж түгшиж байна уу, эсвэл ямар нэг иргэний дайн болно гэж бодоод байна уу, юутай ч тэд түгшиж сандарч байна” гэж Эрик Майжор мөн ярьсан байна.

"Америк өөртөө итгэлтэй гэдгээрээ алдартай ч, одоо үнэхээр тийм биш байна." гэж мөн нэмж дурджээ.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн