Трамп, цагаачдын АНУ-ын банкны системд нэвтрэх боломжийг хязгаарлахыг зорьж байна

Тавдугаар сарын 19-нд Трамп, “АНУ-ын санхүүгийн системийн бүрэн бүтэн байдлыг сэргээх тухай” зарлигт гарын үсэг зуржээ. Энэхүү баримт бичиг нь банкуудад харилцагчийн санхүүгийн эрсдэлийг үнэлэхдээ цагаачлалын статусыг нь харгалзан үзэхийг үүрэг болгосон талаар Time мэдээлсэн байна.
Уг зарлигаар, АНУ-ын Сангийн яам болон холбооны зохицуулагч байгууллагуудад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, хүн худалдаалах зэрэг эрсдэлтэй байж болзошгүй харилцагчдыг илрүүлэх зорилготой, 1970 оны Банкны нууцын тухай хуульд үндэслэсэн зөвлөмж боловсруулахыг даалгажээ.
Мөн засаг захиргааны үзэж буйгаар, гадаадын консулын үнэмлэхүүд АНУ-ын санхүүгийн системд эрсдэл үүсгэж болзошгүй тул шинэ журамд үүнийг тусгах ёстой гэж зарлигт дурджээ. Уг баримт бичигт сэжигтэй үйл ажиллагааны “улаан дохио” буюу нийтлэг шинжүүдийг жагсаасан байна. Үүнд:
- Бэлэн мөнгө ойр ойрхон их хэмжээгээр авах,
- Дансны жинхэнэ эзэмшигчийг нуух зорилгоор хуурамч компани ашиглах,
- Албан бус цалингийн төлбөр хийх тодорхой платформ ашиглах зэрэг оржээ.
Мөн банкны данс нээх эсвэл зарим санхүүгийн үйлдэл хийхдээ, Нийгмийн даатгалын дугаар (SSN)-ын оронд ITIN буюу татвар төлөгчийн хувийн дугаар ашиглахыг эрсдэлийн шинж тэмдэг гэж үзэхээр тусгажээ. ITIN дугаарыг АНУ-д татвар төлөх зорилгоор цагаачлалын статусаас үл хамааран хүн бүр авах боломжтой байдаг байна.
Эдгээр арга хэмжээ нь, ялангуяа бичиг баримтгүй цагаачдад санхүүгийн үйлчилгээ авахад хүндрэл учруулж болзошгүй бөгөөд хууль ёсны гүйлгээ хийж байсан ч шалгалт, хяналт нэмэгдэх эрсдэлтэй аж.
Трампын засаг захиргаа хууль ёсны болон хууль бус цагаачлалд тавих хяналтаа эрчимжүүлсээр байгаа бөгөөд олноор нь саатуулах, албадан гаргах ажиллагаа явуулах, виз болон иргэншлийн өргөдлийн шалгалтыг чангатгах, цагаачдын төрийн үйлчилгээ авах боломжийг хязгаарлах бодлого хэрэгжүүлж байна.
АНУ-ын Сангийн яам өнгөрсөн арваннэгдүгээр сард зарим татварын буцаан олголтыг “холбооны нийгмийн халамжийн төлбөр” ангилалд шилжүүлэхээр төлөвлөж байгаагаа зарласан. Ингэснээр АНУ-д татварын тайлан гаргадаг зарим иргэн бус хүмүүсийн хөнгөлөлт авах боломж хязгаарлагдаж магадгүй байна.
Цагаан ордон, энэхүү зарлигаа үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хууль бус үйл ажиллагаатай тэмцэх, өндөр эрсдэлтэй зээлдэгчдэд зээл олгохыг хязгаарлах зорилготой гэж тайлбарлажээ. Засаг захиргааны үзэж буйгаар, ийм зээлийн эрсдэлийн зардлыг эцэст нь Америкийн татвар төлөгчид үүрдэг аж.
Мөн Цагаан ордон, харилцагчийг таних сул журам нь, террористууд, хар тамхины бүлэглэлүүд болон бусад гэмт хэргийн сүлжээнд АНУ-ын санхүүгийн байгууллагыг ашиглан хууль бус мөнгө шилжүүлэх боломж олгож байсан гэж мэдэгдэв. Үүнд China-тай холбоотой мөнгө угаалтын схемүүдийг жишээ болгон дурдсан байна.
Цагаан ордон, зарим банкууд хууль бус цагаачдад ипотекийн зээл, кредит карт болон бусад зээл олгож байсан, мөн ажил олгогчид ийм ажилчдад бага цалин олгодог байсан гэж буруутгажээ. Тэдний үзэж буйгаар үүнтэй холбоотой зардал нь, банкны шимтгэл болон зээлийн хүү өсөх хэлбэрээр хэрэглэгчдэд шилждэг байна.
Гэхдээ эдгээр хүчин зүйлс банкны шимтгэл, хүүгийн өсөлтөд яг хэр хэмжээгээр нөлөөлж байгаа нь тодорхой бус хэвээр байна. Эдийн засагчид ихэвчлэн, суурь хүү, инфляци, банкуудын санхүүжилтийн өртөг, зээлдэгчийн зээлийн түүх зэрэг хүчин зүйлсийг гол нөлөөтэй гэж үздэг.
Urban Institute-ийн судалгаагаар ITIN ашигласан харилцагчдад ойролцоогоор 5–6 мянган ипотекийн зээл олгогдсон байна. Банкууд ерөнхийдөө ийм төрлийн зээлдэгчдэд болгоомжтой ханддаг бөгөөд Fannie Mae болон Freddie Mac зэрэг байгууллагууд ITIN дээр суурилсан ипотекийн зээлийг даатгах, дэмжих сонирхол багатай байдаг аж. Эдгээр хоёр байгууллага нь, АНУ-ын орон сууцны зах зээлд чухал үүрэгтэй төрийн хяналттай ипотекийн корпорациуд бөгөөд банкуудаас ипотекийн зээл худалдан авч, багцлан үнэт цаас болгон хөрөнгө оруулагчдад зардаг системээр ажилладаг.
Мөн уг зарлиг нь, Сангийн яаманд Банкны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах боломжийг судлах даалгавар өгсөн. Ингэснээр банкууд харилцагчийн цагаачлалын статус, ажиллах зөвшөөрөл зэрэг мэдээллийг цуглуулах ажиллагааг хялбарчлах боломжтой болох аж. Өмнө нь засаг захиргаа, банкуудад шинэ болон одоо байгаа бүх харилцагчийн иргэншлийн мэдээллийг цуглуулахыг шаардсан илүү хатуу санаачилга хэлэлцэж байсан ч, санхүүгийн салбарынхан үүнийг маш их зардалтай, хүндрэлтэй гэж эсэргүүцэж байсан аж.
Шүүмжлэгчдийн үзэж буйгаар, ийм журам хэрэгжвэл, паспорт зэрэг иргэншлээ батлах баримт бичиггүй ахмад настан, бага орлоготой өрхүүд, хөдөө орон нутгийн иргэд илүү их хохирч магадгүй, тиймээс банкууд олноороо харилцагчдад үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрсдэлтэй байгаа аж. Мөн ийм шаардлага нь, хүмүүсийг албан ёсны банкны системээс гарч, зохицуулалтгүй санхүүгийн сувгийг ашиглахад хүргэж болзошгүй гэж үзэж байна.
Тавдугаар сарын 19-нд гарын үсэг зурсан уг зарлиг нь, өмнөх илүү хатуу санаачилгуудаас хэсэгчлэн ухарсан алхам гэж ажиглагчид үзсэн бөгөөд үүнээс өмнө Трампын засаг захиргаа АНУ-ын томоохон банкуудад “улс төрийн шалтгаанаар банкны үйлчилгээ хаах” асуудлаар дарамт үзүүлж байсан юм. Donald Trump 2021 оны нэгдүгээр сарын 6-ны Капитолийн үймээний дараа өөрийн дансыг хаасантай холбоотойгоор, JPMorgan Chase болон тус банкны удирдлагын эсрэг 5 тэрбум долларын нэхэмжлэл гаргаж байсан. Харин банк, 2026 оны нэгдүгээр сард мэдэгдэхдээ дансыг улс төр, шашны шалтгаанаар бус зөвхөн хууль эрх зүйн болон зохицуулалтын эрсдэлийн үндсэн дээр хаадаг гэж тайлбарлаж байжээ.
Үүний зэрэгцээ Цагаан ордон, уламжлалт банкны системээс гадуурх компаниудад ашигтай дерегуляцийн бодлогыг дэмжиж, криптовалютыг ил тод дэмжсээр байна. Трамп өмнө нь, АНУ-ыг “дэлхийн криптовалютын нийслэл” болгох хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан юм.








