Цагаан ордон түр хамгаалалтын статустай цагаачдад, байнгын оршин суух эрхээ авах эсвэл эх орондоо буцах гэсэн хоёр сонголт өглөө

АНУ-д түр хамгаалалтын статус (TPS болон түүнтэй төстэй хөтөлбөрүүд)-аар оршин сууж буй цагаачид байнгын оршин суух эрхээ (Green Card) авах, эсвэл эх орондоо буцах ёстой гэж АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны тэргүүн Марквейн Маллин 6-р сарын 28-нд мэдэгдсэн талаар Reuters агентлаг мэдээлжээ.
Маллины энэхүү мэдэгдэл нь, АНУ-ын Дээд шүүх өнгөрсөн долоо хоногт гаргасан шийдвэрийн дараа гарсан юм. Тус шүүхийн шийдвэрээр Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа, Гаити, Сирийн хэдэн зуун мянган иргэнийг албадан гаргахаас хамгаалж байсан хүмүүнлэгийн хамгаалалтын статусыг хүчингүй болгох эрхтэй болсон байна.
Маллин, "Та хууль ёсны баримт бичгээ бүрдүүлээд АНУ-д үлдэнэ, эсвэл бид эх орондоо буцахад тань тусална. Бид танд онгоцны тийзийг тань төлж, эх орондоо очоод амьдралаа шинээр эхлүүлэхэд зориулж ойролцоогоор 2,100 ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Түр хамгаалалтын статус нь, байнгын оршин суух эрх биш гэдгийг шүүхийн шийдвэрүүд ч баталж байна" гэж нэмж хэлсэн байна.
АНУ-ын холбооны хууль тогтоомжийн дагуу дайн, байгалийн гамшиг болон бусад онцгой хүнд нөхцөл байдлаас дүрвэж ирсэн хүмүүст тус улсад тодорхой хугацаагаар оршин суух эрх олгох боломжтой байдаг.
Өмнө нь энэхүү статусыг удаа дараа сунгаж ирсэн. АНУ-ын Төрийн департамент, одоог хүртэл Гаити болон Сири рүү зорчих нь аюултай хэвээр хэмээн анхааруулсаар байдаг.
АНУ 2010 онд болсон аймшигт газар хөдлөлтийн дараа Гаитийн иргэдэд, харин 2012 онд иргэний дайн эхэлсний дараа Сирийн иргэдэд анх удаа түр хамгаалалтын статус олгож байжээ.
Гэхдээ ийм маягийн олноор нь албадан гаргах төлөвлөгөө эсэргүүцэлтэй тулгарч байна
Олон мянган хүнийг албадан гаргах төлөвлөгөө нь, Бүгд найрамдах намын зарим гишүүдийн дунд ч эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм.
Охайо мужийн амбан захирагч Майк Девайн, 6-р сарын 28-нд CNN-д өгсөн ярилцлагадаа, гаитичуудыг албадан гаргавал мужийн эдийн засагт хүнд цохилт болж, ялангуяа эрүүл мэндийн салбарт ажиллах хүчний хомсдол үүснэ гэж мэдэгдсэн бөгөөд "Ихэнх тохиолдолд Альцгеймерийн өвчтэй настнуудыг асарч, асрамжийн газарт байгаа өндөр настнуудыг халамжилж байгаа хүмүүс бол гаитичууд юм. Тиймээс тэднийг бүгдийг нь албадан гаргана гэж ярих нь өөрсдийн ашиг сонирхлын эсрэг үйлдэл болно" хэмээн онцолжээ. .
2024 оны сонгуулийн кампанит ажлын үеэр Ерөнхийлөгч Трамп, Охайод амьдарч буй гаитичууд гэрийн тэжээвэр амьтад иддэг хэмээн ямар ч нотолгоогүйгээр мэдэгдэж байсан. Гэвч АНУ-ын Дээд шүүхийн консерватив олонх, гаитичуудын гаргасан нэхэмжлэл захиргааны шийдвэрийг арьс өнгөөр ялгаварласан гэдгийг нотолж чадах магадлал бага гэж үзсэн байдаг.
Харин Гаитийн цагаачид, Охайо мужийн үйлдвэржилт буурсны улмаас эдийн засгийн уналтад орсон зарим бүс нутгийг сэргээхэд чухал хувь нэмэр оруулсан бөгөөд тэдний ачаар цалин нэмэгдэж, ажлын байрны тоо өссөн гэж үздэг.








