АНУ-ын 250 жилийн ойд зориулсан үзэсгэлэн Вашингтонд нээгдэж, харин найман муж оролцохоос татгалзав

2026 оны зургаадугаар сарын 25-нд Вашингтон хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өргөн чөлөөнд (National Mall) АНУ тусгаар тогтносны 250 жилийн ойд зориулсан Great American State Fair үзэсгэлэн, яармаг албан ёсоор нээлтээ хийжээ. Энэхүү арга хэмжээ нь, ойн баярын хамгийн том, гол үйл ажиллагааны нэгээр төлөвлөгдөж байсан ч, бүх муж оролцсонгүй гэж The Philadelphia Inquirer мэдээлжээ.
Үзэсгэлэн нь, үзэсгэлэн, наадам, боловсролын арга хэмжээг хослуулсан хэлбэртэй, зочдод интерактив үзүүлэн, соёлын хөтөлбөр, мужуудын түүх, аялал жуулчлал, эдийн засгийг танилцуулсан павильонуудаар үйлчилэх юм.
Анх төлөвлөснөөр, АНУ-ын бүх муж, нутаг дэвсгэр тус бүр өөрийн павильонтой оролцож, түүх, соёл, аялал жуулчлал, эдийн засгийн онцлогоо танилцуулах ёстой байв.
Ихэнх мужууд арга хэмжээнд идэвхтэй оролцож, төлөөлөгчид, аялал жуулчлалын байгууллагын ажилтнуудаа илгээж, төрөл бүрийн үзэсгэлэн бэлтгэсэн байна.
Онцлох үзүүлэнгүүдийн хувьд, Нью-Жерси мужийн Кейп-Мэй тойрог, дөрвөн хоногийн турш бүтээсэн 8 тонн жинтэй элсэн барималаа үзүүлж байна. Тойргийн захирагч Кевин Лэйрийн хэлснээр, уг бүтээлд сүүлийн хэдэн долоо хоногт аялал жуулчлалын төсвөөс 150 мянга гаруй ам.доллар зарцуулсан байна. Тэрээр: "Ийм боломж 250 жилд ганц л удаа тохиодог. Бид жил бүр ийм хэмжээний арга хэмжээ зохион байгуулдаггүй. Энэ бол манай улсын баяр. Манай комиссаруудын зөвлөл, бид дэлхийн хамгийн агуу улсад амьдарч байна гэж үздэг бөгөөд энэ арга хэмжээний нэг хэсэг болж байгаадаа баяртай байна" гэжээ.
Харин Техас муж, сансрын судалгааны сэдэвтэй павильон байгуулж, Аламо цайзын загвар болон алдарт Austin City Limits хөгжмийн төслийг танилцуулжээ.
Делавэр муж, тусгаар тогтнолын төлөөх шийдвэрлэх санал хураалтад оролцохоор Филадельфи рүү мордсон Цезарь Роднигийн түүхийг онцолсон байна.
Найман муж яагаад оролцсонгүй вэ?
Үзэсгэлэн нь зөвхөн соёлын арга хэмжээ бус улс төрийн маргааны сэдэв болоод байна.
Арга хэмжээг Freedom 250 байгууллага зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь, Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилгуудтай нягт холбоотой гэж үзэж байгаа юм. Үүний улмаас ихэнх нь Ардчилсан намын удирдлагатай дараах найман муж оролцохоос татгалзжээ.
Пенсильвани
Коннектикут
Иллинойс
Мэйн
Массачусетс
Хойд Каролина
Орегон
Вашингтон муж
Пенсильвани муж павильон байгуулахаас татгалзав
250 жилийн өмнө Америкийн төрт ёсны үндэс тавигдсан Пенсильвани муж үзэсгэлэнгийн 16 хоногийн турш ажиллах павильоныг санхүүжүүлэхгүй байхаар урьдчилан шийдвэрлэсэн байна. Гэсэн хэдий ч, мужийн захирагч Жош Шапирогийн ажлын алба үзэсгэлэнг зохион байгуулж буй Freedom 250 байгууллагыг Пенсильвани мужийг төлөөлөн оролцох боломжтой компани, байгууллагуудтай холбохыг оролдсоор байсан талаар холбооны болон мужийн түвшний эх сурвалжууд мэдээлжээ.
Пенсильвани мужийн Эдийн засаг, олон нийтийн хөгжлийн газар мэдэгдэлдээ, "Татвар төлөгчдөд учрах санхүүгийн ачаалал өндөр байгаа бөгөөд павильоныг ивээн тэтгэхэд бэлэн Пенсильванийн компани олдоогүй тул муж Great American State Fair үзэсгэлэнд оролцохгүй" гэжээ.
Үзэсгэлэнгийн интерактив газрын зураг дээр Пенсильвани мужийн павильон байх ёстой хэсэгт зөвхөн "250" гэсэн бичигтэй туг байрлуулж, тухайн талбайг олон нийтэд хаан, үзэсгэлэнгийн ажилтнуудын хэрэгцээнд ашиглаж байна.
Мөн 250 жилийн ойн арга хэмжээнд улс төрийн нөлөө нэмэгдэж байна.
Дональд Трампын оролцоо АНУ-ын 250 жилийн ойтой холбоотой арга хэмжээнүүдэд улам их нөлөөлөх болсон байна.
Ерөнхийлөгч долдугаар сарын 4-ний Үндэсний баярын уламжлалт салютын үеэр, Вашингтон хотод улс төрийн цуглаан хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнийг зарим уран бүтээлчид улс төрийн өнгө аястай гэж үзэн оролцохоос татгалзжээ.
Харин Freedom 250 байгууллагын төлөөлөгч Рэйчел Рейснер энэ сарын эхээр, "Freedom 250 бол, нам бус байгууллага бөгөөд улс төрийн өөр өөр үзэл баримтлалтай мужуудтай хамтран ажиллаж ирсэн туршлага маань үүнийг батална" хэмээн мэдэгдсэн байна.








