АНУ гадаадын иргэдийг бүртгэх журмыг эцэслэн баталлаа

АНУ гадаадын иргэдийг бүртгэх журмыг эцэслэн баталлаа
АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яам (DHS), АНУ-д оршин суугаа гадаадын иргэдийн бүртгэлийн шинэ журмыг албан ёсоор эцэслэн баталлаа. Шинэ журмыг Fragomen хуулийн фирм нийтэлжээ.
Энэхүү журам нь голчлон дараах хүмүүст хамаарна.
- цагаачлалын шалгалт дамжилгүйгээр АНУ-д нэвтэрсэн хүмүүс;
- Канадын иргэд визгүйгээр хуурай газрын хилээр орж, I-94 маягт аваагүй бол;
- АНУ-д 30-аас дээш хоног байх бөгөөд 14 нас хүрч буй гадаадын хүүхдүүд.
Эцэслэн баталсан журам нь, өмнөх бүртгэлийн шаардлагыг өөрчлөхгүй бөгөөд хамрагдах хүмүүсийн хүрээг ч нэмэгдүүлээгүй. Харин түр журамд байсан зарим заалтыг тодруулж, найдвартай зорчих (Trusted Traveler Programs) хөтөлбөрөөр нэвтэрсэн хүмүүсийг бүртгэлээс чөлөөлөх зэрэг тодорхой өөрчлөлт оруулжээ.
Гол өөрчлөлт:
Дотоод аюулгүй байдлын яам, 2025 оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн онлайн бүртгэлийн шаардлагыг албан ёсоор байнгын журам болголоо.
Өмнө нь зохих ёсоор холбооны бүртгэлд бүртгэгдээгүй гэж тооцогддог зарим гадаадын иргэд:
- онлайнаар бүртгүүлэх,
- биометрийн мэдээллээ өгөх,
- шаардлагатай шалгалтад хамрагдах үүрэгтэй хэвээр байна.
Энэ журам шинэ үүрэг бий болгоогүй бөгөөд өмнөх шаардлагуудыг зөвхөн албан ёсоор баталгаажуулсан юм.
Хэн дахин бүртгүүлэх шаардлагагүй вэ?
Дараах хүмүүс ерөнхийдөө дахин бүртгүүлэх шаардлагагүй.
- визээр орсон хүмүүс;
- I-94 маягт авсан хүмүүс;
- хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл (EAD)-тэй хүмүүс;
- грин карт эзэмшигчид;
- бүртгэл баталгаажуулсан бусад цагаачлалын баримт бичигтэй хүмүүс;
- статусаа өөрчлөх болон бусад холбогдох өргөдөл гаргасан хүмүүс;
- одоогийн оршин суух хугацаандаа өмнө нь онлайн бүртгэл хийлгэсэн хүмүүс.
Харин өмнө нь бүртгэлтэй байсан ч, АНУ-д 30-аас дээш хоног байх 14 нас хүрсэн хүүхэд 30 хоногийн дотор дахин бүртгүүлэх ёстой.
Гадаадын иргэдийн бүртгэл
АНУ-ын хууль тогтоомжийн дагуу тус улсад байгаа бүх гадаадын иргэд холбооны бүртгэлд бүртгэлтэй байх ёстой.
Ихэнх тохиолдолд энэ нь автоматаар хийгддэг. Жишээлбэл:
- виз авах үед,
- хурууны хээ өгсөн үед,
- I-94, грин карт, ажиллах зөвшөөрөл зэрэг баримт бичиг авсан үед.
Харин визгүйгээр орж, I-94 аваагүй хүмүүс 30-аас дээш хоног үлдвэл бүртгүүлэх үүрэгтэй.
2025 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү бүртгэлийн шаардлагыг хатуу мөрдүүлэх тухай зарлиг гаргасан бөгөөд гуравдугаар сард DHS түр журам гарган G-325R онлайн маягтыг нэвтрүүлжээ.
G-325R маягтыг хэн бөглөх вэ?
Дараах хүмүүс энэ маягтаар бүртгүүлж, хурууны хээ өгөх ёстой.
- визгүйгээр хуурай газрын хилээр орж I-94 аваагүй, 30-аас дээш хоног АНУ-д байх Канадын иргэд;
- 14 нас хүрсэн бөгөөд 30-аас дээш хоног АНУ-д үлдэх гадаадын хүүхдүүд;
- цагаачлалын шалгалтгүйгээр АНУ-д орсон бөгөөд холбооны бүртгэлд бүртгэлгүй гэж тооцогддог хүмүүс.
Эцэслэн баталсан журамд орсон шинэ тодруулгууд
- Trusted Traveler Programs
Дараах хөтөлбөрөөр нэвтэрсэн хүмүүс автоматаар бүртгэлтэйд тооцогдоно.
- Global Entry
- NEXUS
- SENTRI
- FAST
2. 14 нас хүрсэн хүүхдүүд
Бүртгэлд хамрагдах хүүхдүүд 14 нас хүрснээс хойш 30 хоногийн дотор дахин бүртгүүлэх ёстой.
Грин карттай хүүхдүүд энэ шаардлагыг I-90 маягтаар картаа солих хүсэлт гаргаснаар биелүүлсэнд тооцогдох бөгөөд тусдаа G-325R бөглөх шаардлагагүй.
3. Канадын иргэд
Канадын иргэд аяллаасаа өмнө I-94 маягтаа урьдчилан авч болно.
Хэрэв АНУ-д орохоосоо өмнө I-94 авсан бол G-325R бөглөх шаардлагагүй. Харин I-94 аваагүй бөгөөд 30-аас дээш хоног үлдэх бол бүртгүүлэх ёстой.
Цаашид ямар өөрчлөлт санал болгож байна вэ?
DHS нэмэлт өөрчлөлтийн төслийг олон нийтийн хэлэлцүүлэгт оруулсан бөгөөд 2026 оны 8-р сарын 28 хүртэл санал авч байна.
Санал болгож буй өөрчлөлтүүдэд:
- I-90, I-539, I-589, I-751, I-829, I-821, I-914, I-918 зэрэг олон төрлийн өргөдлийг бүртгэлийн нотолгоо гэж үзэх;
- ажиллах зөвшөөрлийг (EAD) бүртгэлийн баримт бичгийн жагсаалтаас хасах боломжийг судлах;
- I-485 зэрэг өргөдөл гаргасан боловч бүртгэлийн баримтгүй хүмүүст тусгай бүртгэлийн баримт олгох эсвэл биометрийн цаг товлосон мэдэгдлийг бүртгэлийн нотолгоо гэж үзэх;
- визгүй зорчих хөтөлбөрт хамрагддаг улс орнуудын иргэд болон Канадын иргэдийг тодорхой нөхцөлд хурууны хээ өгөхөөс чөлөөлөх зэрэг багтаж байна.
Эцэслэн баталсан журам шинэ үүрэг нэмээгүй. Өмнө нь бүртгэлтэйд тооцогдож байсан хүмүүс нэмэлт арга хэмжээ авах шаардлагагүй. Гэхдээ анх бүртгүүлсний дараа 14 нас хүрсэн хүүхдүүд дахин бүртгүүлэх үүрэгтэй хэвээр байна.
АНУ-д 30-аас дээш хоног байхаар төлөвлөж байгаа хүмүүс, бүртгэлийн шаардлагыг урьдчилан сайтар судалж, шаардлагатай бол цагаачлалын хуульчаас зөвлөгөө авахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Харин бүртгүүлэх үүрэгтэй мөртлөө бүртгүүлээгүй хүмүүс учирч болох эрсдэлээ үнэлж, цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатайгаа тодорхойлох нь зүйтэй.








